ШӨХТГ: “Магнай трейд”, “Шунхлай трейдинг” зэрэг ААН-үүдээс зөрчил илэрлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ. /2021.07.22/

2018-2021 оны шалгалтуудад зөрчил давтагдсан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж буй аж.

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд, хэрэглэгчдээс ирүүлж байгаа гомдол, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллүүдэд үндэслэн  ШӨХТГ, НМХГ, СХЗГ,  ГЕГ, АМГТГ, ИНЕГ зэрэг байгууллагууд хамтран шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Улаанбаатар хотод 28 аж ахуйн нэгжийн 19 агуулах болон 17 шатахуун түгээх станц, 10 вагоноос түүвэрчлэн нийт 76 дээж авчээ. Үүнээс автомашины 32, дизель түлшний 42 дээж авч УУХҮЯ болон ИНЕГ-ын лабораторид шинжилсэн гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлсэн.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард шатахуун импортлогч компаниудаас гомдол гарч байсан. “Роснефть”-ийн шатахуун буюу орж ирж байгаа вагон дээрээс шинжилгээ авахгүй байна. Энэ шинжилгээг заавал авч хамруулж өгөөч ээ, бид дунд нь найруулдаггүй, илүү дутуу юм хольдоггүй, орж ирсэн шатахууныг тэрчигээр нь хэрэглэдэг гэсэн мэдээлэл, хүсэлтийг гаргаж байсан. Тийм учраас энэ удаад арван вагоноос дээж авсан. Өнгөрсөн онд зөвхөн АМГТГ-ын төв лабораторид шинжлүүлж байсан бол энэ удаа ИНЕГ-ын лабораторид мөн давхар шинжлүүлсэн.

Шинжилгээ хийсэн автобензиний 32 дээжээс 13 дээжид хөдөлгүүрийн түлш, этилжүүлээгүй, техникийн шаардлагын стандарт хангаагүй зөрчлүүд гарсан. Тухайлбал, “Жаст Ойл”, “Монсуль”, “Петро стар”, “Магнай трейд”, “Синчи ойл”, “Хөрс авто сервис”, “Аргаль ойл”, “Шунхлай трейдинг,  “Петро Жамп” зэрэг компаниуд зөрчилтэй гарсан гэлээ. Мөн ШТС, агуулахад хийсэн шалгалтуудаар ч дээр нэр дурдагдсан компаниудын заримд нь зөрчлүүд илэрсэн, аж ахуйн нэгжүүдээс авсан дээжүүдийн 76 хувь нь шаардлага хангаагүй  гэлээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.70.44.46) 2021 оны 07 сарын 22

Нөгөө баахан нафта, хөнгөн бензинүүд хаачихав аа

0  |  0
ЗОЧИН(139.5.219.254) 2021 оны 07 сарын 22

МТ ёстой хэрэггүй юм билээ

0  |  0
Top