Жил бүрийн Барилгачдын баярыг угтан зохион байгуулагддаг салбарын томоохон арга хэмжээ болох “BARILGA EXPO 2021” үзэсгэлэн 14 дэх жилдээ 2021 оны есдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд “Мишээл экспо төв”- ийн үзэсгэлэнгийн тахимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Үзэсгэлэнгийн шагнал гардуулах хаалтын үйл ажиллагаанд Барилгын хөгжлийн төвийн Дэд захирал М. Ибрай, ОСНАА хэлтсийн дарга Т.Ганбаатар, МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд Барилга МН-ийн Ерөнхий захирал Г.Батсүх нар шилдэгүүдэд шагналыг гардууллаа.
Үзэсгэлэнд барилгын материал, шинэ орон сууц, амины орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 120 орчим компани оролцож, дөрвөн өдрийн турш үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Уламжлал ёсоор үзэсгэлэнгийн сүүлийн өдөр буюу есдүгээр сарын 12-ны өдөр шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болж шилдгүүдийг найман номинацын дагуу шалгарууллаа.
“BARILGA EXPO 2021” үзэсгэлэнгийн шилдгээр тодорсон компаниудтай танилцана уу.
ШИЛДГИЙН ШИЛДЭГ ГРАНПРИ
“Эрхэт Монгол” группийн Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Сэлбийн аманд хэрэгжүүлж байгаа “Grand Marshal Luxury Villas” нь нийт 13.2 га талбайд орчин үеийн интерьер, экстерьерийн шийдэлтэй 111 айлын таун хаус, твин хаус, сингл хаус болон 388 айлын мульти хаус, пентхаус ангиллын орон сууц бүхий 499 айлын тансаг зэрэглэлийн дөрвөн улирлын цогцолбор хотхон юм.
Цогцолбор хотхон хэмээн тодотгохын учир нь тус бүтээн байгуулалтын хүрээнд Кембрижийн хөтөлбөртэй 350 хүүхдийн сургууль, олон улсын жишигт нийцсэн дотуур байрны кампус, 150 ортой европ стандартын цэцэрлэг, 74 ортой эх, нялхсын сувилал, спорт заал, бассейнаас бүрдэх иж бүрэн тоноглолтой комплекс, мини кино театр, саун, ресторан, паб, лаунж, караоке, үйлчилгээний төв гээд оршин суугчдынхаа хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангах цогц орчин бүрдүүлэхээр төлөвлөгдсөн. Сагсан бөмбөгийн гурав, хөлбөмбөгийн нэг талбайг төлөвлөсөн ба өвөлдөө Улаанбаатарын хамгийн том мөсөн талбайтай хотхон болохоор зорьж байна.
Тус хотхоны ижил төстэй бусад хотхонуудаас ялгарах том онцлог нь хотхоны нийт 70 хувь нь ногоон байгууламжтай жилийн дөрвөн улиралд цэвэр агаарт амьдрах хамгийн таатай орчныг бүрдүүлж, хүртээмжтэй ногоон байгууламж, байгалийн горхи, хиймэл цөөрөм, усан оргилуур байгуулах зэрэг хамгийн их хөрөнгө зарцуулах ландшафтыг төлөвлөөд байгаа юм.
ШИЛДЭГ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
Тэсо констракшн компанийн төслийг таниулах, борлуултыг дэмжих анхдагч зорилгоор үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр 2013 онд Тэсо Пропертис компанийг үүсгэн байгуулсан.
Эрхэм харилцагч нартаа урт богино хугацааны түрээсийн нөхцөл, түрээслэн худалдан нөхцөл, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх, хөрөнгө худалдан авах, борлуулах, хуулийн зөвлөгөө үйлчилгээг үзүүлэх зэргээр хамтран ажиллаж байна. Төслийн борлуулалтыг гүйцэтгэх анхдагч үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагааг өргөжүүлэн, захиалагч харилцагч нарт тохирсон төлбөрийн олон хувилбарт нөхцөлүүдийг санал болгодог бөгөөд гадаадад байгаа Монголчууддаа хүрч ажиллахаар тохиромжтой нөхцөл танилцуулж хамтран ажиллаж байна.“Тэсо констракшн” компани нь Содон стандарт хороолол, Sky garden residence, Palm spring resort villa, Alpha zone, Active garden residence зэрэг Улаанбаатар хотын нүүр царай, барилгын салбарын хөгжлийг харуулсан олон төслүүд амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
ШИЛДЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ
Үндэсний үйлдвэрлэгч “Монцемент Билдинг Материалс” ХХК нь Дорноговь аймгийн Өргөн суманд 2015 онд орчин үеийн дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй эко технологиудыг нэвтрүүлэн жилд 1 сая тонн цемент, цементийн клинкер боловсруулах хүчин чадал бүхий хуурай аргын цогц үйлдвэрийг барьж ашиглалтад оруулан үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан ажиллаж байна.
