Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2021.08.04) хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн гүйцэтгэсэн ажлын хүлээгдэж байгаа төлбөр болон төслийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах үлдэгдэл санхүүжилтийг 2021 оны гуравдугаар улиралд багтаан шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарт даалгав.
Санхүүжилтийг шийдвэрлэсний үндсэн дээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2022 оны хоёрдугаар улиралд багтаан ашигалтад оруулахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.
Богдхан төмөр замын суурь бүтцийн барилгын ажил гуравдугаар улиралд эхэлнэ
Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтцийн барилгын ажлыг 2021 оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр болов.
Богдхан төмөр замын төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, төслийн бүтээн байгуулалт, төмөр замын суурь бүтцийн барилгын ажилд Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг оролцуулж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг даалгалаа.
Товч мэдээ
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )