“Рио тинто” Оюутолгойн зардлыг хуурамчаар өсгөсөн болохыг хөндлөнгийн шинжээчид тогтоолоо

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 11

Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио тинто”, “Туркойс хилл” компаниудын зүгээс далд уурхайн бүтээн байгуулалтын явцад хөрсний  чулуулгийн хүнд нөхцөл таарч, улмаар эрсдэл үүсэх магадлалтайг  геотехникийн нарийвчилсан судалгаагаар тогтоосон талаар мэдэгдээд байгаа. Улмаар далд уурхайн бүтээн зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшлох тооцоо танилцуулсан.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагчид,  “Оюутолгой” компанийн хүлээн зөвшөөрсөн хөдлөнгийн шинжээчдийн зүгээс зардал, ашиглалтад орох хугацааны тооцооллыг геотехникийн нөхцөл байдлаас үүдээгүй гэж дүгнэсэн байна. Энэ талаар УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгээс мэдээлсэн юм. Хөндлөнгийн шинжээчдийн баг өнгөрсөн гуравдугаар сард томилогдсон бөгөөд өчигдөр дүгнэлтээ Засгийн газрын ажлын хэсэгт ирүүлсэн байна.

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Хөндлөнгийн дүгнэлтээр гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь геологийн бүтцээс шалтгаалаагүй гэж гарсан. Оюутолгойн менежментийн багийн зүгээс өнгөрсөн хугацаанд Оюутолгойн далд уурхайн зардал өссөж, бүтээн байгуулалтын ажил хоёр жилээр сунаж байгаа нь гоетехникийн нөхцөлөөс шалтгаан гэдэг тайлбар өгч ирсэн. Тэгвэл дэлхийн нэр хүндтэй шинжээчдийн баг гүний уурхайн зардал өссөн болон хугацаа хойшилсон явдлыг ямар нэгэн геотехникийн хүндрэлээс шалтгаалаагүй гэдэг дүгнэлт өгсөн байна. Оюултолгойн үр ашгийг сайжруулах яриа хэлэлцээ үргэлжилж байгаа. Энэ дүгнэлт  хэлэлцээг нааштайгаар урагшлуулахад тодорхой хувь нэмэр болно. Бид хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор “Рио тинто”-гийн Монгол дахь захирал Х.Амаржаргал нартай уулзалт хийлээ. Бид хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тайлбар шаардсан. Хоёрдугаарт, далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүлэх шаардлага тавиад байна. Монгол Улсын Засгийн газар далд уурхайн ТЭЗҮ-г хөрөнгө оруулагчдын санал болгосноор батлах боломжгүй. Шинжээчдийн дүгнэлт ингэж гарсан учраас далд уурхайн зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс өмнө нь батлагдсан ТЭЗҮ-ийнхээ дагуу, өнөөдөр зэсийн ханш өндөр байгааг харгалзан, том, жижиг хувьцаа эзэмшигчдээ эрх ашгийг хамгаалах үүднээс далд уурхайн олборлолтоо эхлүүлэх шаардлага  тавилаа” гэв.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Оюутолгойн гол нөөцийг бүрдүүлж байгаа гүний уурхайн бүтээн байгуулалтын явц тодорхой шалтгаануудын улмаас хугацаа хойшилж, зардал хэтэрсэн тухай асуудлыг 2019 онд долдугаар сард Оюутолгой компани анх удаа Засгийн газарт танилцуулсан байдаг. Тухайн танилцуулгад, урьдчилан тааварлашгүй геотехникийн нөхцөл байдал, газрын гүний чулуулагийн онцлогоос болж зардал хэтэрлээ гэх асуудлыг тавьсан. Гэтэл хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон асуудлыг геотехникийн асуудалтай шууд хамааралгүй гэдгийг тодорхойллоо. Шинжээчдийн ажлын хэсэгт “Рио тинто”-той ашиг сонирхлын зөрчилгүй шинжээчдийг олох асуудал эхэндээ хүндрэлтэй байсан.  Гэсэн хэдий  ч зэсийн томоохон төслүүдэд 20-40 жил ажилласан, туршлагатай шинжээчдийн багийг бүрдүүлж, гэрээ байгуулсан. Гэрээ хэлцлийн асуудал цаашдаа дээрх нөхцөл байдалд тулгуурлан үргэлжилнэ. “Рио Тинто” дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай ашиг сонирхлын зөрчилгүй шинжээчдийг олох хүндрэлтэй байсан. Гэхдээ 20-40 орчим жил ажилласан туршлагатай шинжээчдийн багийг бүрдүүлж, энэ оны гуравдугаар сард гэрээ байгуулсан. Уг багийн дүгнэлтийг хэр бодитой вэ гэдгийг “Рио тинто” компанид ажиллаж байсан туршлагатай хүмүүсээр хянуулсан. Тэд мөн хөндлөнгийн шинжээчдийн багийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн” гэлээ.

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулж “Туркойс хилл” компанийн Монголын Засгийн газраас өөр жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа.  Тэдний дунд “шүгэл үлээгчид” багтсан бөгөөд  шүүхэд зарга мэдүүлсэн 12 хүний нэг “Оюутолгой” төсөлд туслан гүйцэтгэгч “Редпат” компанид ажиллаж байсан нэгэн байдаг.  “Редпат” компани ахлах менежерийн алба хашиж байсан тэрбээр “Геологийн нөхцөл байдлаас шалтгаалж хугацаа хойшилсон гэдэг нь утгагүй хэрэг” гэж үзэж байгаагаа илэрхийлж байжээ. Тэд далд уурхайн төсөл дээр төлөвлөгөөний алдаа гаргасан нь одоо үүсээд буй бүх асуудлын эхлэл гэдгийг тодотгож буй. Мөн уул уурхайн портал “Mining” цахим хуудаст  далд уурхайн үндсэн босоо амны бүтээцийг хийхэд хийцийн хувьд алдаатай, ган эд ангиудыг техникийн шаардлагад нийцүүлэн угсраагүй, холболт сул, ашиглахад аюултай гэж дүгнэлтийг өгүүлсэн байдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
t(202.126.88.144) 2021 оны 08 сарын 12

avilgiin asuudal baigaadaa

0  |  0
Zochin(43.242.243.22) 2021 оны 08 сарын 11

Anx bsn BHP Billiton g oruul.

0  |  0
zagd(66.181.160.117) 2021 оны 08 сарын 11

End TUZ gedegt bgaa erh buhii humuus l mongoloo gadniihantai niilj luivardaj bgaa ym bish uu?!!!

0  |  0
Мөнх(66.181.188.150) 2021 оны 08 сарын 11

Одоо тэгээд яахав? Итгэлтэйгээр нь урд хөршөө урих уу?

0  |  0
M(66.181.187.64) 2021 оны 08 сарын 11

Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио тинто”, “Туркойс хилл” компаниуд Монголын ард түмний итгэлийг алдлаа. Өмнө тэдямар их хөрөнгийг биднээс далд зөвхөн хувьдаа ашиглаж байсан хардлага гараад ирэлээ

0  |  0
Сургамж(66.181.187.64) 2021 оны 08 сарын 11

Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио тинто”, “Туркойс хилл” компаниуд Монголын ард түмнийиргэлийг бүрэн алдлаа даа

0  |  0
Top