"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-ТАВДУГААР БҮЛЭГ
ХУУРМАГ ЗАРЛИГ БИЧИГ ТАРХААСАНД ОЛОН МУЖ ЦАО ГҮНД НИЙЛҮҮЛСЭН БООМТЫН ЦЭРГИЙГ ЭВДЭЖ
ГУРВАН АРУУХАН ЛЮЙБҮ ЛҮГЭЭ БАЙЛДСАН
Өгүүлэх нь: Чэньгүн, Цаоцаог цавчсугай хэмээгээд гэнэт эргэцүүлэн санаруун: “Би улс төрийн учирт дагаж энд ирсэн бөлгөө. Албаас журамгүй болмуй. Харин орхиж явахад хүрэхгүй” хэмээн илдээ ховдолж тэнгэр гэгээрэхийг хүлээхгүй хэмээгээд морийг унаж зүүн мужийн зүг очив. Цаоцао сэрээд Чэньгүн үзэгдэхгүй тул санаруун: “Тэр эрхгүй миний хэлсэн хоёр үгэнд намайг “Өршөөлгүй!” хэмээн сэжиглээд орхиж эчив. Би мөн хурдан явбаас зохимуй. Удаж болохгүй!” хэмээн, шөнө дөл Дү Чэнь Лю газарт хүрч эцгээ эрж учраад урьдын үйлийг цөм хэлсэн хойно “Гэрийн эдийг түгээн журмын цэрэг хураасугай!” хэмээхэд эцэг нь: “Эд цөөн тул үйл бүгэхгүй бөлгөө. Энд нэгэн Сяолянь43 Вэйхун хэмээгч хүмүүн буй. Ер журмыг хүндэтгэн эдийг хайрлахгүй бөгөөд түүний гэр нь ихэд баян, хэрвээ олж туслагдваас энэ үйл бүтэж болмуй” хэмээв.
Түүнээс Цаоцао архи идээг бэлтгээд Вэйхунг гэртээ залж ирээд өчрүүн: “Эдүгээ Хань улсад эзэн үгүй, Дунжуо эрхийг эзэрхэж, эзнийг мэхлэн иргэнийг зовоож, дэлхий дахины хүмүүн цөм шүдээ зууж занмуй. Цаоцао би улс төрийг тэнхрүүлье хэмээвээс гагц хүчин хүрэхгүйд хорсном бөлгөө. Гүн чи шударга журамт хүмүүн тул аюумшиггүй туслахыг гуймуй!” хэмээсэнд Вэйхун өгүүлрүүн: “Надад ийм сэтгэл аж уджээ, гагц баатар хүчтэн лүгээ уулзсангүй тул хорсож агсан бөлгөө. Нэгэнтээ Мөндө чамд ийм их санаа байваас дуртайяа гэрийн эдийг гаргаж тусалсугай!” хэмээсэнд Цаоцао ихэд баярлан урагш хуурмаг зарлиг бичгийг олон мужид довтолгон тархаалгасан хойно журмын цэрэг хураамуй хэмээн цагаан туг босгож түүн дээр “Шударга журам” хэмээх хоёр үсэг бичив. Хэдэн өдрийн хооронд сонгохыг хүлээгчид бороо орох үүл мэт цуглан ирэв.
Түүнээс нэгэн өдөр Янпингийн Вэйгуо газрын хүмүүн, овог Лө, нэр Зинь, өргөсөн нэр Вэньцянь хэмээгч Цаоцаог дагахаар ирэв. Бас нэгэн Шань Янгийн Зюйлу газрын хүмүүн овог Ли, нэр Дянь, өргөсөн нэр Мань Чэн бас л Цаоцаог дагахаар ирэв. Цаоцао цөм үлдээж цацрын өмнөх түшмэл болгов. Бас нэгэн Пэйгуогийн Цяо газрын хүмүүн, Ся Хоудүнь хэмээгч, өргөсөн нэр Юаньран, Сяхоу Енгийн үр, бяцханаас жад, шидэмийг боловсруулжээ. Арван дөрвөн насанд багшийг дагаж цэргийн сургуулийг боловсруулахуйд хүмүүн түүний багшийг доромжлон хараахад Ся Хоудүнь тэр хүмүүнийг цавчин алаад гадаадад оргож байхад Цаоцаогийн журмаар цэрэг хураахыг сонсоод түүний нэгэн угсаагийн дүү Ся Хоу Юань лугаа тус тус идэрчүүдийг мянган нэр дагуулан уулзахаар иржээ.
43 Ачлал тахимдуу
Энэ хоёр хүмүүн чухам Цаоцао лугаа ах дүү бөлгөө. Цаоцаогийн эцэг Цаосүн, угтаа Сяхоу овогтын хөвгүүн, Цао овогтын гэрт тэжээгдсэн тул нэгэн угсаа болой. Хэдэн өдөр болсонгүй Цао овогтын ах дүү Цаорэнь, Цаохун тус бүр мянга илүү цэрэг авч Цаоцаод туслахаар ирэв. Цаорэньгийн өргөсөн нэр Зясяо, Цаохунгийн өргөсөн нэр Зылянь, энэ хоёр хүмүүн харвах намнахад сайн, цэргийн эрдэмд боловсорчээ. Цаоцао ихэд баярлан гацааны дотор цэргийн хүмүүнийг боловсруулан сургав. Вэйхун гэрийн эдийг дуусган гаргаж хуяг дуулга, туг хиур бэлтгэв. Дөрвөн зүгийн хүн амуу өвс хүргэж ирснийг тооловч барахгүй бөлгөө.
