Усан бассейнд хичээллэх шалтгаан

2021 оны 08 сарын 30

Усанд сэлэлтийн спорт нь хүнийг хамгийн өв тэгш, эрүүл чийрэг бие бялдартай болгож залуужуулдаг төдийгүй эрүүл мэндэд хамгийн сайн нөлөөтэй спортын нэг билээ.  Усан спорт өнөөдөр мэргэжлийн төвшинд хурдацтай хөгжиж

  • спорт усан сэлэлт
  • уран сайхны усан сэлэлт
  • усны бөмбөг буюу поло
  • усанд үсрэлт
  • гүний шумбалт
  • холын зайн задгай сэлэлт зэрэг өөр өөрийн онцлог төрлүүдээр дэлхий дахинаа өргөжин хөгжиж байна.

Сүүлийн үед Улаанбаатар хотод усан спортоор тогтмол хичээллэж байгаа залуусын тоо олноор нэмэгдэж байгаа төдийгүй хотхон дотроо усан бассейнтай орон сууц хотхонууд илүү үнэ цэнэтэй, давуу талтай болсоор байна. 

Усан спортоор хичээллэхийн ач тус:

  1. Илүүдэл жинг бууруулна.  Жин ихтэй хүмүүс спорт заал, фитнесс клубт бэлтгэл хийхэд үе хооронд болон нуруунд ачаалал огцом ирдэг. Харин бассейнд сэлэх үед огцом  ачаалал өгөхгүйгээр өөхөө хайлуулан галбиржих боломж бүрддэг. Усанд сэлэх нь хамгийн их калори шатаагаад зогсохгүй дотор өөхийг эрчимтэй хайлуулдаг. Суугаа ажил хийдэг, хөдөлгөөний дутагдалд орсон хүмүүст бүх биеийн дасгал болдог үр дүнтэй спорт бол усанд сэлэлт юм.
  2. Цусны эргэлт сайжирч, артерийн даралт хэвийн болно. Цус харвалтаас хамгийн сайн урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол усанд сэлэх нь зүйтэй гэж эмч зөвлөдөг. Учир нь  сэлэх үед хүний биед агшилт тэлэлт явагдаж, судасны уян хатан чанар нэмэгдсэнээр артерийн даралт хэвийн болдог.
  3. Нурууны суулт болон нугасанд ирэх ачааллыг бууруулдаг.  Бассейнд тогтмол хичээллэх нь цээж, мөр, нурууны булчинг хөгжүүлэн таны бие галбирт онцгой нөлөө үзүүлэхээс гадна сэлэхэд дөрвөн мөч хэвтээ байрлалд ажилладаг тул нуруу, үе мөчний өвчинд сайнаар нөлөөлнө. 
  4. Нөхөн сэргээх эмчилгээ болдог. Саажилт болоод хөдөлгөөний хэсэгчилсэн дутагдалд орсон үед усанд хөвөх, сэлэх бүх биед жигд ачаалал өгөх нь булчингийн тонусыг сайжруулж,  мэдрэлийн эд эсийг сэргээдэг.
  5. Неврозын эмчилгээ. Ус нь төв мэдрэлийн системийг хөөрөх ба саатах явцыг тохируулж өгснөөр ядаргаа стрессийг тайлж, булчинг суллаж тайвшруулна. Мөн тархины цусан хангамжийг сайжруулснаар нойргүйдлийг эмчилдэг.
  6. Дархлааг сайжруулж, уушгийг дэмждэг. Усанд сэлэх явцад амьсгалын системд иллэг хийгдэж, функциналь чадвар сайжирч үүнийг дагаад гадны нөлөөг сөрөх биеийн эсэргүүцэл ч сайжирдаг. Эмчийн заавраар бронхит, астам, багтрааны үеэр усанд сэлэх эмчилгээг танд  болгож болно.  Мөн биеийн дулаан ба усны температур хоорондын ялгаа нь бодисын солилцоог 50-75 хувиар өсгөнө.
  7. Эрүүл чийрэг, бие бялдрын өв тэгш хөгжилтэй, өвчин эмгэггүй болно. Өсвөр насны хүүхдүүд усан сэлэлтээр хичээллэх нь хүүхдийн ерөнхий өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлж гоо зүйн боловсрол олгодог. Өндөр хөгжилтэй  улс орнуудад бага дунд боловсролын хөтөлбөрт усанд сэлэлтийн хичээл заавал багтаадаг байна. Мөн тогтмол усанд сэлснээр биеийн уян хатан чанар нэмэгдэж спортын бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх давуу талтай болдог. Хүний бие цэх шулуун, хараа соргог, тулгуур эрхтэн яс, шөрмөс, булчингийн холбоо бэхжиж биеийн галбир гуалиг болох, хөгшрөлтийг удаашруулдаг.

Стандарт усан бассейн  ихэвчлэн 25 метр болон 50 метрийн урттай байдаг. УБ хотод дараах стандарт усан бассейн үйл ажиллагаа явуулж байна.  

Улсын усан бассейн:

  1. Төв Бассейн:  25м х 20м,  гүн: 1.7м-4.0м, 6 замтай
  2. БЗД усан бассейн: 25м х 7.8м, гүн: 1.4м-1.9м, 3 замтай
  3. БГД усан бассейн 25м x 7.8м, гүн: 2м, 2 замтай
  4. СХД усан бассейн: 25м х 7.8м Гүн: 2м 2 замтай
  5. ХУД усан бассейн: 25м х 7.8м,  гүн 1,7-2м, 3 замтай цагт

Хувийн усан бассейн:

  1. Орчлон спорт, эрүүл мэндийн клуб: 25 х 10м,1.5-1.7м гүн, 3 замтай
  2. Vista Club: 50 х 8м, 1.2-1,6м гүн, 3 замтай.
  3. Encanto” клуб: 25 х 6м, 2м гүн, 3 замтай
  4. River garden:    25 х 8м. 1.3-1.6м гүн. 2 замтай.
  5. Shangri-La Residences: 25 х 20м. 1.8м гүн. 5 замтай.
  6. White Hill Residence: 25 x 14м, 4.5-4.7м гүн, 4 замтай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Usan Sellegch (202.21.98.154) 2024 оны 07 сарын 19

Вайт хилл-н усан бассейн ашиглалтанд орсон уу. 4 zamtai 4.7 m gun bol usand usreh tavtsantai bol saikhan bna. Mgl usand userdeg tavtsantai basseinuud hovor. Gun ni bagadaad bdag tal bii. \n\n

2  |  0
Зангараа(202.179.24.234) 2024 оны 09 сарын 10

Гол асуудлыг орхигдуулсан байна. Усан бассейны усыг тогтмол темпаратурт барьж усыг байнга цэвэршүүлэн сэлгэж байх автомат системгүй бол бассейн биш вирус, бактери тараах усан цөөрөм болно. Дээрх шаардлагыг хангасан усан бассейн Монголд нэг ч байхгүй бүгд халдвар тараах цөөрөм юм байна лээ.

4  |  1
Top