Монголын брэндүүд Аmazon, Еbay дээр байрших боломжтой боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 10

Дэлхий нийтэд хөрөнгө оруулалт, худалдаа, гадаад харилцаа буцаад сэргэх, цар тахлын үед дасан зохицож бизнесээ хөгжүүлэх боломжуудыг эхнээсээ нээж өгч байна. Энэ хүрээнд ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын Вашингтон, Канад улсын Торонто  хотуудад Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлыг дэмжих томоохон үзэсгэлэн, чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Уг хөрөнгө оруулагчдын уулзалт, үзэсгэлэн худалдаанд илүү өргөн хүрээнд Монгол Улсын үндэсний брэндүүд, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд оролцохоор болоод байна.

Тодруулбал, АНУ-ын Вашингтон хотын Олон улсын худалдааны төвд ирэх арваннэгдүгээр сарын 15-20-ны өдрүүдэд, Канад улсын Торонто хотод арваннэгдүгээр сарын 20- 25-ны өдрүүдэд “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган” тус тус зохион байгуулагдах  гэж байна.

"Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-ыг Монгол улсын ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний хөгжлийн газар, Зээлийн батлан даалтын сан, МҮХАҮТ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, АНУ-ын худалдааны яамны Азийн газар, Вашингтон дахь олон улсын худалдааны төв, Канад дахь эмэгтэй бизнес эрхлэгчдийн холбоо, АНУ, Канад дахь Элчин сайдын яамд дэмжин ажиллаж байна. Ерөнхий зохион байгуулалтыг Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ, Дэлхийд нэртэй Монгол ТББ хариуцан ажиллаж байна. “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган”-ыд оролцсон аж ахуйн нэгж, үндэсний брэндүүд Amazon, Ebay, ETSY, www.MongolianGallery.com цахим дэлгүүрүүд болон бусад олон улсын худалдааны цахим сувгууд дээр байрших боломжийг давхар нээж өгч байгаа юм.

Түүнчлэн Монгол Улсынхаа биет болон биет бус өвийг давхар сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогыг дэмжих, бүх талын оролцоо, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдааг татах томоохон боломж нээгдэж байгаа юм.

 

Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулганы хүрээнд :

 

  • Хөрөнгө оруулагчдын олон улсын бага хурал

 

  • АНУ, Канадын төрийн байгууллагууд, агентлагуудтай Монгол Улсын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг агентлаг, байгууллагуудыг холбох, харилцан туршлага солилцох арга хэмжээ

 

  • Олон улсын бизнесийн салбарынхан, хөрөнгө оруулагч, түншүүдтэй хийх уулзалт

 

  • Хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр танилцуулах

 

  • Үзэсгэлэн худалдаа

 

  • Соёл сурталчлах арга хэмжээ

 

  • Брэнд сурталчлах арга хэмжээ зэрэг олон талын үр дүнтэй арга хэмжээ, эвэнтүүд зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top