Тэр үе Юаньшао, Цаоцаогийн хуурмаг зарлиг бичгийг олоод тугийн дорх олон бичиг цэргийн ардыг цуглуулан гурван түмэн цэрэг авч Бохайгаас Цаоцао лугаа чуулган нийлэхээр ирэв. Цаоцао бас бичиг үйлдэж олон мужид тархаасан бичгийн үг нь:
“Цяоцао нар их журмаар дэлхий дахинаа тархаан өчих иь: “Дунжуо тэнгэрийг дарлан, газрыг мэхэлж, улсыг эвдлэн хааныг алаад, дотоод ордныг бузарлав. Олон амьтныг хорлож, хэрцгий догшин өршөөлгүй яваад, муу ихэд дүүрчээ. Эдүгээ тэнгэрийн хөвгүүний нягт зарлиг бичгийг хүлээн ихээр журмын цэргийг хурааж тангараглан, дэлхий дахиныг ариутган шүүрдээд, олон муу хулгайг хядян арилгасугай!» хэмээмүй. Олдохул өршөөл журмын цэрэг байгуулан олны хилэнг тайлж, хаан төрийг тэтгэн иргэнийг зовлонгоос авран гаргахыг хүсмү. Бичиг хүрсэн өдөр даруй журамлан явуулмуй” хэмээжээ.
Цаоцао бичгийг тархаан явуулсны хойно олон мужийн эзэд цөмөөр цэрэг үүсгэн харилцан цуглахаар ирэв.
Нэгдүгээр зам: Хойд жанжин Нань Янгийн тайшоу түшмэл Юаньшу
Хоёрдугаар зам: Зижоу мужийн Цьши түшмэл Ханьфү
Гуравдутаар зам: Юйжоу мужийн Цыши түшмэл Кунжоу
Дөрөвдугээр зам: Яньжоу мужийн Цыши түшмэл Людай
Тавдугаар зам: Хөнэйгийн тайшоу түшмэл Ванкуан
Зургадугаар зам: Чэньлюгийн тайшоу түшмэл Жанмяо
Долдугаар зам: Зүүн мужийн тайшоу тушмэл Цяомао
Наймдугаар зам: Шань Янгийн тайшоу түшмэл Юань И
Есдугээр зам: Зибэйгийн Сян түшмэл Баосинь
Аравдугаар зам: Бэйхайгийн тайшоу түшмэл Кунрун
Арваннэгдүгээр зам: Гуанлингийн тайшоу түшмэл Жанчао
Арванхоёрдугаар зам: Сюйжоу мужийн Цыши түшмэл Таоцянь
Арвангуравдугаар зам: Силянгийн тайшоу түшмэл Матэн
Арвандөрөвдүгээр зам: Бэйпингийн тайшоу түшмэл Гүн Сүнзань
Арвантавдугаар зам: Шандангийн тайшоу түшмэл Жан Ян
Арванзургадугаар зам: Ү Чэнхоу бөгөөд Чаншагийн тайшоу түшмэл
Сүньзянь
Арвандолдугаар зам: Цисян Хоу бөгөөд Бохайгийн тайшоу түшмэл
Юаньшао.
Олон замын цэрэг морьд үлэмж цөөн адилгүй. Гурван түмний буй. Нэг хоёр түмний буй. Тус тус бичиг цэргийн түшмэдийг дагуулан Луо Ян хотын зүг ирэв.
Тэндээс Бэйпингийн тайшоу Гүн Сүньзань шилдэг цэрэг нэгэн түм таван мянгыг дагуудан Дөжоу мужийн Пин Юань сумыг дайран гарахуйд аглагаас үзвээс ялмын44 модон шугуй дотроос шар туг өргөж хэдэн морьт хүмүүн угтаж ирмүй. Гүн Сүньзань үзвээс харин Сюаньдө ажгуу. Гүн Сүньзань асууруун: “Мэргэн дүү яахин энд буй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Урьд ахын айлтгасан учирт Пин Юань суманд түшмэл болгов. Эдүгээ их цэрэг үүгээр өнгөрөн гарахыг сонсоод, тухайлан угтахаар ирэв. Одоо ах хот дотор залран орж морио амруул муу!” хэмээсэнд Гүн Сүньзань, Гуань, Жанг зааж асууруун: “Энэ ямар хүмүүн?” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Энэ нь Гуаньюй, Жанфэй Любэй миний журмаар найрласан ах дүү болой” хэмээсэнд Гүн Сүньзань өгүүлрүүн: “Чам лугаа шар алчуурт хулгайг эвдэлсэн нь бус уу?”. Сюаньдө өгүүлрүүн: “Цөм энэ хоёр хүмүүний хүчин болой!” хэмээсэнд Гүн Сүньзань өгүүлрүүн: “Эдүгээ ямар зэрэгт буй?”. Сюаньдө өчрүүн: “Гуаньюй морьт цэргийн нумч, Жанфэй явган цэргийн нумчид буй”. Гүн Сүньзань шүүрс алдаж өгүүлрүүн: “Ийм болбоос сайн эрс бологджээ хэмээн өгүүлж болмуй. Эдүгээ Дунжуо самуурсны тулд дэлхий дахины мужийн эзэд бүгд нийлж алахаар одмуй. Мэргэн дүү энэ өчүүхэн түшмэл хэргэмийг гээж хамт хулгайг дайлан Хань улсын хаан төрийг тэтгэвээс ямар?” гэхэд Сюаньдө өгүүлрүүн: “Одохыг хүсмүй!” хэмээв. Жанфэй өгүүлрүүн: “Тэр үед намайг талбиж Дунжуог алуулсан болбоос энэ өдрийн хэрэг үгүй болсон болой” хэмээсэнд Юньчан өгүүлрүүн: “Хэрэг нэгэнт үүнд хүрсэн тул даруй хөсгөө үйлдэж урагш очвоос зохимуй” хэмээв.
