Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Alibaba JDT институцийн Гүйцэтгэх захирал С.Ундармаа нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Манай улс хоёр том орны дунд оршдог. Мөнхийн хөрш болсон Хятад улс бол асар том зах зээл. Тиймээс энэ улсын зах зээл дээр дотоодын жижиг, дунд үйлдвэрүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг гаргах ажлыг хийхээр болж байгаадаа баяртай байна. Цаашлаад олон улсын тавьдаг шаардлагуудыг хангасан бүтээгдэхүүн, брендийг бий болгохын тулд бизнес эрхлэгчдэдээ зөвлөгөө өгөх, сургалтад хамруулах гээд олон ажлыг хийх болно.
Манайхан олон улсын зах зээл дээр өөрсдийн гэсэн онцлогийг харуулсан шинэ брендийг бий болгож байж ялгарна” гэсэн юм. Мөн Alibaba JDT институцийн Гүйцэтгэх захирал С.Ундармаа “Манай улсын бүхий л бизнес эрхлэгчид урд хөршийн зах хязгааргүй зах зээл, олон улсад хэрхэн бараа бүтээгдэхүүнээ гаргах тухай боддог нь дамжиггүй. Тиймээс бид бүхэн олон улсын том сүлжээний албан ёсны институцийг үүсгэн байгуулаад ажлаа эхлүүлээд байна.
Энэ хүрээнд бидэнтэй зорилго нэг, хамтран ажиллах түнш байж чадах ЖДҮГ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр шууд гаргана гэхээсээ илүүтэй олон улсад бараа бүтээгдэхүүнийг хэрхэн гаргадаг, ямар үе шатыг дамждаг, ямар боловсрол мэдлэгийг авах ёстой вэ гэдэг талаас нь түлхүү ажиллана. Бид бүхэн институцээ байгуулснаас гадна Алибаба группээс зохион байгуулдаг олон улсын тэмцээнд манай улс энэ жил анх удаа оролцохоор эрхийг нь аваад байна” хэмээн ярьлаа.
Alibaba JDT институциас “Зах хязгааргүй брендийг бүтээцгээе” уриан дор бизнес эрхлэгчдийн дунд брэнд бүтээгдэхүүний уралдааныг зохион байгуулж байгаа аж. Тус уралдаан дотоод болон олон улс гэсэн шаттай явах бөгөөд уралдаанд бүтээгдэхүүнээ ирүүлсэн компаниудаас гурван брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулан 10 сая төгрөг, таван сая төгрөг болон тусгай шагналаар урамшуулах юм байна. Үүний дараагаар шалгарсан бүтээгдэхүүн, багаа бэлдэж арванхоёрдугаар сарын 15-17-ны хооронд болох олон улсын тэмцээнд оруулна. Энэхүү уралдаанд амжилттай оролцсоноор Хятадын зах зээл дээр өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ гаргах том боломж болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )