Asianikkie: Монголын Засгийн газар Рио Тинтогийн саналыг нухацтай авч үзэх болно

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 02

Японы “Asianikkie”-д Рио Тинто болон Монголын Засгийн газрын тухай нийтлэл гарчээ. Нийтлэлийн орчуулан хүргэж байна.


Монголын талаас Рио Тинтогийн тавьсан саналыг  нухацтай авч үзэх болно гэж мэдэгджээ. Зэсийн томоохон орд болох Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт 6.8 тэрбум долларт хүрсэн нь Монголын өмнөх Ерөнхий сайд болон Риогийн гүйцэтгэх захирлыг унагахад нөлөөлсөн. Рио Тинто далд уурхайн бүтээн байгуулалт болоод ашиглалтын зардлыг гаргаж байгаа бөгөөд Монголын Засгийн газар  төлж эхлээгүй байгаа юм. Даваа гарагт   Монголын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэд хүргүүлсэн саналдаа Рио Тинто зээлийн хүүгээ бууруулахыг санал болгосон. Одоогоор зээлийн хүү  Либор +6.5 хувь байгаа юм.

Түүнчлэн тус компани цар тахлын хүндрэлийг даван туулахад Монгол Улсад туслахын тулд ирэх гурван жилийн хугацаанд Засгийн газарт нь 350 сая ам.доллар төлөхийг санал болгосон тухай  тус улсын  холбогдох албаны хүмүүс мэдэгдээд буй. Монголын  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хэлэлцээр  3-4 жил үргэлжилж магадгүй. Өмнөх хэлэлцүүлэгт гарсан алдааг  Засгийн газар нарийвчлан судлах болно” гэжээ. Одоогийн санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Монгол Улс Риогоос авсан зээлийн хүү, үндсэн төлбөрөө төлж байж ногдол ашиг хүртэж эхлэх юм.

Тус улсын эрх баригчид 2032 оноос эхлэн ногдол ашиг авна гэж тооцоолж байсан ч барилгын ажил хоёр жилээр хойшилж, төслийн төсөв 1.5 тэрбум ам.доллароор өсөөд байгаа юм. Энэ сарын эхээр уурхайг эзэмшдэг хамтарсан компанийн ТУЗ -ийн тусгай хорооноос  танилцуулсан хөндлөнгийн дүгнэлт нь төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрсэнтэй холбогдуулан өгсөн Рио Тинтогийн тайлбараас зөрснөөс хойш компани, Засгийн газрын харилцаа муудаад буй. Нийт 157 хуудас бүхий тайланд дурдсанаар, уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсонд Рио Тинтогийн мэдэгдсэнчлэн газрын хүнд нөхцөл бус төслийн менежментийн асуудлууд голчлон нөлөөлжээ. Тухайлбал, геотехникийн асуудлуудаас үүдэн зардал ердөө 12-90 сая ам.доллароор хэтэрсэн байна. Мөн Их Британи, АНУ-ын санхүүгийн холбогдох байгууллагууд далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилсон талаарх Рио Тинтогийн мэдэгдлүүдийг нарийвчлан судалж байна.  2015 онд Риотой гэрээ байгуулсан Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эдгээр хэлэлцээнд холбогдсон хэргээр шалгагдаж байгаа юм.

Өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг  уурхайтай холбоотой хэрэгт  эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр 2020 онд таван жилийн хорих ял оноож байсан юм. Оюу толгой нь Монголын гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр бөгөөд өндөр цалин бүхий олон мянган ажлын байрыг бий болгож буй юм. Энэхүү далд уурхайн бүтээн байгуулалт бүрэн дууссанаар Оюу толгой дэлхийн зэсийн хамгийн том уурхайнуудын нэг болж, жилд ойролцоогоор 500 мянган тонн металл олборлох төлөвтэй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top