Тэндээс Сюаньдө, Гуань, Жан хэдэн морьт цэргийг авч Гүн Сүнъзанийг дагаж ирснийг Цаоцао угтаж авав. Тэндээс олон мужийн эзэд дараагаар цөм хүрч ирээд тус тус хүрээ байгуулж буусан нь хоёр зуу илүү газар залгалджээ. Цаоцао үхэр морь алж олон мужийн эздийг хуруулан цэрэг орох аргыг зөвлөхүйд, тайшоу түшмэл Ванкуан өгүүлрүүн: “Эдүгээ их журмыг үүсгэвээс эрхгүй чуулганы дарга байгуулж болзоо бодлогыг сонссоны хойно сая цэрэг орсугай!” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Юань Бэнчү45 дөрвөн үе улиран гурван гүнгийн зэрэгт хүрч түүний харьяат хуучин түшмэд олонтой бөгөөд Хань улсын нэртэй жанжны үр тул чуулганы дарга болговоос зохимуй!” хэмээсэнд Юаньшао найр талбин гурвантаа маргасанд олон цөм өгүүлрүүн: “Юань Бэньчүгээс бусад болохгүй!” хэмээжээ. Тэр үтэнд Юаньшао сая хүлээн авав.
44 Ялам мод - навчаар нь хүр хорхой тэжээдэг, үрийг нь иддэг нэгэн зүйл мод
45 Юаньшаогийн өргөсөн нэр
Дэд өдөр гурван дэгтэр мандал цогцлоож бүрнээ таван зүгийн туг хиур жагсаан цагаан залаа46, шар төмөг47 босгож цэргийн тэмдэг жанжны тамга талбиад Юаньшаог мандал дээр залсны хойно Юаньшао дээлээ засаж, илд зүүж мандалд дэвшээд хүж шатаан дахин давтан ёсолж тангарагласан нь: «Хань улс завшаангүй хааны хэлхээ тасраад ёс бүгд алдав. Хулгай Дунжуо завсар чөлөөг үзэж дураар аашлан хаанд зовлон хүргэж, иргэнд зүдгүүр болгожээ. Юаньшао нар улс төр мөхөхөөс айж журмын цэргийг цуглуулан хамт улсын зовлонг арилгасугай хэмээмүй! Аливаа манай чуулганы хүмүүн сэтгэл нэгдэн нэгэн хүчээр сайдын ёсыг гүйцэтгэмүй. Хэрхэвч хоёр сэтгэл барихгүй. Чуулганы дүрмээс зөрчвөөс амь бие мөхөж үр үндэсгүй болтугай. Тэнгэр газар өвөг сахиулсан гэгээндээ айлдму!» хэмээжээ. Дуудаж барсан хойно цусаа нийлүүлэн амтлав.
Тэр үг уяралтай тул олон цөм нүдний нулимсыг асгаруулав. Цусыг уун48 бараад мандлаас буусан хойно олноор Юаньшаог түшилцэн цацарт суулгаад олон эзэд хоёр этгээдэд зэрэг хэргэмийн дэс дараагаар суулцав. Цаоцао хундага барьж хэдэн зэрэг тойрсон хойно өгүүлрүүн: “Энэ өдөр нэгэнт чуулганы дарга байгуулсан тул олноор улируулан зарахыг дагаж хамт улс гэрийг тусалсугай! Битгий чийрэг буурайг тэмцэлдэгтүн!”. Юаньшао өгүүлрүүн: “Юаньшао надад хэдийгээр чадал эрдэм үгүй боловч нэгэнтээ олонд өргөгдөж чуулганы дарга болсон тул гавьяа олсонд эрхгүй шагнаж, ялтайг эрхгүй ялалмуй! Улсад тогтсон цааз аж, цэрэгт хэв хууль буй! Олон сахин дагатугай! Битгий зөрчиж халдагтун!” хэмээсэнд олон цөм өгүүлрүүн: “Захиаг сонсмуй” хэмээв. Юаньшао өгүүлрүүн: “Миний дүү Юаньшу бүх амуу өвсийг захирч олон хүрээнд олгуулан өгч, саатуулахад үл хүрүүл. Нэндээ нэгэн хүмүүнийг гавшгай болгож шууд Сышуй Гуань боомтод одож өдөөн байлдах хэрэгтэй. Бусад цөм тус тусын чухал газрыг сахиж туслах цэрэг болбоос зохимуй!” хэмээв.
Чаншагийн тайшоу түшмэл Сүньзянь: “Би гавшгай болохыг хүсмүй” хэмээсэнд Юаньшао өгүүлрүүн: “Вэньтай49 чийрэг баатар, энэ тушаалыг хүлээж болно” хэмээжээ. Сүньзянь яаран өөрийн харьяат цэргээ авч Сышуй Гуань боомтын зүг мордсонд боомтыг сахисан цэрэг хүмүүн зарж Луо Ян хот дахь чансангийн ордноо мэдүүлэхээр очив. Дунжуо их эрхийг эзлэснээс нааш өдөр бүр хуримлан уумуй. Лирү мэдүүлэхээр ирсэн бичгийг хүлээн авч шууд чансангийн яаманд орж Дунжуод үзүүлэхэд Дунжуо ихэд цочиж даруй олныг цуглуулан зөвлөвөөс Вэньхоу Люйбү хээхэлзэн гарч өгүүлрүүн: “Эцэг битгий зовогтун! Би боомтын гаднахь олон мужийн эздийг үзэхүйд өвс суйхын адил. Миний бие барс чоно мэт цэргийг аван очиж тэдний толгойг дуусган огтлож хотын хаалганд өлгөсүгэй!” хэмээсэнд Дунжуо ихэд баярлаад өгүүлрүүн:
46 Ишнийх нь үзүүрт сарлагийн сүүл өлгөсөн туг
47 Алтадмал сүх
48 Эртний хүмүүс андгайлан тангараглахдаа цусаа амсаж андын болзоог сахих зоригоо илтгэдэг
байжээ.
