Транзит Монгол Улс ба Ерөнхийлөгчийн ҮГ

2021 оны 09 сарын 06

Дэлхий нийтээрээ цар тахлын үеийн эрсдэлийг давж харан, боломжийг эрэлхийлэхэд анхаарал хандуулж буй энэ үед ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулган зургаа дахь жилдээ,  “Хувьсан өөрчлөгдөж буй ертөнц дахь Алс Дорнодын шинэ боломж” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Ази, Номхон далайн орнуудын хөгжил дэвшил, тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны талаар хэлэлцдэг тус чуулга уулзалтад Монгол Улс дөрөв дэх удаагаа төрийн тэргүүний түвшинд оролцож, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Тодотгоход, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасанчлан: Ерөнхийлөгч бол гадаад харилцаанд Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлж, мэдэгдэл, хэлэлцээ хийх, хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах эрхтэй юм.

 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Дорнын эдийн засгийн чуулганы цахим индэр дээрээс хэлсэн үгэндээ, Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанар, гуйвж дайвшгүй байр суурийг бататгасны сацуу гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар харилцан ашигтай эдийн засгийн өгөөж хүртэх санал, санаачилгаа тодорхой илэрхийлснийг тодотгоё.

Тэрбээр үгийнхээ эхэнд мөнхийн хоёр хөрштэйгөө эв найртай харилцаагаа хадгалсаар ирсэн Монгол Улсын гадаад бодлогын залгамжийг тодотгов.  Тухайлбал:

Манай улсын мөнхийн хоёр хөрш болох ОХУ болон БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл билээ. Ард түмнүүдийн найрамдал, харилцан ойлголцолд суурилсан бидний түншлэл “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөл байдлыг үл харгалзан бүх салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй юм.

ОХУ-ын “Их Евразийн түншлэл” болон БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг Монгол Улс анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч эрчимтэй хамтран ажиллах, нэн ялангуяа манай бүс нутгийг хамарсан дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль экологийн доройтлыг сэргээх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдэд оролцох, хамтран ажиллах хүсэлтэй байдаг.” гэсэн юм.

Мөн тэрбээр ирэх олон жилүүдэд баримтлах Монгол Улсын хөгжлийн бодлого хийгээд гадаад харилцааны бодлогын уялдаа, харилцан хамаарал чухал байгааг тодотгосон. Газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг тавьж байгаа талаар Дорнын эдийн засгийн чуулганы индрээс албан ёсоор илэрхийллээ.

Тэрбээр “Монгол Улс эдийн засгаа сэргээх хүрээнд өнгөрсөн 2020 онд манай улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, онцгойлон дэмжиж байна. Энэ хүрээнд Алс Дорнод болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтран ажиллахад баяртай байх болно.

Монгол Улсын худалдаа, эдийн засгийн салбар нь манай хоёр хөршөөс ихээхэн хамааралтай бөгөөд бидний хувьд дээрх хоёр улстай явуулж буй эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг билээ. Монгол Улс бол далайд гарцгүй хөгжиж буй дэлхийн 32 орны нэг юм. Иймд Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилтыг тавьж байна” гэсэн юм.

Мөн тэрбээр “Монгол Улс нь Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд анхаарал хандуулсаар ирсэн. Одоогийн байдлаар Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар судалж байна.

Гадаад худалдаанд тулгарч буй хориг саадыг бууруулах, манай улсаас бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалд оролцох оролцоонд ийм төрлийн хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж бид үзэж байна.

Алс Дорнодын эдийн засгийн харилцааны чиглэлээр Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах тухай хөтөлбөрийн талаар дурдахыг хүсэж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд төмөр зам, авто замын коридорыг шинэчлэх, шинээр барьж байгуулах, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хөрш орнуудтайгаа хамтран ажиллаж байна.

Тухайлбал, байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн Техник, эдийн засгийн үнэлгээний ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд энэ нь Алс Дорнодын бүс нутаг дахь нэн чухал бүтээн байгуулалтын нэг болно.

Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг. Иймд Орос-Хятад, Ази-Европын хооронд хийгдэж буй худалдаа, бараа бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улсын энэхүү газар зүйн таатай байршлыг ашиглан худалдаа, тээвэр логисткийн сүлжээ, ачаа тээврийн  урсгалыг бий болгох нь бүс нутгийн хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна” гэхчлэн ач холбогдол өндөртэй асуудлуудаар байр сууриа илэрхийллээ.

Дорнын эдийн засгийн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгсийн агуулгыг илүү олон үггүйгээр, товчоор дүгнэхэд, Монгол Улсын Гадаад харилцааг эдийн засагжуулах замаар улс орны аюулгүй байдал, бүрэн эрхийг улам бүр бэхжүүлэхэд чиглэсэн байр суурийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар илэрхийлсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 09 сарын 07

\nСайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 33 7 52 48 39 19

0  |  0
ум мани бадмэ хум(77.38.148.28) 2021 оны 09 сарын 06

ковидоо дараасай даа энд тэнд очиж худлаа ярьж явахаар...

0  |  0
4321(59.153.113.159) 2021 оны 09 сарын 06

4 жил болоход 204.11 км зам янзалчихаж чадахгүй байж наад ПОП-ролоо больж үз.Аль хэдийн хил даваад алга боллоо

0  |  0
Suh(192.82.87.204) 2021 оны 09 сарын 06

Ганц салаа төмөр замтай улс транзит монгол боллоо юу?

0  |  0
Зочин(66.181.161.95) 2021 оны 09 сарын 06

Санаа сайн бол заяа сайн гэж сайхан хэлжээ таньд сайэ сайхан бүхнийг хүсьё

1  |  1
ter (139.5.218.54) 2021 оны 09 сарын 06

Ene bolmojiig ashiglaad tumur zamaa 2 ursgaltai bolgood avaisai...................

0  |  0
Top