Дэлхийн банк: Улаанбаатарын авто зам, тээврийг хөгжүүлэхэд 100 сая ам.долларын зээл олгоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 09

Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөлөөс Монгол Улсын нийслэл хотын тогтвортой зам, тээврийн цогц тогтолцоо бий болгох, түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй зам, тээврийн коридорыг бий болгох зорилго бүхий “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр”  төслийг дэмжихэд зориулагдах 100 сая ам. долларын зээлийг баталлаа.

Хурдацтай хотжилтоос шалтгаалан, тус улсын нийт хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатарт хотын зам, тээврийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Нийслэл хотод өдгөө 1100 км урттай гудамж, замын сүлжээ байгаа нь тархай бөгөөд хоорондоо төдийлөн холбогдоогүй бөгөөд замын хөдөлгөөний удирдлага, замын аюулгүй байдлыг хангах байгууламж хангалтгүй байгаа нь замын хөдөлгөөнд саатал учруулж, зам тээврийн осол гаргахад хүргэж, түгжрэл үүсгэхэд нөлөөлж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ тааруу, гудамж, замууд үер болон бусад байгалийн гамшигт өртөмтгий байгаа нь оршин суугчдын амьжиргаанд нөлөөлж, эмзэг, бага орлоготой иргэдэд илүүтэй хор хохирол учруулж ирсэн. Үүний зэрэгцээ нотолгоонд суурилсан төлөвлөлт, менежмент дутмаг, институцийн чадавхи сул байгаа нь хязгаарлагдмал санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай хуваарилахад саад тотгор болж байна. 

Төсөл нь сонгосон гудамж, замын коридоруудад дэд бүтцийн санхүүжилт хийхээс гадна нийтийн тээврийн илүү сайн нэгдсэн систем бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Үүнд тэргүүлэх ач холбогдол бүхий сонгогдсон коридоруудад гудамж, замыг өөрчлөн зохион байгуулах, шинэчлэх, шинээр барих, мөн нийтийн тээврийн удирдлагын системийг шинэчлэх, автобусны зогсоолуудыг сайжруулах, ухаалаг тээвэр, ухаалаг зогсоолын менежментийн системүүдийг хот даяар суурилуулах ажил багтана. Уг төсөл нь мөн хотын захиргаанд зам, тээврийн төлөвлөлт, менежментийн үр дүнтэй институцийг бий болгоход тус дөхөм үзүүлэх стратегийн судалгаа, чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцлийг сайжруулах нь хотын захиргаа болон Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний зорилт болсон бөгөөд Дэлхийн Банк энэ чиглэлээр өөрийн мэдлэг чадвар, санхүүгийн эх үүсвэрээр дамжуулан дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Микнев хэллээ.

"Төсөл нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, байгалийн гамшгаас үүдэлтэй саад бэрхшээлийг бууруулах замаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний бүх оролцогчдод тэр дундаа явган зорчигч зэрэг замын хөдөлгөөний эмзэг оролцогчдод ашиг тусаа өгөх зорилготой" гэлээ.

"Улаанбаатарын хотын авто зам, тээврийн асуудлыг шийдвэрлэхэд бүх хэрэглэгчдийг зам, тээврийн дэд бүтэц, үйлчилгээгээр тогтвортой байдлаар хангах цогц, урт хугацааны арга зам шаардлагатай" хэмээн Дэлхийн Банкны зам, тээврийн ахлах мэргэжилтэн Ян Чен хэллээ.

Энэхүү төсөл нь Дэлхийн Банк болон Улаанбаатар хотын захиргаанаас сүүлийн зургаан жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажил, техникийн туслалцааны үр дүнд үндэслэн боловсруулсан Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн цогц хөтөлбөрийн суурийг тавих юм.

Улаанбаатар хотын захиргаа уг төслийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг хариуцна. Тус төсөл нь Дэлхийн Банк Группын Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас (ОУСБХБ) бүрэн санхүүжүүлж буй Монгол дахь анхны төсөл болж байна гэж Дэлхийн банкны мэдээлэлд дурджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.24.161) 2021 оны 07 сарын 10

Үхэр монголчуудаар зам тавиулж хөрөнгө үрэх хэрэггүй. Мэрэгжлийн баг урьж ажиллулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хотын Захиргаа ч гурилдана. Замыг гурилдаж таьдаггүй дэлхийн стандартыг мөрдөх ёстой.

0  |  0
Top