49 Сүньзяньгийн өргөсөн нэр
“Надад Фэньсянь байваас өндөр дэр дэрлэж зовох явдалгүй болой” хэмээх үг барахын урьд Люйбүгийн хойноос нэгэн хүмүүн гарч их дуугаар өгүүлрүүн: “Тахиа алахад яахин үхэр нядлах хутгыг хэрэглэмүй! Вэньхоу50 биеэр гарч зүдэх хэрэггүй. Би олон мужийн эздийн толгойг огтлох нь уутнаас юм авах мэт бөлгөө”. Дунжуо үзвээс тэр хүмүүний биеийн өндөр есөн тохой, барсын бие чонын нуруу, ирвэсийн толгой, бичний мөртэй, Гуаньси газрын хүмүүн, овог Хуа, нэр Сюн. Дунжуо тэр үгийг сонсоод ихэд баярлан Сяоци Сяовэйгийн тушаал нэмж явган морьт цэрэг таван түмийг өгч Лисү, Хужэнь, Жаочэнь гуравтай шөнө дөлөөр Сышуй Гуань боомтын зүг илгээв.
Тэндээс олон мужийн эздийн дотор Жибэй газрын Сян түшмэл Баосинь, Сүньзяньгийн нэгэнт гавшгайлан очсонд түүнийг их гавьяа байгуулахаас эмээн сэмээр дүү Баожунд явган морьт гурван мянган цэрэг өгч шууд бага замаар хулган илгээсэнд Баожун боомтод хүрээд “Байлдахаар ир!” хэмээн дуудсан хойно Хуасюн таван зуун цэрэг дагуулан боомтоос бууж, гарч байлдахаар ирээд өндөр дуугаар ихэд дуудруун: “Хулгайн жанжин битгий явагтун!”. Баожун яаран “Эгсүгэй!” гэтэл Хуасюн мориноос цавчин унагав. Амьд баригдсан жанжин цэрэг маш олон. Хуасюн Баожунгийн толгойг барьж чансангийн ордноо сэтгүүл довтолгосонд Дунжуо Хуасюнд Дүдүгийн тушаал нэмж өгөв.
Тэндээс Сүньзянь дөрвөн жанжныг авч боомтод хүрэв. Тэр дөрвөн жанжны тэргүүн нь баруун Бэйпингийн Түжинь газрын хүмүүн овог Чэн, нэр Пү, өргөсөн нэр Дөмоу, нэгэн төмөр мурий жад барьжээ. Удаах нь овог Хуан, нэр Гай, өргөсөн нэр Гунфу, Линлин газрын хүмүүн, төмөр ташуур хэрэглэмүй. Гутгаар нь овог Хань нэр Дан, өргөсөн нэр И Гун, Ляосигийн Линжи газрын хүмүүн, их илд хэрэглэмүй. Дөтгөөр нь овог Зү, нэр Мао, өргөсөн нэр Дарун, Үзюныгийн Фүчүнь газрын хүмүүн, хос илд хэрэглэмүй. Сүньзянь мөнгөн хуяг өмсөж улаан хивт малгай өмсөөд Гүдин Дао илд барин алаг дэлтэй морь унаад боомтын зүг зааж хараан өгүүлрүүн: “Мууг туслагч бэртэгчин эр юунд хурдан дагахгүй?”. Хуасюнгийн хавсрагч жанжин Хужэнь таван мянган цэрэг дагуулан боомтоос гарч угтан байлдахуйяа Чэнпү нисэх мэт жад далайсаар ирээд Хужэнь лүгээ байлдан хэдэн удаа болсонгүй. Хужэньгийн хоолойг жадалж мориноос унагав. Сүньзянь цэргийг дохиж алан явсаар боомтод хүрэхүйеэ боомтын дээрээс сум чулуу бороо орох адил тул Сүньзянь цэргээ авч Ляндунд хүрээ буугаад Юаньшаод сэтгүүл довтолгохын ялдар Юаньшугийн дэргэд одож амуу өвс хөөцөлдүүлэхээр илгээв.
50 Люйбүгийн хэргэм тушаал
Тэр үед зарим хүн Юаньшуд хэлрүүн: “Сүньзянь хэмээгч Зяндунгийн зэрлэг барс, хэрвээ Луо Янг эвдээд Дунжуог албаас чухамхүү чоныг алаад барсыг оргуулсан адил болой. Эдүгээ амуу өгөхгүй болбоос түүний цэрэг эрхгүй алдмуй” хэмээсэнд Юаньшу үгийг авч амуу өвс өгсөнгүй тул Сүньзяньгийн цэрэг идэх юм үгүйд дотроо самуун үүсгэв. Туршуулын хүмүүн тэр мэдээг боомтод хэлэхээр очсон хойно Лисү, Хуасюнгийн зүг өгүүлрүүн: “Би энэ үдэш нэгэн баг цэрэг авч бага замаар одож Сүньзяньгийн хүрээний хойгуур хулган орсугай. Жанжин чи өмнө талаас орвол эрхгүй Сүньзянийг барьж болму!”. Хуасюн үгийг авч зарлал тархаан цэргийн хүмүүнд будаа цадтал идүүлж үдшээр боомтоос гарч мордов. Тэр шөнө саран гэгээн салхигүй, Сүньзяньгийн хүрээнд хүрэх үес нэгэнт шөнө дунд болжээ. Хэнгэрэг дэлдэн байлдан орохуйд Сүньзянь яаран хуяг дуулга өмсөн морь унаж гарахуйяа Хуасюн лугаа учирч байлдан хэдэн удаа болохын урьд Лисүгийн цэрэг хүрээний хойдоос ирээд гал талбисанд цэргийн хүмүүн дөрвөн тийш сарнин дутааж олон жанжин харилцан хатгалдан байлдав. Гагцхүү Зү Мао, Сүньзянийг дагаж хаасан газрыг нэвтлэн гарав. Хуасюн хойноос нэхэн ирсэнд Сүньзянь нэгэн дараагаар хоёр сум харвасныг Хуасюн цөм далдлан гарсанд одоо гутгаар сум онилж харвахад хүчин ихэдсэнээр нум хугарчээ. Аргагүй хугарсан нумаа гээж морийг ташуурдан буруулахад Зү Мао өгүүлрүүн:
“Эзний зүүсэн улаан хивт малгай гилбэлзэх тул хулгайд танигдав. Хурдан тайлж надад өг!” хэмээн морины дээр даруй дуулгыг арилжиж хоёр замаар буруулав. Хуасюнгийн цэрэг гагц улаан хивт малгай өмссөнийг дагаж нэхмүй. Тэндээс Сүньзянь бага замаар буруулан гарав. Зү Мао Хуасюнгийн нэхэхэд цухалдаж улаан хивт малгайг галд шатсан гэрийн баганад өлгөөд шугуйн дотор орж нуув. Хуасюнгийн цэрэг сарны гэрлийн дор аглагаас улаан хивт малгайг үзээд тойрон хааж аюун ойр халдан очихгүй. Зэвээр харавхад сая аргыг мэджээ. Урагш очиж улаан хивт малгайг автал Зү Мао шугуйгаас гарч ирээд хос илдээр Хуасюнг цавчихуйяа Хуасюн нь өндөр дуугаар бархиран Зү Маог мориноос цавчин унагаад гэгээртэл байлдсаар Хуасюн сая цэргээ авч боомтод гарав.
Тэндээс Чэнпү, Хуангай, Ханьдан нар Сүньзянийг олоод дахин цэргийг хурааж хүрээ байгуулав. Сүньзянь, Зү Маог автагдав хэмээн уйлан гасалж барахгүй. Шөнө дөлөөр хүмүүн зарж Юаньшаод хэлэхээр ирсэнд Юаньшао ихэд цочиж өгүүлрүүн: “Санамсаргүй Сүнь Вэньтай, Хуасюнгийн гарт дарагдав” хэмээгээд даруй олныг цуглуулж олон цөм хүрч ирсэн боловч гагцхүү Гүн Сүньзань хойно ирэв. Юаньшао цацарт залж жагсаан суулцсаны хойно Юаньшао өгүүлрүүн: “Урж өдөр51 Бао жанжны дүү улируулан илгээхийг хүлээхгүй, өөрөө цэрэг орж, цэрэг хохирогдон, бие үхэв. Эдүгээ Сүнь Вэньтай бас Хуасюнд дарагдаад маны урмасыг ихэд буурууллаа. Одоо яаваас болмуй?” хэмээхүйд олон замын эзэд нэг нь ч өчигсөд үгүй. Юаньшао олныг дараалан үзвээс Гүн Сүньзаньгийн арын хойно гурван хүмүүн зогсжээ. Төрсөн байдал зэргээс өөр тэд цөм инээмүй. Юаньшао асууруун: “Гүн Сүньзань тайшоугийн хойно зогссон нь яасан хүмүүн?”.
51 Уржигдар
Гүн Сүньзань, Сюаньдөг дуудан гаргаж өгүүлрүүн: “Энэ миний бяцханаас нөхөрлөсөн дүү, Пин Юань сумын захирагч Любэй хэмээгч болой” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Шар алчуурт хулгайг эвдэлсэн Лю Сюаньдө буюу?” хэмээсэнд Гүн Сүньзань “Тийм” хэмээгээд Сюаньдөг Юаньшаод золгуулж бас Сюаньдөгийн гавьяа зүтэл хийгээд уг үндэсийг нарийвчлан нэг зэрэг хэлсэнд Юаньшао суудал авч ирүүлэн “Суу!” хэмээсэнд Любэй найр талбихуйд Юаньшао өгүүлрүүн: “Би чиний түшмэлийг хүндэлсэн нь бус хааны төрөл хэмээн хүндлэх болой” хэмээсэнд Сюаньдө сүүлийн суудалд суусан хойно Гуань гүн, Жанфэй хоёр гар юугаа уулзуулж арын хойно зогсов.
Олон зөвлөх дунд харуулын хүн ирж хэлрүүн: “Хуасюн цэрэг авч боомтоос бууж ирээд Сүнь Тайшоугийн улаан хивт малгайг урт шураг модонд өлгөж манай хүрээний өмнө байлдсутай хэмээн хараан дуудмуй” гэхэд Юаньшао өгүүлрүүн “Хэн хүмүүн одож байлдмуй?”. Юаньшугийн хойноос нэгэн баатар жанжин Юйшө гарч өгүүлрүүн: “Бага жанжин гарахыг хүсмүй!” хэмээсэнд Юаньшао баярлан Юйшөг байлдахаар гаргав. Удсангүй хүн ирж хэлрүүн: “Юйшө, Хуасюн лүгээ гурван удаа байлдсангүй, Хуасюнд алагдав” хэмээсэнд олон эзэд ихэд цочив. Тайшоу Ханьфү өгүүлрүүн: “Надад Фаньфэн хэмээгч нэгэн их жанжин буй нь Хуасюнг алж болмуй!” хэмээсэнд Юаньшао даруй байлдуулахаар гаргав. Фаньфэн гартаа их сүх барин морь унаж гарав. Удсангүй хүн ирж хэлрүүн: “Фаньфэн бас Хуасюнд алагдав” хэмээмүй. Үүнд олон цөм царай хувилжээ. Юаньшао өгүүлрүүн: “Юутай гомдолтой билээ. Миний дээд жанжин Яньлян, Вэньчоу нар хүрч ирсэнгүй. Хэрвээ нэг ч энд байсан бол яахин Хуасюнгээс аймуй” хэмээн хэлж барахын урьд яндрын дороос нэгэн хүмүүн их дуугаар бархиран өгүүлрүүн: “Дуртайяа одож Хуасюнгийн тэргүүнийг цавчиж цацрын өмнө өргөн барьсугай!”. Олон үзвээс тэр хүмүүний бие есөн тохой өндөр, сахал хоёр тохой урт, гарьдын нүдтэй, хөмсөг хүр хорхой хэвтсэн адил, нүүр нь чавга мэт улаан, дуу нь жун52 цохисон мэт хүнгэнэж цацрын өмнө зогсжээ.
Юаньшао асууруун: “Ямар хүмүүн?”. Гүн Сүньзань өгүүлрүүн: “Энэ Лю Сюаньдөгийн дүү Гуаньюй болой” хэмээсэнд Юаньшао асууруун: “Эдүгээ ямар зэрэгт буй?”. Гүн Сүньзань өгүүлрүүн: “Сюаньдөг дагах морьт цэргийн нумч бөлгөө” хэмээхэд цацрын дотроос Юаньшу зандран өгүүлрүүн: “Чи манай олон эздийн дотор их жанжин үгүй хэмээн доромжилмуй уу? Нэг цэргийн хүмүүн ямар аюумшиггүй самуун үг гаргамуй! Түргэнээ занчиж гарга!” хэмээхэд Цаоцао даруй зогсоож өгүүлрүүн: “Гүнлү53 түр уураа намхруул. Энэ хүмүүн нэгэнтээ их үг гарсаныг үзэхүл эрхгүй баатар бодлого буй аж. Тэнсэж гаргатугай! Хэрвээ дийлэхгүй болбоос тэр цагт буруушаахад мөн удахгүй” хэмээсэнд Юаньшу өгүүлрүүн: “Нэгэн цэргийн хүмүүнийг гарган байлдуулбаас эрхгүй Хуасюнд гутаагдмуй!” гэхэд Цаоцао өгүүлрүүн:
52 Хонх
53 Юаньшугийн өргөсөн нэр
“Энэ хүмүүний байдал дүр зэргийн хүмүүн бус тул Хуасюн яахин цэргийн хүмүүн хэмээн таньж мэдмүй!”. Гуань гүн өгүүлрүүн: “Хэрвээ байлдахаар очоод дийлэхгүй болбоос миний толгойг огтлосугай!” хэмээжээ. Цаоцао халуун дарс нэгэн хундага хийж Гуань гүн уулгаж сая “Морийг унуулсугай!” хэмээхэд Гуань гүн өгүүлрүүн: “Архийг түр нэрж талби. Би очоод даруй ирмүй!” хэмээн хэлээд дам илдээ барьж моринд гараад байлдахаар одов. Олон эзэд сонсвоос боомтын гадна хэнгэрэг дэлдэн хашхирах дуун тэнгэр унаж, газар эвдрээд, уул нурах адил тул олон цөм цочин аюуж сая хүн гаргаж мэдээ авсугай хэмээн атал хонхны дуу гарахуйяа морь нэгэнтээ цацрын өмнө хүрч ирэв.
Юньчан, Хуасюнгийн толгойг дүүжлэн өлгөөд газарт хаяжээ. Тэр үес нэрсэн архи бас халуун агсаар байв. Хожмын хүмүүн магтсан шүлгийн үг:
“Хорвоо ертөнцийг сүрээр дарсан үнэхээр тэргүүн гавьяа
Хорооны хаалганаа зурагт хэнгэрэг дүнгэнэн дуугарахуйяа
Хурц илдийг өндөрт өргөж давхилан мордоод
Юньчан Хундагат дарс хөрөөгүйгээр Хуасюнгийн толгойг цавчив”
Үүнд Цаоцао ихэд баярлав. Сюаньдөгийн ар хойноос Жанфэй гарч ирээд өндөр дуугаар өгүүлрүүн: “Миний ах Хуасюнг алсанд одоо удалгүй бид боомтод алан орж Дунжуог амьдаар барихгүй ямар цагийг хүлээмүй!” хэмээсэнд Юаньшу ихэд хилэн төрж зандран өгүүлрүүн: “Манай олон сайдууд харин харилцан найр талбиж байтал нэгэн бага сумын захирагчийн дорхи бага цэргийн хүмүүн ямар аюумшиггүй энд сүр үзүүлмүй. Цөмийг үлдэж гаргагтун!” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Гавьяа олсныг нь шагнамуй. Юунд эрхэм дордыг ялгах аж?” хэмээсэнд Юаньшу “Гүн нар гагц энэ нэгэн сумын түшмэлийг хүндэтгэвээс би салж явсугай!” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Яахин нэгэн үгний учирт их үйлийг саатуулмуй?” хэмээгээд Гүн Сүньзаньгаар түр Сюаньдө, Гуань, Жанг цэргийн хүрээнд дагуулан аваачуулав. Олон эзэд цөм тархсан хойно Цаоцао сэмээр хүмүүн зарж, архи хүргэж, гурван хүмүүний сэтгэлийг тохинууав.
Тэндээс Хуасюнгийн доорх дарагдсан цэрэг боомтод очиж учрыг хэлсэн хойно Лисү даруй шахам бичиг бичиж Дунжуод сонсгохоор илгээсэнд Дунжуо, Люйбү, Лирү нарыг хуруулж зөвлөхүйд Лирү өгүүлрүүн: “Эдүгээ дээд жанжин Хуасюнг алдав. Хулгайн хүчин даанч их. Юаньшао чуулганы дарга болсон тул Юаньшаогийн бага авга Юаньвэй эдүгээ энд Тайфү түшмэл болж буй. Тэр хэрвээ дотоодоос самууран гадаадаас угтваас ихэд түгшүүр болмуй. Урьдаар түүнийг арилгахад хүрэхгүй. Чансан биеэр их цэргийг авч зам хуваан хядан баримталбаас зохимуй!” хэмээсэнд Дунжуо тэр үгийг “Мөн!” хэмээгээд Лизюэ, Гуосыд таван зуун цэрэг өгч Тайфү Юаньвэйгийн гэрийг хааж хөгшин залууг ялгалгүй цөм дуустал алаад Юаньвэйгийн толгойг боомтын гадна илгээж олноо үзүүлэн Дунжуо биеэр хорин түмэн цэргийг дагуулан хоёр замаар мордов. Нэгэн зам нь Лизюэ, Гуосыд таван түмэн цэрэг өгч урьдаар Сышуй Гуань боомтод одож бэхлэн сууж “Битгий байлдагтун!” хэмээн илгээв.