Түүнчлэн үйлдвэрийн нэг хэсэг болох цагт 120 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий клинкер боловсруулах үйлдвэрийг Улаанбаатар хотын сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт барьж байгуулсан нь аж үйлдвэрийг цогцолбороор нь хөгжүүлэх үлгэр жишээ загвар болоод байгаа юм.
Мөн хаягдал хий ашиглан эрчим хүч үйлдвэрлэх WHRPG (Waste heat recovery power generation) үйлдвэрийг Монгол Улсдаа анх удаа барьж байгуулан ашиглаж байгаа бөгөөд 2021 оны эхний 8 сарын байдлаар хаягдал хийнээс нийт 5,198,160.00 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 16,976.25 тн хүлэмжийн хийн бууралтад нөлөөлсөн байна.
"Монцемент билдинг материалс" ХХК нь улсын болон хувийн хэвшлийн хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож эх орны хөгжлийн түүчээ болсон томоохон бүтээн байгуулалтуудад оролцож эх орны 4 зүг 8 зовхист бүтээгдэхүүнээ цаг тухай бүрт нь нийлүүлж тасалдалгүй хамтран ажиллаж “БАТ БЭХ ХӨГЖЛИЙН СУУРЬ”-ийг бүтээлцэж байгаа билээ.
ШИЛДЭГ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ
Сайхан төмөрт ХХК нь 2007 онд байгуулагдсан бөгөөд төмрийн худалдаа, төмөр хийц, ган бүтээцийн үйлдвэрлэл, хөөсөнцөр, сэндвич хавтан үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, салбартаа тэргүүлэгчдийн нэг юм.
Ганбүтээцийн үйлдвэр нь сардаа 150-180 тонн төмөр хийцлэлийг боловсруулдаг, сэндвич хавтангийн үйлдвэрлэл нь өдөрт 2400-3000 м, хөөсөнцөр үйлдвэрлэл нь өдөрт 750-800м куб хүртэл хэмжээтэйгээр үйлдвэрлэж байна.
ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ
“Тесо пропертис” ХХК-ийн хэрэгжүүлж буй ACTIVE GARDEN RESIDENCE Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, Хан-Уул дүүрэг Яармагт байрлах эрүүл хөрс, цэнгэг агаар бүхий Богд уулын бэл, Туул голын хөвөөнд байрлалтай 5А CONCEPT бүхий эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэсэн бизнес зэрэглэлийн 856 айлын орон сууц юм.
Нийт талбайн 70 хувьд нь нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж, спортын талбай, хүүхдэд зориулсан тоглоомын талбай, амралтын чөлөөт бүсийг, 16 хувьд нь автомашины зам талбай, зогсоолыг, 14 хувьд нь Барилга байгууламжийг бий болгож байна.
Мөн орчин үеийн хот төлөвлөлтийн шинэ шийдлүүдийг ашиглан барилга хоорондын бүсд авто замын хөдөлгөөнийг хааж аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог юм.
ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ
"УНИВЕРСУМ ГРУПП" ХХК нь 2012 оноос хойш барилгын дулаан хангамж, сантехникийн материалын ханган нийлүүлэгч CNP, SHIMGE брэндийн албан ёсны дистрибьютороор ажиллаж байна. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагын дагуу үйлчилгээгээ улам ойртуулах зорилгоор “СNP” насос бойлер, сантехникийн тоног төхөөрөмжийн төрөлжсөн худалдааны дэлгүүр нээн ажиллуулж байгаа төдийгүй Улаанбаатар хотын утааг багасгах ажлын хүрээнд 2015 оноос эхлэн Солонгос улсаас бүрэн автомат ажиллагаатай утаагүй бүрэн шаталттай эко зуухийг нэвтрүүлсэн.
