ААН-үүдэд буцалтгүй тусламж олгох төслийн хоёр дахь шат эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

Монгол Улсын уул уурхайн бус салбарын жижиг дунд аж ахуйн нэгж, кластеруудын экспортын чадавхийг сайжруулах, экспортын зах зээлээ тэлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Экспортыг дэмжих төсөл”-ийн Түншлэлийн хөтөлбөрийн энэ оны хоёрдугаар цонх нээгдээд байна.  “Түншлэлийн хөтөлбөр 2.0”-ийн талаар цахим уулзалт өнөөдөр /2021.07.02/  болж байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд "Экспортыг дэмжих төсөл" нь 2023 оныг дуустал хэрэгжих бөгөөд төслийн үр дүнд уул уурхайн бус экспорт, тэр дундаа нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, нэг улсаас хараат экспортын төвлөрлийг сарниулах зорилготой.

Уг төслийн Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд дээр дурдсан зорилгыг хангахуйц, тодорхой шалгуур хангасан, экспортлогчдын төсөл, материалд үндэслэн буцалтгүй тусламж олгож байна.

Түншлэлийн хөтөлбөр нь хоёр үе шаттай явагдах бөгөөд шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, тэдгээрийн экспортын баримжаатай үйл ажиллагааны зардлын 50%-ийг батлагдсан ажил амжилттай хэрэгжсэнээр нөхөн олговор хэлбэрээр, нэг ахуйн нэгж байгууллагад 150,000,000 (нэг зуун тавин сая), кластерт 300,000,000 (гурван зуун сая) хүртэлх төгрөгийн санхүүгийн буцалтгүй дэмжлэгийг олгоно.

Түншлэлийн хөтөлбөр 2023 оныг дуустал нийт есөн удаа өргөдөл хүлээн авах бөгөөд хоёр дахь удаагийн өргөдлийн материалуудыг 2021 оны долоодугаар сарын 30-ны 18 цаг хүртэл хүлээн авах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top