“Малчин” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг урьж ярилцлаа.
-“Малчин” компанийн бүтээгдэхүүнүүд малчдын хэрэглээнд олон жил болж байна. Компанийнхаа хөгжлийн талаар товч ярихгүй юу?
-Компанийнхаа үйл ажиллагааг танилцуулах боломж олгосон та бүхэнд талархал илэрхийлье. Манай компани анх 1994 онд Өмнөговь аймагт тулгын чулуугаа тавьсан. Төв суурин газраас алслагдмал орших хөдөөгийн малчид, хөдөлмөрчдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эрчим хүчний хоёрдогч эх үүсвэр болох нар, салхины цахилгаан үүсгүүрээр хангах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Монголын анхны хувийн компаниудын нэг. Нэг үгээр хэлбэл малчдыг лааны гэрлээс салгаж, соён гэгээрүүлэх үйлсэд анхдагч нь болсон. Өдгөө “Малчин”, “Малчин энержи”, “Малчин телевиз” гэсэн компанийг байгуулан нийт 50 гаруй ажилтантай болжээ.
-Сүүлийн хоёр жилд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд хүндхэн шалгуурыг давж байна. Танай компани энэ нөхцөл байдлыг хэрхэн даван туулж байна?
-Үнэхээр хүнд цаг үеийг дэлхий нийтээр бид хамтдаа даван туулж байна. Бэлтгэл хангах боломж олгоогүй, цаг хугацаа ч байгаагүй тул энэ нь маш хүнд цохилт, том шалгуур болсон. Гэсэн хэдий ч нэгэнт тулгараад ирсэн аюулт цар тахал, өвчин зовлонг зүгээр хараад суух биш аль болох тэсэж даван гарах нь хаана хаанаа чухал байна. Тиймээс ч бид ажлын байрыг хэвээр хадгалах, компанийн болоод ажилчдынхаа татвар, нийгмийн даатгалыг таслахгүй төлөх, цалингийн болон бусад зээлийг нь хоцроохгүй, хар жагсаалтад оруулахгүй байхыг хичээж ирлээ. Хэрэглэгчид маань хөдөө орон нутгийн малчид байдаг тул хөл хорионы үед аймаг, сумд хилээ хаасан нь бараа бүтээгдэхүүнээ хүргэж ажиллахад хамгийн том бэрхшээл байсан. Мөн бүтээгдэхүүний гол материалыг Хятад, Солонгос улсаас татан авдаг. Энэ компаниуд мөн адил халдвараас шалтгаалан үйл ажиллагаа нь доголдож, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй болох тохиолдол гарсан. Улмаар хил, гаалийн нөхцөл байдлаас шалтгаалан ачаа тээврийн ажил удааширч, үнэ ханш ч нэмэгдсэн нь бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Гэсэн хэдий ч энэ бүх хүндрэл зөвхөн манай компанид тулгараагүй нийтийг хамарсан тул бэрхшээлүүдийг бусдын адил даван гарахыг хичээн ажиллаж байна.
-Засгийн газраас эдийн засгийг дэмжих зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар ямар бодолтой байна?
-Улсын төсөв бүрдүүлэх гол ачааг хувийн хэвшлийнхэн үүрдэг. Төрөөс зайлшгүй үед татварын болон бусад хөнгөлөлт чөлөөлөлт олгох нь алсдаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдах, ажлын байр нэмэгдүүлэх гэсэн улс орондоо оруулах хувь нэмэр нь улам нэмэгдэнэ гэж ойлгодог.
Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийг дэмжих зорилгоор олгож буй гурван хувийн хүүтэй зээлийг цаг үеэ олсон бодит дэмжлэг, оновчтой шийдвэр гэж харсан. УИХ-аас 2012 онд батлагдсан “Зээлийн батлан даалтын сан”-гаар дамжуулан олгож буй тул нөхцөлийн хувьд ч боломжийн санагдсан. Манай компани 500 сая төгрөгийн зээл авсан. Уг сангаар зээлийн барьцааны тодорхой хувийг батлан даалгасан. Энэ нь манай байгууллагын хувьд бодит дэмжлэг болсон. Олон шат дамжлага, цаг хугацаа шаардахгүй, чирэгдэл, хүндрэл багатай байснаараа давуу талтай байсан. Авсан зээлээ сүүлийн үеийн технологид суурилсан, малчдын эрэлт хэрэгцээ, судалгаанд тулгуурласан шинэ бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлд нэвтрүүлэх, зарим бүтээгдэхүүний татан авалтад зарцуулах болно. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явуулж, улмаар ажлын байрыг хадгалж үлдэхэд зээлийг зарцуулна.
