Хөрөнгийн зах зээлийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар Санхүүгийн зохицуулах хорооноос дараах мэдээллийг өгч байна.
"Сүүлийн үед хөрөнгийн зах зээл идэвхжиж олон шинэ бүтээгдэхүүн гарлаа. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна. Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн оноос хойш хөрөнгийн зах зээлийг тэлэх, хөгжүүлэхэд чухал шаардлагатай бүхий л хууль тогтоомж, зохицуулалтыг олон улсын жишиг, өөрийн орны онцлогт нийцүүлэн шинэчилж, үнэт цаас гаргах, бүртгүүлэх үйл ажиллагааг түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.
Хэдийгээр дэлхий нийтээр цар тахалтай, эдийн засгийн хувьд тодорхойгүй олон зүйлс байгаа ч манай улсын хөрөнгийн зах зээл өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад маш их идэвхжиж байна.
Цөөхөн хэдэн жишээ татахад, зах зээлийн үнэлгээ 3.7 их наяд төгрөг болж, ДНБ-ий 10 хувьд хүрсэн нь түүхэн дээд хэмжээ боллоо. Мөн үнэт цаасны арилжааны хувьд 2020 онд нийт 65.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн бол он гарснаас хойш буюу нэгдүгээр сарын 01-нээс зургаадугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 634.7 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.9 дахин өссөн үзүүлэлт бол өнгөрсөн оны нийт арилжааны дүнтэй харьцуулахад үндсэндээ 10 дахин өссөн үзүүлэлт юм.
Түүнчлэн анх удаа хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдаж, хөрөнгийн биржээр нээлттэй, олон нийтэд хөрөнгө оруулалтын хэрэгслээ арилжаалж эхэлсэн бол Банкны тухай хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан системийн нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болж хувьцаагаа хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалахаар болсон. Мөн гадаад улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд манай улсын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлэх эрх зүйн орчныг сайжруулсантай холбоотойгоор дахин нэг компани давхар бүртгүүлж, зах зээл дээр гарч байгаа зэргээс харахад хөрөнгийн зах зээл цаашид улам эрчимтэй өсөж, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадвар нэмэгдэх зэрэг олон эерэг үр дүн гарах өндөр хүлээлттэй байна" гэв.
Сэтгэгдэл ( 0 )