18 жилийн өмнө үйлдэгдсэн ХҮН АМИНЫ ХЭРГИЙГ НӨХӨН ИЛРҮҮЛЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 26

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт одоогоос 18 жилийн өмнө буюу 2003 оны наймдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө 47 настай эрэгтэй Б гэгч нь биедээ олон тооны хутганы шарх авсны улмаас нас барсан онц ноцтой гэмт хэрэг үйлдэгджээ.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид эзэн холбогдогч нь тогтоогдохгүй ээдрээ төвөгтэй гаднын нөлөөтэй нас барсан тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсны үр дүнд уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэргийг 20 настай /гэмт этгээд одоо 38 настай/ Х гэгч нь хувийн таарамжгүй харьцааны улмаас болж үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид ийнхүү 18 жилийн дараа илрүүлэн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар иргэн Х-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан 2021 оны наймдугаар сарын 1-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэн шийдвэрлэжээ.

Энд сануулахад, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт 25 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гаргаж илрүүлсэн тухай мэдээлсэн билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top