Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар 14 асуудал хэлэлцэн, шийдвэрлэжээ. Тодруулбал, нэр бүхий Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг сунгаж нэг хоршоонд даатгалын төлөөлөгчийн тусгай зөвшөөрөл олгосон байна.
Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-тэй холбогдуулж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг зориулалтын дагуу ашиглах, зарцуулалтад хяналт тавих, банк бус санхүүгийн салбар /ББСБ/-т өрийн бичиг авах зэргээр аливаа хэлбэрээр байршуулахаас сэргийлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор баталсан “Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх, түүнд хяналт тавих журам”-ын дагуу нэр бүхий компаниудын хаалттай өрийн хэрэгслийг бүртгэжээ.
Мөн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд нэмж дөрвөн компанид, “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд нэмж нэг иргэнд шинээр тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр нийт 216 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, 420 үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэн, 38 хуулийн этгээд тусгай зөвшөөрөл аваад байна гэж СЗХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )