Эдийн засгийн ерөнхий байдлыг харуулдаг гол үзүүлэлтүүдийн нэг болох “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгаа “Санхүүгийн итгэлийн индекс”-ийг хэмждэг болсон. Уг үзүүлэлтийг хэмжихдээ иргэдээс хөрөнгийн бирж, хувьцаат компани, арилжааны банк зэрэг санхүүгийн байгууллагуудад хэр итгэдэг эсэхийг асууж тооцоолдог. Эдгээр санхүүгийн байгууллагуудаас гадна Засгийн газарт итгэх итгэлийг асууж хэмждэг юм.
Тэгвэл 2021 оны хоёрдугаар улирлын буюу шинэ тайлангаар хэрэглэгчдийн Санхүүгийн итгэлийн индекс ямар гарсныг тодотгон хүргэе.
Энэ улирлын судалгааны асуулгыг 2021 оны зургаадугаар сарын 22-ны өдрөөс долоодугаар сарын 8-ны өдрийн хооронд, Улаанбаатар хот болон 21 аймгаас 992 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар хамруулан авчээ.
Энэ удаагийн судалгаанд хамрагдсан иргэдийн 40.8 хувь нь Засгийн газарт итгэж байгаа бол 50.4 хувь нь итгэхгүй байна. Засгийн газарт итгэдэг иргэдийн түвшин 2020 оны мөн үеэсээ 16 пунктээр бага, дунджаасаа 15 орчин пунктээр бага байна. Итгэдэггүй гэсэн иргэдийн хувь мөн төдий хэмжээгээр өссөн үзүүлэлттэй гарчээ.
Дашрамд тодотгоход, нийгэм, эдийн засгийн бүхий л шийдвэрүүд улс төрийн түвшинд гардаг гэдгийг энэ удаагийн цар тахал иргэдэд илүү тодоор сануулан, мэдрүүлж буй. Хувийн хэвшлүүд, иргэдийн хувьд төр засгаас ХАРИУЦЛАГАТАЙ МАНЛАЙЛАЛ-ыг хүлээсэн дүр зураг өнгөрсөн жил гаруйн хугацаанд дэлхийн улс орнуудад давамгайлж буй юм.
Иргэдийн санхүүгийн итгэх итгэл хамгийн өндөр байдаг байгууллага нь арилжааны банк байна.
2021 оны хоёрдугаар улиралд иргэдийн 68.2 хувь арилжааны банкинд итгэдэг, 24.8 хувь нь итгэхгүй байна. Итгэдэг иргэдийн хувь 2020 онтой харьцуулахад тогтвортой үзүүлэлт гарчээ. Арилжааны банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын хувьд итгэх итгэл тийм ч өндөр байдаггүй аж.
Тухайлбал, хөрөнгийн бирж болон хувьцаат компанид итгэх итгэл банктай харьцуулахад бараг хоёр дахин бага байдаг.
Хоёрдугаар улиралд хөрөнгийн биржэд итгэх итгэл 32.8 хувь, хувьцаат компанид итгэх итгэл 44.7 хувь байна.
Энэ түвшингүүд нь 2020 оны мөн үеийн түвшингээс бага зэрэг өсчээ. Хөрөнгийн бирж болон хувьцаат компанид итгэдэг үү гэсэн асуултанд иргэдийн нэлээд өндөр хувь нь мэдэхгүй гэж хариулдаг аж.
Санхүүгийн итгэлийн индексийн динамикийг дараах графикт харуулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ ДАХИАД ЯАЖ 10 ЖИЛЭЭР УХРААХ УУ ГЭСЭН ЗӨВЛӨГӨӨ АВЧ БАЙГАА ЗАСГИЙН ГАЗРЫН НЭР ХҮНД УНАЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ. ДАХИАД БҮР ШАЛДАА БУУТЛАА УНАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖ БНА.
Битгий худлаа донгос