Financial Times: “Рио Тинто” Монголын Засгийн газрын өмнө буулт хийхэд бэлэн байна

2021 оны 08 сарын 31

“Рио Тинто” компани  Монголын говь дахь чухал төсөл болох Оюутолгойн зэсийн далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахыг зорьж буй тул Монгол Улсын Засгийн газарт буулт хийхэд бэлэн байна гэсэн мэдээлэл “Financial Times”-т нийтлэгдсэн байна.

Далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр авсан Монголын талын зээлийн хүүг бууруулахад бэлэн гэсэн байр суурийг “Рио Тинто” илэрхийлжээ. Түүнчлэн “Рио Тинто” өөрийн зүгээс шаардлагатай зохицуулалтуудыг хийх, шийдвэрлэх, эрчим хүчний асуудлаар гэрээ байгуулах, далд уурхайн үйл ажиллагааг 2022 оны аравдугаар сар гэхэд эхлүүлэх зорилготой байгаа гэсэн байна.

“Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Туркойз Хилл Ресурс”-ын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стив Тибо нар өнгөрсөн долоо хоногт энэхүү байр суурийг илэрхийлсэн захидлыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн хэмээн мэдээлэлд бичжээ.

Сануулахад, Оюутолгой төслийн зардлын хэтрэлт, хугацаа хойшилсон асуудлын талаарх Хараат бус, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт энэ сард гарсан юм.

“Эрдэнэс Оюу Толгой” компанийн мэдээлэлд: 2019 оны долдугаар сард "Рио Тинто" компани нь бусад хөрөнгө оруулагчдад хандан Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 16-30 хүртэлх сараар хойшлохоор байгаа талаар мэдэгдэж байлаа. Мөн 2020 оны арванхоёрдугаар сард Рио Тинто компани Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэж, тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар хүртэл хойшлох тухайгаа нэмж мэдэгдэж байсан юм. "Рио Тинто" компани ийнхүү зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон шалтгааныг агуулга чулуулгийн нөхцөл байдал буюу геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэж тайлбарлаж байсан.

Улмаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болох Оюу Толгой төсөлд УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу Толгой төслийн Монгол талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх,  энэ зорилгоор Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн Оюу Толгой ХХК-ийнн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Монголын талын гишүүдийн санаачлагаар тус төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа  хойшилсон асуудлаар дэлхийн нэр хүндтэй зэсийн томоохон төслүүдэд 20-40 жил ажилласан, туршлагатай шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн шинжээчдийн баг ажиллуулж дээрх асуудлаарх дүгнэлт гаргажээ.

Хөдлөнгийн шинжээчдийн баг 5 сар гаруй хугацаанд ажилласан ба гүний уурхай ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж хөрөнгө оруулалтын зардал 1.45 тэрбум ам.доллар буюу 4 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн нь геотехникийн асуудлаас шалтгаалаагүй тухайгаа дүгнэлтдээ тусгажээ. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг Тусгай хорооны гишүүд 2021 оны наймдугаар сарын 3-нд хүлээн авсан бөгөөд дэлхийн нэр хүндтэй хоёр зөвлөх энэ дүгнэлтийг мөн хянасан” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.47.45) 2021 оны 08 сарын 31

ДЭЛХИЙН МАФ РИО ТИНТО МОНГОЛЫГ 2050 ОН ХҮРТЭЛ МӨЛЖИХИЙГ САНААРХАЖ БАЙНА

0  |  0
Зангараа(202.179.24.234) 2021 оны 08 сарын 31

Одоо гэрээг өөрчилж монголд ашигтай болго, өрөө 0 лүүлж хүү төлдгөө зогсоо. Монгол хүн бүрийг долларын саятан болго орд газар шүү. Алт зэсээс гадна бусад дагалдах үнэт метааллуудыг тооцож хяналт тавь. Борлуулалтын орлого ямонголын банкаар дамжих ёстой. Рио гийн бүх луйврыг таслан зогсоо. Багабанди гэж хэтэвчээ бодсон өчүүхэн үхээнцийг зайлуулж хая.

4  |  0
Top