Б.Солонгоо: "Оюутолгой"-н асуудлаар 14.00 цагаас мэдээлэл хийнэ

2021 оны 08 сарын 31

“Рио Тинто” болон  “Туркойз Хилл Ресурс" компани Оюутолгойн асуудлаар зөвшилцөх саналаа  Монголын Засгийн газарт өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн гэж “Financial Times" мэдээлсэн.

Уг мэдээллийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоогоос тодруулахад "Засгийн газраас 14.00 цагаас мэдээлэл хийх гэж байна. Уг мэдээллээс өмнө коммент хэлэх боломжгүй байна" гэлээ.

Сануулахад, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудалд дүгнэлт гаргахаар, хөндлөнгийн шинжээчдийн баг таван сар гаруй хугацаанд ажилласан.

Улмаар гүний уурхай ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь геотехникийн асуудлаас шалтгаалаагүй тухайгаа дүгнэлтдээ тусгасан юм.

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг Тусгай хорооны гишүүд 2021 оны наймдугаар сарын 3-нд хүлээн авсан бөгөөд дэлхийн нэр хүндтэй хоёр зөвлөх энэ дүгнэлтийг мөн хянасан гэсэн мэдээллийг өгсөн.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэлэхдээ

Хөндлөнгийн дүгнэлт хийсэн олон улсын шинжээчдийн багийг "Рио Тинто" хүлээн зөвшөөрсөн.Тиймээс цаашид,  Засгийн газар Оюутолгойтой хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт чухал баримт бичиг болно гэсэн.

ХЗДХ-ийн сайд, Ажлын хэсгийн ахлагч  Х.Нямбаатар хэлэхдээ: 

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт Оюутолгой ХХК-ийн менежментийн багийнхны хэлснээр “ГЕОТЕХНИКИЙН нөхцлөөс болсон нь” тогтоогдоогүй, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт үүнийг няцаасан тул Монгол Улсын  Засгийн газар Оюутолгой ХХК-д: 

Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх;

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд тайлбар өгөх; гэсэн хоёр шаардлага тавилаа хэмээн энэ сарын 9-ний өдөр мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top