Дунжуо өөрөө арван түмэн цэргийг захирч Лирү, Люйбү, Фаньчоу, Жанзи нар лугаа Хулао Гуань боомтыг сахихаар ирэв. Энэ Хулао Гуань боомт нь Луо Янгаас тавин газар алсадмуй. Цэрэг муж боомтод хүрч ирсэн хойно Дунжуо, Люйбүд гурван түмэн цэрэг өгч боомтын өмнө их хүрээ буулгаад Дунжуо өөрийн биеэр боомтын дотор буув.
Түүнээс харуулын хүн энэ мэдээг их хүрээнээ Юаньшаод мэдүүлэхээр ирсэнд Юаньшао олныг цуглуулан зөвлөхүйд Цаоцао өгүүлрүүн: “Дунжуо Хулао Гуань боомтод буусан нь манай дундад замыг тасалжээ. Эдүгээ бид цэргийг хагаслан угтаж байлдваас зохимуй” хэмээсэнд Юаньшао даруй Ванкуан, Цяомао, Баосинь, Юань И, Кунрун, Жан Ян, Таоцянь, Гүн Сүньзань найман замын эздийг хувааж Хулао Гуань боомтын зүг угтан байлдуулахаар илгээв. Цаоцао цэрэг дагуулан хойш урагш харилцан өмөглөмуй. Найман замын эзэд тус тус цэрэг хөдөлж явахад Хөнэй газрын тайшоу Ванкуан цэрэг авч урьд хүрсэн тул Люйбү гурван мянган шилсэн цэрэг авч нисэх мэт угтан байлдахаар иржээ. Ванкуан цэргээ жагсааж жагсаалын хаалганы тугийн дор зогсож үзвээс Люйбү жагсаалаас гарвай.
Тэргүүндээ гурван салаат Сухуа алтан малгай өмсөж биедээ Сычуань мужийн улаан хэмэрлэгт зуун зүйлийн цэцэг оёсон дээл өмсөөд, араатны тэргүүт гархин хуяг татан уяж арслан гөрөөсний бүс бүслэжээ. Саадаг хоромсгыг биедээ зохиож Фан тянь хуа зи жад бариад салхин мэт түргэн явах улаан туулай морийг унажээ. Үнэхээр хүний тэргүүн Люйбү, хөлгийн тэргүүн улаан туулай болой. Ванкуан хойш хандаж өгүүлрүүн: “Хэн гарч байлдмуй?” хэмээхэд ар талаас нь нэгэн хүмүүн жад барьсаар гарч ирэв. Ванкуан үзвээс Хөнэй газрын нэртэй жанжин Фан Юэ ажгуу. Хоёул зөрөлдөн байлдаж таван удаа болсонгүй Люйбү, Фан Юэг жадлан мориноос унагаад жадаа барьж шууд дайран ирэв. Үүнд Ванкуангийн цэрэг ихэд самуурч дөрвөн зүг сарнин дутаахуйяа Люйбү зүүн барууныт нэвтлэн алалдах нь хүнгүй газар орох адил. Завшаанд Цяомао, Юань Игийн хоёр анги цэрэг хүрч ирээд Ванкуаныг авран гаргасанд Люйбү эгэв.
Гурван замын цэрэг тус тус баахан цөм хохирсон тул гучин газар эгэж хүрээ байгуулав. Хойно таван замын цэрэг цөм хүрч ирээд нийлж зөвлөн хэлрүүн: “Люйбүгийн баатар хэцүүд тэнцэж байлдах хүнгүй” хэмээн зөвлөж агсан бөлгөө. Гэнэт хүмүүн ирж хэлрүүн: “Люйбү өдөөн байлдахаар ирэв хэмээмүй” хэмээсэнд найман замын эзэд нэгэн цугаар морилж цэргийг найман анги хувааж цөм өндөр довцог дээрээс анхааран үзвээс Люйбү нэгэн багийн цэрэг авч тугийг даллан жагсаалыг нэвтэлж ирэхэд Шандангийн тайшоу Жан Янгийн харьяат жанжин Мүшүнь жад барьж байлдахаар гараад Люйбүд жадлагдан мориноос унасанд олон ихэд цочжээ. Бэйхайгийн тайшоу Кунрунгийн харьяат жанжин Ү Аньгуо төмөр шийдмээ барьж нисэх мэт довтлон гарч байлдахаар одов. Люйбү мөн морийг давшиж угтан ирээд арван удаа илүү байлдаад нэгэн жадаар Ү Аньгуогийн гарын тохойг цоос хатгасанд төмөр шийдмийг газарт унагаж буруулав. Үүнд найман замын цэрэг гарч Ү Аньгуог авран авчирсанд Люйбү сая хойш эгэв. Олон замын эзэд хүрээндээ эгж зөвдөлцөхөд Цаоцао өгүүлрүүн: “Люйбүгийн баатарт тэнцэх хүн үгүй тул арван найман замын эзэд хамт нийлж сайн арга зөвлөөд Люйбүг барьж авбаас Дунжуог алахуйд хялбар болмуй!” хэмээв.
