Гарааны бизнес, энтрепренершипийн бүрэн хэмжээний үндэсний цуврал контент ”ROCKIT”-ийг “Эрхэт Монгол” групп, “Стартап Маркетинг Спэйс” хамтран бүтээж байгаа билээ.
ТВ8 телевизээр бямба гараг бүр үзэгчдэд хүрдэг уг контент нь: Бизнес санаагаа бодитоор хэрэгжүүлж амжилттай яваа эрхмүүдийн түүх, Шинэхэн бизнестээ хөрөнгө оруулалт хүсэж хамтрагчаа хайсан залуус, Хөгжлийн гарц шийдэл эрэлхийлсэн ярилцлага, Инновацид суурилсан техник технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэдэг юм.
”ROCKIT”-ийн шинэ дугаарын ТЭГЭЭС ТЭРБУМ РУУ БУЛАНД: “ONEFIT”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Хатанбүүвэй оролцсон байна. Тэрбээр өөрийнхөө тухай “Шийдэл гаргая, Монголоо хөгжүүлье гэсэн залуу байна” хэмээн товч танилцуулсан. Харин “ONEFIT”-ийн үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзэгчидтэй хуваалцлаа.
Эрүүл мэнддээ анхаарч, бие бялдраа хөгжүүлэхэд хэрэгтэй, амар хялбар шийдлүүд улс орнуудад байдаг. Харин манай Монголд тэр бүхэн хязгаартай байсан. Нэг газар очоод боди хийлээ, бас нэг газар очоод бассейнд сэллээ гэхэд тэр болгонд тус тусдаа төлбөр төлдөг. Зарим төв нь бассейнгүй, иогад явъя гэхээр мөн л тусдаа төлбөр төлдөг.Жишээ нь, би нэг газар гүйчихээд, бассейнд сэлье гэхээр өөр газарт очоод дахиад л төлбөр төлөх шаардлагатай болдог. Ерөнхийдөө бидний хэдэн найз нөхдийн хувийн жишээн дээр аваад үзэхэд ийм асуудлууд байсан. Тиймээс бид хэд энэ асуудлыг шийдэх үүднээс ONEFIT аппликейшныг бүтээсэн.
ONEFIT бол шинэ үеийн фитнесийн гишүүнчлэл. Хүссэн үедээ, хүссэн фитнес клуб, бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэн иог, аэробик, бүжиг, бие хамгаалах урлаг, теннис зэргээр хичээллэх боломжтой гэв.
Нэг гишүүнчлэлийн эрхээр Улаанбаатар хотдоо, Монголдоо комплекс үйлчилгээ авах боломжийг олгож байгаа юм. Тухайн хүн эрхээ худалдаж авлаа, эрхийн багцаараа боди хийж болно, сэлж болно, дасгал хийж болно. Бие бялдраа хөгжүүлэхэд хэрэгтэй бүх үйлчилгээг нэг дор хялбараар нэгтгэсэн үйлчилгээ юм. Одоогоор манайхтай адил аппликейшн Монголд байхгүй. Анх АНУ-д бий болсон энэ үйлчилгээ Ази, Европын орнуудад ихээхэн өндөр үнэлгээтэй компани гэж тооцогддог.
АНУ-д Монголоос ялгаатай зүйл нь эрүүл мэнддээ анхаарахад илүү хямд зардалтай байдаг. Сарын 10-15 ам.доллар төлөөд хаана ч хамаагүй комплексыг тэрчигт нь ашиглаж болдог. Монголд бол хязгаартай, бизнесийн нөхцөл, орчин өөр гэлээ.
Түүний дэлгэрэнгүй яриаг дараах бичлэгээс үзнэ үү.
”ROCKIT”-ийн “Стартап Питч" буланд “Уран” брэндийг үүсгэн байгуулагч Б.Намуунцэцэг оролцлоо.