-Малчдын худалдан авах чадвар ямар байна вэ?
-Санхүүгийн нөхцөл байдал хаа сайгүй хүнд байгаа энэ цаг үе малчдад маань ч хүндээр тусаж байна. Малчдын худалдан авалт бол цаг хугацаатай тодорхой улиралтай байдаг. Өөрөөр хэлбэл, хаврын ноолуурын үе, өвөл мах бэлтгэлийн үед худалдан авалт нэмэгддэг. Гэхдээ монгол хүн амны билгээрээ гэдэг. Малын буян ч их тул малчид маань чадах чинээгээрээ хэрэгцээт бараагаа худалдан авсаар байгааг хэлэх хэрэгтэй.
-Өнөөдрийн нөхцөл байдлыг зарим компани, аж ахуйн нэгж эерэг боломж гэж харж байгаа. Тухайлбал, урд нь олж хараагүй эрсдэлийг тооцох аргад суралцах, тооцоо судалгааг хийж цаг зав гарлаа гэж ярьж байна. Танай компани сүүлийн хоёр жилийн хугацаанд ямар ажлыг амжуулав?
-Бид өмнөх жилүүдэд хөдөө орон нутгаар бүх аймаг, сумуудад явуулын худалдаа хийдэг байсан. Энэ цаг үед хөл хорио, орон нутаг замаа хаасан шалтгаанаар явуулын худалдааг хийх боломжгүй болж мөн малчид хот руу ирж худалдан авалт хийх боломжгүй болсон. Үүнийг дагаад компанийн нөхцөл байдал ч хүндэрч эхэлсэн. Дараагийн боломж юу байна, яаж хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ хүргэх вэ, хэрхэн цаг хугацаа хэмнэх вэ, борлуулалтын богино хугацааг яаж ашиглах вэ гэсэн олон асуудал тулгарч байсан. Тиймээс орон нутгийн худалдаа эрхлэгчидтэй хамтран ажиллаж салбар дэлгүүрүүдээ нээж эхэлсэн.
Энэ нь цаг үеэ олсон, малчдад ойртсон, Улаанбаатарт зарагддаг үнээр малчид бараа бүтээгдэхүүнийг авах боломжтой болсон. Нөгөө талаас тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд харилцан ашигтай дэмжлэг үзүүлж байгаа гэж ойлгож болно.
-Сүүлийн үеийн шинээр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ танилцуулаач?
-Монголдоо анх удаа 10 болон түүнээс дээш жил ажиллах Lithium lron Phosphate” төрлийн LiFePo4 ухаалаг батарейн /12/100ah аккумлятор/ үйлдвэрлэж эхэлснээс хойш малчид, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн болсон төдийгүй эрэлт хэрэгцээ ч их байна. Уг батарей нь галын аюулгүй, дэлбэрэх аюулгүй, дотоод дулааны урсгал явагддаггүй тул аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан. Өөр дээрээ BMS буюу батарейн удирдлагын системтэй тул ашиглалтын хугацааг уртасгаж аюулгүй байдлыг эрс дээшлүүлсэн. Хар тугалга, хүчил, газрын ховор элементийг агуулаагүй, хий ялгаруулахгүй, гүн цэнэг алдалтын зөвшөөрөгдөх хэмжээ 100 хувь, 10 хүртэл тоогоор зэрэгцээ холбож болно. Өөрийн дотоод эсэргүүцэл маш бага, эрчим хүчний ашигтай ажиллагаа 98 хувь ба түүнээс дээш, өөрийн цэнэг алдалт маш бага сард гурван хувь ба түүнээс бага гэсэн олон давуу талтай. Мөн тун удахгүй 220 вольтын зөөврийн цахилгаан станц үйлдвэрлэхээр бэлтгэж байна. Бид цаашид дэлхий нийтээр хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж буй “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын хүрээнд байгальд ээлтэй, эко бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орныхоо эдийн засгийг сэргээхэд бүх боломж, бололцоогоо дайчлан ажиллахыг зорьж байна.
Сэтгэгдэл ( 0 )