Түүнээс хараахан хэлэлцэх хооронд хүмүүн ирж хэлрүүн: “Люйбү бас цэрэг дагуулан байлдахаар ирэв” хэмээсэнд найман замын эзэд цугаар гарахуйяа Гүн Сүньзань жад эргүүлэн биеэр Люйбүг утгав. Хэдэн удаа болсонгүй Гүн Сүньзань буруулахуйд Люйбү “Улаан туулай” морио довтолгон нэхэж ирэв. Тэр морь нэгэн өдөр мянган газар явах тул салхин мэт довтлон гүйцэж ирээд Люйбү жадаа өргөж Гүн Сүньзаньгийн зүрхийг онилон жадалтал хажуугаас нэгэн жанжин гархи мэт нүдээ нээж барсын сахлаа сөхийлгөн Жанба Шөмао54 жадаа барьсаар нисэх мэт довтлон ирээд өндөр дуугаар өгүүлрүүн: “Гурван овгийн гэрийн боол битгий явагтун! Янь газрын Жанфэй энд байна!”. Люйбү үзээд Гүн Сүньзанийг гээж Жанфэй лугаа байлдахад Жанфэй төрөлх хүчээ гарган Люйбү лүгээ байлдан тавин удаа болтол дийлэх дийлэгдэх ялгарахгүй тул Юньчан үзээд морийг давхиулан наян хоёр жингийн хөх луут дам илдийг барьж Люйбүг хавчлан байлдав. Гурван морь нэгэн газарт байлдан гучин удаа болтол Люйбүг дийлж чадахгүйд Лю Сюаньдө хоёр ирт илдийг барьж хонгор морио гүйлгэн талбиж хажуу талаааар туслан байлдахаар очив. Энэ гурван хүмүүн Люйбүг хааж тойруул зул мэт байлдалцахыг найман замын цэрэг үзсээр цөм нүд эргэжээ. Люйбү гурван зэвсгийг хүлээн чадахгүй болсон тул Сюаньдөгийн нүүрийн зүг хоосон жадлахад Сюаньдө зайлтал завсрыг олж жагсаалаас гараад барьсан жадаа гэдрэглэн үүрч буруулав. Гурвуул морио давхиулан нэхэн очихуйд найман замын цэрэг ихэд хашхиран хамт дайран орохуйяа Люйбүгийн цэрэг боомтын зүг буруулав. Сюаньдө, Гуань, Жан хойноос нэхэв.
54 Найман алдын ган могой жад
“Хань улсын тоо улирал Хуань, Лин хоёр хааны дээр төгсөж
Хамгийг гийгүүлэгч улаан наран үд нэгэнтээ хэлбийсэнд
Харгис зальхай Дунжуо түшмэл бага хааныг зайлуулсанд
Хариугүй дорой Лю Се харин сүнс завхартал айв.
Жанжин Цаоцао дэлхий дахинаа тунхаг бичиг тархаасанд
Зам бүхний мужийн эзэд журмын цэрэг байгуулан
Журмаар өргөж Юаньшаог чуулганы дарга болгоод
Засаг төрийг тэтгэн босгож, дэлхийг амаржуулахаар тангараглав.
Вэньхоу Люйбүгийн баатар чадал дэлхий дахинаа адилтгашгүй
Үнэн эрдэм дөрвөн далайд алдаршиж өргөнөө магталцмуй
Бие хамгаалах мөнгөн хуягт луугийн хайрс зэрэглэн
Биндэрьяа оройт алтан малгайд гургуулын өд хатгаж
Сарзайсан бүдүүн эрдэнийн бүс гөрөөс залгисан адил
Санжиганасан сайхан хэмэрлэг хормой нь гарьдын жигүүр мэт
Луун морио харайлгахад хуй салхин дэгдээд
Хуази жадаа эргүүлэхүйд намрын уснаа гэрэлтмүй.
Мордон гарч байлдсугай хэмээхүйеэ хэн аюумшиггүй угтмуй?
Мужийн эздийн цөс хэмхрэн зүрх цөм догдолзтол
Жан Идө хэмээх Янь газрын нэгэн жанжин
Жанба Шөмао хэмээх жадаа атган гараад
Галзуу барсын сахлаа сарзайлгаж алтан утас мэт хийсгээд
Гархин нүдээ дүгэриглэн гөлийхөд цахилгаан гэрэл цацармуй
Зууралдан байлдаж дийлж дийлэгдэх нь ялгараагүй байхад
Жагсаалын өмнөөс Юньчан55 хилэгнэн гэнэт гарч ирэв.
Цинлун Яньюэ56 дам илдээ цас мэт гялалзуулан
Цэцэг хатгасан ен ү дээлээ эрвээхэй мэт дэрвэлзүүлж
Агтын туурай хүрсэн газар нь чөтгөр сахиус уйлаад
Асралын нүүрт хилэн хүрмэгц цус мэт улайнам
Аргат баатар Сюаньдө хос ирт сэлмээ сугалан
Асар тэнгэрийн сүрийг мандуулан баатар хүчээ гаргаж
Ах дүү гурвуул тойрон хааж удтал байлдсанд
Алгасуулан зайлуулж тосон халхалж зай завсаргүй болгов.
Аянга мэт хашхирах дуунд тэнгэр газар урвах шиг болж
Алах уур тунаран бүрхээд, Нюдоу одон жихүүрхсэнд
Арга мохож, хүчин суларч Люйбү зам буруулан
Алсаас боомтыг шууд чиглэн морь ташуурдан эгэв.
Алаг ишт хуази жадаа уруу хандуулан чирч
Алтан хөвөөт таван өнгийн зэлмээ57 салбаруулан санжигнуулж
Мяндсан жолоогоо ганц дугтран улаан туулай морийг довтолгон
Мятарсан дүрээр агзайн сууж Хулао Гуань боомтод оров”
Гурвуул боомтын дор хүрээд үзвээс боомтын дээр өрнийн салхинд хөх шүхэр дэрвэлзэн хөдөлж амуй. Жанфэй бархиран өгүүлрүүн: “Энэ эрхгүй Дунжуо болой. Люйбүг нэхээд ямар тус буй. Урьдаар хулгай Дунжуог барьж өвсний үндсийг арилгахуйд хүрэхгүй!” хэмээгээд морио давхиулан боомтод гарч Дунжуог барихаар очив. Энэ чухамхүү:
“Хулгайг барихад эрхгүй манлай тэргүүнийг барих хэрэгтэй
Гайхамшигт гавьяа нь эцэстээ гайхамшигт хүмүүнийг хүлээмүй”
Эгнэгт дийлэх дийлэгдэхийг доор бүлэгт үзтүгэй!
55 Гуань Юйгийн өргөсөн нэр
56 Наян хоёр жин хөх луут дам саран илд
57 Зэлэм - уул ус тайх үед бургасанд уях цаасан зурвас
Сэтгэгдэл ( 0 )