“Засгийн газар дотоодын зах зээл дээр богино, дунд, урт хугацаатай бондууд гаргах хэрэгтэй”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 05

Засгийн газраас олон улсын зах зээлд “Century” бонд гаргаж,  энэ жил болон ирэх жил эргэн төлөгдөх байсан “Чингис”, “Гэрэгэ” бондуудын 1 тэрбум ам.долларын өрийг дахин санхүүжүүлээд байгаа. Олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс  манай улсын бондыг сонирхох сонирхол нэмэгдсэн нь юутай холбоотой вэ гэдэгт СЗХ-ны дарга Д.Баярсайхан дараах хариултыг өгч байна.

-Олон хүчин зүйлс нөлөөлсөн. Ялангуяа УИХ-аас баталсан Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хүрээнд өрийн удирдлагыг сайн хэрэгжүүлж, төсвийн сахилга батыг чанд сайн сахиж байгаа нь томоохон нөлөө үзүүлсэн гэж харж байна. Хамгийн гол нь Сангийн яамнаас сүүлийн жилүүдэд Investor relation буюу хөрөнгө оруулагчидтайгаа харилцах харилцаагаа маш ихээр идэвхжүүлж, тогтмол мэдээлэл хүргүүлж, хамтран ажилласан нь сая шинээр гаргасан бондод худалдан авахаар ирүүлсэн саналаас харж болохоор байна. Нийт 1 тэрбум ам.долларын бондод 6.4 тэрбум ам.долларын санал буюу захиалга 6.4 дахин давсан байна. Нэмж хэлэхэд гадны хөрөнгө оруулагчид манай улсын талаар мэдээлэл сайтай, өөдрөг хүлээлттэй байгаа нь дотоодын зах зээлийг сонирхох хандлага нэмэгдсэн гэж хэлж болохоор байна. Иймд, Засгийн газраас дотоодын зах зээл дээр богино, дунд, урт хугацаатай бондуудыг гаргаж, төгрөгийн өгөөжийн муруйг бий болгох шаардлагатай байгаа юм. Ингэснээр гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулахад шаардлагатай төгрөгийн бенчмаркийг үүсгэх юм” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top