Жижиг, дунд үйлдвэрийн газраар дамжуулан Хоршоодод хөнгөлөлттэй зээл олгох, Хоршооны тухай хуулийг сурталчлан таниулах, Загвар хоршооны үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ энэ сарын 8-9-ний өдрүүдэд болох аж. Тус арга хэмжээг "Зах зээл ба бэлчээрийн удирдлага, хөгжил" төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Жижиг, дунд үйлдвэрийн газраас хамтран зохион байгуулах юм байна.
Маргааш болох арга хэмжээний хүрээнд есөн хоршоо Зээлийн гэрээнд гарын үсэг зурах аж.
Мөн Жижиг дунд үйлдвэрийн газрын мэргэжилтэн В.Занданбат Хоршооны талаар төрөөс баримтлах бодлого, Хоршооны шинэ хуулийн танилцуулгыг хийх бол Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа Хөдөө аж ахуйн хоршооны онцлогийн талаар танилцуулна.
Харин Хөдөө аж ахуйн бирж ложистик, бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын нэгжийн менежер Д.Батсайхан Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны талаар тус тус оролцогчдод мэдээлэл өгөх аж.
Тэгвэл 9-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт Загвар хоршоотой танилцах үйл ажиллагаа болох юм байна. Тодруулбал, ‘Цэвэр хөрсний шим” дундын хоршоо, “Жаргалант сүү” хоршоо болон Хөдөө аж ахуйн биржийн ложистикийн төвтэй танилцах үйл ажиллагаанууд тус тус зохион байгуулагдана.
Сэтгэгдэл ( 0 )