“Хайраа шингээж урласан, Хамгийн нандин бэлэг” болох Уран брэндийг үүсгэн байгуулагч тэрбээр 2017 онд анхны хүүхдээ төрүүлээд, цаашид юу хийх вэ гэдэг эргэлзээтэй цаг мөчтэй тулсан тэр үед бизнес санаагаа олж байснаа танилцуулгынхаа эхэнд тодотгосон юм. Хүн яагаад өөрөө өөрийнхөө зургийг кодлоод, түүгээрээ шигтгээ наамал, хэрээсэн хатгамал хийж болохгүй вэ гэсэн санаан дээрээс үндэслээд бизнес санаагаа олж байсан гэсэн юм. 2018 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрөөс 10 сая төгрөгийн санхүүжилт авснаар миний бизнес эхэлж байсан.
Тэгвэл өнөөдөр бид хэрэглэгчдэдээ үнэ цэнтэй, цор ганц хувь, зөвхөн хэрэглэгчдэдээ зориулагдсан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлсээр байгаа Үндэсний анхдагч үйлдвэр юм. Манайх 2020 оны нэгдүгээр сард өөрсдийн брэнд бүтээгдэхүүний нээлтээ хийсэн. Энэхүү нэрийн бүтээгдэхүүний нээлт маань юунд зориулагдсан бэ гэхээр, Монголчууд маань өөрсдийн төрсөн нутаг болон байгалийн үзэсгэлэнт зургуудаар гэрээ чимэглэх хоббитой байдаг. Энэхүү хоббинд тулгуурлаад, яагаад 21 аймгийн байгалийн үзэсгэлэнг харуулсан зургийг Монголын үндэсний брэнд болгоод, шигтгээ наамал болгоод гаргаж болохгүй юм бэ гэж үзсэн. Хэнтий нутгийнхан Бурхан Халдун уулаа, Увс нутгийнхан Хяргас нуураа, нутаг нутгийн хүмүүс манай бэлэн бүтээгдэхүүн болсон бүтээлүүдээс өөр өөрсдийн нутгийн байгалийн сайхныг харж болно. Бидний бизнес дахиад ямар хэлбэрээр өргөжиж болох вэ гэдэг дээр зах зээлийн судалгаа авахад, 860 эмэгтэй холбогдсон гэлээ. Б.Намуунцэцэгийн сонирхолтой танилцуулгын үргэлжлэлийг ”ROCKIT” нэвтрүүлгээс үзээрэй.
Нэвтрүүлгийн "Бодлогын Зочин" ярилцлагын буланд УИХ-ын гишүүн Ч.Ундрам оролцож, “Асуудал, Шийдэл, Үр дүн” сэдвийн хүрээнд ярилцсан байна.
Их сургуульд бодлогын түвшинд ажиллаж байхад сургуулиа, боловсролын салбараа хэрхэн сайжруулах вэ гэдэгт ухаан бодлоо зориулан ажиллаж байсан. Сургалт, судалгааны чанараа хэрхэн сайжруулах вэ, багш нарынхаа цалинг хэрхэн нэмэгдүүлэх вэ. Санхүүгийн төлөвлөлтийг хэрхэн хийх вэ, ямар зүйлд хөрөнгө оруулах вэ гэх зэрэг зүйлсэд анхаарч, ажиллаж байсан бол одоо УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсын бүхий л салбарт анхаарч, ажилаж байна. Зөвхөн боловсролын салбар гэлтгүй, ковидтой холбоотойгоор эрүүл мэндийн салбараас авахууд ХАА, мэдээллийн технологи гээд бүх салбар руу орж ажиллаж буйгаа тэрбээр ярилцлагынхаа эхэнд хэллээ. Хууль болгоны үзэл баримтлалаас авахуулаад судалгааны материалууд, тухай хуулийг баталсны дараа гарах үр нөлөө нь юу вэ гэдгийг олон талаас нь сайн судлах, салбарын хамт олонтой зөвлөлдөх, өөрөө ч гэсэн сайн бодох, тунгааж байж хууль батлах үйл явцад оролцохгүй бол болохгүй гэлээ.
Түүний ярилцлагаас онцлох ЭШЛЭЛҮҮД
Түүний дэлгэрэнгүй ярилцлагыг дараах бичлэгээс үзнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )