Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг эхлүүлэх цанг цохилоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 07

Монгол Улсад биржийн бус зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэх цан цохих ёслолын ажиллагаа өнөөдөр /2021.09.07/ боллоо.

Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Жайка Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико,  Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва, болон холбогдох албаны бусад хүмүүс оролцов.

УИХ, Засгийн газраас санхүүгийн зах зээлд өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулж байгаатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос шинэ тутамд үүсч байгаа санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжин, хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулж, бодлого, зохицуулалтаа чиглүүлэн ажиллаж байна.

Үүний үр дүнд Сангийн яам, мэргэжлийн холбоод, дэд бүтцийн байгууллагуудтайгаа хамтран үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх чиглэлд тодорхой ажлыг хийж гүйцэтгээд байна. Тухайлбал, Үнэт цаасны төлбөр тооцооны горим, зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, DvP/T+2 дараа төлбөр тооцооны горимд амжилттай нэвтрүүллээ. Үнэт цаасны давхар бүртгэлийн систем буюу бирж хооронд үнэт цаасаа чөлөөтэй хөрвүүлж, арилжаалах орчинг бий болгосон. Мөн өнөөдрийн арга хэмжээ буюу биржийн бус зах зээлийн суурь эрх зүйн орчинг бүрдүүлж, ийнхүү үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан цан цохих ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар олгогдсон эрхийн дагуу Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг баталснаар биржийн бус зах зээл хөгжих эхлэл тавигдсаныг Та бүхэн мэднэ. Энэ журмаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрхийг олгосон нь өөрийгөө зохицуулах байгууллагын үйл ажиллагааг дэмжиж төрийн зүгээс зарим чиг үүргээ шилжүүлж буй томоохон алхам юм. Ингэснээр олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээлийг Хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран хөгжүүлэх, биржийн бус зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарах боломж бий боллоо. Ийнхүү биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг эхлүүлснээр компанийн хаалттай өрийн хэрэгслийг зохицуулсан хууль, эрх зүйн нарийвчилсан зохицуулалт бий болохын зэрэгцээ компанийн хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх суурь тавигдаж, компаниудын зүгээс ч үнэт цаас гаргахад цаг хугацаа, зардал хэмнэх, мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт чиглэсэн зах зээл бий болох, ил тод нээлттэй мэдээлэл, хяналтын тогтолцоо бүрдэх зэрэг олон давуу талтай...” гэдгийг онцолсон юм.

Энэ сарын 3-ны байдлаар үнэт цаас гаргагчийн 16.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 5 хаалттай бондын захиалга амжилттай биелэж, анхдагч зах зээлийн захиалга хаагдсан. Харин эдгээр бондын хоёрдогч зах зээлийн арилжаа нь өнөөдөр ийнхүү эхэлснээр компаниудын бондын хөрвөх чадвар сайжрах, өмчлөх эрхийн бүртгэл шилжих, арилжих боломж Монголын хөрөнгийн зах зээл дээр бий боллоо.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top