Тус компани нь Нийгмийн хариуцлагын хүрээнд татвараа цаг тухайд нь шударгаар төлдөг байгууллагын хувьд 2015 онд “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГА”-аар мөн 2020 онд Барилга хот байгуулалтын яамнаас Инженерийн шугам сүлжээ чиглэлээр “ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” -аар тус тус шалгаран амжилттай ажиллаж байгаа билээ.
ШИЛДЭГ ШИНЭ ОРОН СУУЦ
"Монкон констракшн" ХХК - ийн хэрэгжүүлж буй "360 МАНДАЛА" residential tower нь хэний ч нүдэнд хамгийн түрүүнд тусах өвөрмөц, шинэлэг экстерьер дизайнаар НАВЧИН хэлбэр бүхий дахин давтагдашгүй онцгой хийцлэл агуулсан бөгөөд урд зүгтээ Богд хан уул, хойд зүгтээ хотын төв талбай гээд Улаанбаатар хот бүхэлдээ дүүрэн дэлгэмэл өнцгөөр харагдах өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхагийн нэг юм.
Уг tower нь шилэн фасадтай 25 давхар, 104 айлын, өндөр зэрэглэлийн орон сууц бөгөөд ухаалаг системээр бүхнийг хормын төдийд удирдах боломж бүхий ухаалаг автомат систем, аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх бүхий л төлөвлөлтийг тооцож хийсэн дэвшилтэт технологиудтай юм. Мөн өндөр зэрэглэлийн орон сууцны чанар, стандартыг хангах аюулгүй байдлын систем, нисдэг тэрэгний зогсоол, нийтийн эзэмшлийн террас төлөвлөсөн өгснөөрөө онцлог юм.
ШИЛДЭГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТЙ КОМПАНИ
Барилгын салбарт томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй "Эрхэт Монгол групп” ХХК нь “СЭЛБЭ” зуслангийн барилгыг шинэчлэн, өнгөрсөн 80 жилийн хугацаанд элэгдэлд орж, цаашид ашиглах боломжгүй болсныг сэргээн засварлаж, шинэчлэхээр 35 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дөрвөн улирлын үйл ажиллагаатай Олон улсын хүүхдийн зуслан, Боловсролын кампус болгон бүрэн шинэчилж байна.
Мөн тус групп салбартаа анх удаа нээлттэй ил тод байдал, захиалагчийн шилэн хяналтыг бий болгожээ. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгө оруулалтаар нийт 8 км бохирын шугамыг Сэлбийн амруу татаж, төвийн шугаманд холбосон төдийгүй 19,8 км өндөр хүчдэлийн шугамыг татаад байна.
“Эрхэт Монгол групп” ХХК нь Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан Олимп, Паралимпын тамирчид, дасгалжуулагч нарыг урамшуулан шагнаад байна. Тодруулбал, Токио-2020 олимпод Хүндийн өргөлтийн төрөлд 4-р байрын шагнал хүртсэн МУГТ М. Анхцэцэгт “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хаус хотхондоо 3 өрөө орон сууц бэлэглэж, тэтгэлэгт цалин, Олон улс тив дэлхийн аваргын тэмцээний санхүүжилтээр ивээн тэтгэхээр болж, түүний багш Үндэсний шигшээ багын дасгалжуулагч Ц. Хосбаярыг 5 сая урамшуулж, Монголын хүндийн өргөлтийн холбоонд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн Токио-2020 паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд аварга болсон МУГТ Э.Соднопилжээд “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хотхонд тансаг зэрэглэлийн таун хаус, түүний багш Д.Баттулгад “Сити резиденс” хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэн амжилт хөдөлмөрийг мялаагаад байна.
Мөн олимпын наадмын шууд дамжуулалтын мөнгөн ивээн тэтгэгчээр ажилласан зэрэг нийгмийн хариуцлагын олон жишиг ажил хийж, салбартаа болон нийгэмд үлгэр дуурайлал,болон манлайлж байгаа юм.
“BARILGA EXPO 2021” үзэсгэлэнгийн шилдгээр тодорсон та бүхэндээ халуун баярыг хүргэж, салбартаа оруулах хувь нэмэр нь улам өдөө байх болтугай гэж хүсэн ерөөе.
Сэтгэгдэл ( 0 )