Д.Баярсайхан: Койн, токен зэрэг нь санхүүгийн хэрэгсэлд хамаарахгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан койн, токений талаар дараах байр суурийг илэрхийлж байна.

"Олон улсын санхүүгийн зах зээл дээр ихээхэн яригдаж, ашиглагдах болсон криптовалют, койны төрлүүдээр төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үйл ажиллагаа юм. Тодруулбал, виртуал хөрөнгө буюу койн, токен зэрэг нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тодорхойлсон санхүүгийн хэрэгсэлд хамаарахгүй, зөвшөөрөгдөөгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл бол нөгөө талаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хүрээнд цахим мөнгөнд хамаарахгүй бөгөөд албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш юм.

Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс виртуал хөрөнгө буюу койн, токен зэрэг нь зохицуулалтгүй, үнэ ханшийн хувьд хэлбэлзэл өндөртэй, энэ хэмжээгээрээ эрсдэл өндөртэй гэдгийг олон нийтэд удаа дараа сэрэмжлүүлж, анхааруулсан. 2021оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш Санхүүгийн зохицуулах хорооноос иргэд, олон нийтэд зориулж нийтдээ 14 удаагийн зөвлөмж, анхааруулга, сэрэмжлүүлэг гаргасан. Гэсэн ч зарим иргэдийн амар хялбар аргаар мөнгө олох сэдлийг ашиглаж залилан, луйврын шинжтэй үйл ажиллагаа явагдаж байх эрсдэлтэй тул хүн бүр хөрөнгө оруулах шийдвэрээ сайтар тооцоолж, анхаарал болгоомжтой хандах шаардлагатай.

 Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь Олон улсын санхүүгийн зохицуулагч байгууллагын гишүүн бөгөөд уг байгууллагатай мэдээлэл байнга солилцож, гаргасан анхааруулга, хийж хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, мэдээ мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэж ажиллаж байна.

-Виртуал хөрөнгийн хувьд зохицуулалтгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ тул эрсдэлийг хөрөнгө оруулагч өөрөө хүлээх юм. Койн, криптовалют гаргасан этгээд дампуурах, үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд ямар нэгэн албан ёсны баталгаа гаргаагүй бол Та  оруулсан хөрөнгөө алдана л гэсэн үг. Харин хувьцаа, бонд зэрэг нь хууль, эрх зүйн орчны хүрээнд зохицуулалттай буюу гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааны хохирогч болсон тохиолдолд авах арга хэмжээ болон хаана хандаж шийдвэрлүүлэх, татан буулгах, төлбөрийн дараалал тогтоох, хэн хэрхэн хариуцах зэрэг харилцаа тодорхой байдгаараа ялгаатай.

Түүнчлэн “Памп энд Дамп” буюу өөрөөр хэлбэл үнийг зохиомлоор хөөрөгдүүлэн өсгөж, санаатайгаар унагаах схем нь олон улсад виртуал хөрөнгө, криптовалют дээр ихэвчлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү санхүүгийн луйврын хэлбэр нь хүмүүсийн хурдан баяжих сэтгэлгээнд суурилан богино хугацаанд өндөр ашиг амладаг. Ийнхүү иргэд өндөр ашиг хүртэх итгэлтэйгээр өөрийн мөнгөө хөрөнгө оруулалт хэлбэрээр байршуулснаар алдах нь элбэг. Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь хуулиар зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэл болох хувьцаа, бондтой огт адилгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Виртуал хөрөнгө буюу койн, токен зэрэг нь зохицуулалтгүй учир үнийн савалгаа ихтэй байдаг. Биткойны өндөр савалгаанаас үүдэн их хэмжээний мөнгөө богино хугацаанд алдсан бодит кейсүүд маш олон. Үүнээс гадна, виртуал хөрөнгө нь бодит хөрөнгөөр баталгаажаагүй, ямар нэгэн бодит үнэ цэнэгүй тул найдвартай хөрөнгө оруулалт гэж үзэхгүй. Иймээс Та хөрөнгө оруулалтын шийдвэрээ ухаалгаар гаргаж, боломжтой бүхий л эрсдэлийг тооцож үзэх нь зүйтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top