Үндэсний цуврал контент ”ROCKIT: ХЭН ЮУ ХЭЛЭВ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Гарааны бизнес, энтрепренершипийн  бүрэн хэмжээний үндэсний цуврал  контент ”ROCKIT”-ийг  “Эрхэт Монгол” групп, “Стартап Маркетинг Спэйс” хамтран бүтээж байгаа билээ.

 

ТВ8 телевизээр бямба гараг бүр үзэгчдэд хүрдэг уг контент нь: Бизнес санаагаа бодитоор хэрэгжүүлж амжилттай яваа эрхмүүдийн түүх,  Шинэхэн  бизнестээ хөрөнгө оруулалт хүсэж хамтрагчаа хайсан залуус,  Хөгжлийн гарц шийдэл эрэлхийлсэн  ярилцлага, Инновацид суурилсан техник технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэдэг юм.


 

”ROCKIT”-ийн шинэ дугаарын ТЭГЭЭС ТЭРБУМ РУУ БУЛАНД: Монгол залуусаас анх удаа Цахиурын хөндийд хувьцаагаа гаргаж чадсан, Erxes Inc -ийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал А.Мэнд-Орших оролцсон байна.

Монгол инженерийн бүтээлийг цахиурын хөндийд гаргая гэдэг гол зорилго, мөрөөдлөөр нэгдсэн залуус 2010 оноос IT салбарт орсон гэдгээ ярианыхаа эхэнд тэрбээр онцолсон. Erxes бол гадаад зах зээлийг зорьж хийсэн тэдний тав дахь бүтээгдэхүүн. Үүнээс өмнө уналттай, босолттой явж байсан. 2016 онд өөрсдөдөө тохирсон маркетингийн технологийг сонгоод, нээлттэй эхийн программ хангаж буюу хэн ч дэлхийн өнцөг булан бүрээс татаж авч, ашиглах боломжтой бүтээгдэхүүнийг хийж, Монгол инженерийн ид хавыг харуулъя, юу хийж чаддагаа ойлгуулъя гэсэн зорилготойгоор Erxes төслөө эхлүүлж байсан гэлээ.

 

Түүний сонирхолтой ярилцлагыг нэвтрүүлгээс хүлээн авч үзнэ үү.

 


 

 

“ROCKIT”-ийн  “Стартап Питч" буланд хуулийн үйлчилгээний зардлыг 50% хэмнэх iLaw.mn платформыг хөгжүүлэгч Ай Ло Инновэйтив ХХК-ийн Үүсгэн байгуулагч Г.Батзаяа оролцлоо.

 

Монголд жил тутамд 120-160 иргэнд хууль зүйн үйлчилгээ шаардлагатай байдаг гэсэн статистик байдаг. Тэдгээрийн 85% нь хуульч, өмгөөлөгчтэй холбогдож туслалцаа аваагүй байдгийг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцолсон.

Туслалцаа аваагүй иргэдийн ихэнх нь хуулийн үйлчилгээ өндөр төлбөр, зардалтай, хаана, хэнд хандаж хэрхэн яаж үйлчилгээ авахаа мэдэхгүй, мөн хувийн нууцтай холбоотой асуудал байдаг. Тиймээс хуульч, өмгөөлөгчдөд хандаад байдаггүй гэсэн үндсэн шалтгаануудыг дурдсан байдаг аж.

Тэгвэл iLaw.mn платформыг үүсгэн байгуулснаар өндөр зардлыг цахим технологи ашиглан бууруулах, орон зайнаас үл хамааран үйлчилгээ авч болох боломжийг бүрдүүлсэн. . Мөн олон жилийн туршлагатай хуульч, өмгөөлөгчид хандах боломжийг олгосон шийдлийг бий болгосныг хэллээ.

 

Түүний өгч буй мэдээллийг дараах бичлэгээс хүлээн авна уу.

 


 

 

Нэвтрүүлгийн "Бодлогын Зочин" ярилцлагын  буланд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ оролцлоо.

 

E-Mongolia бол Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэхээр зорьж байгаа зорилтын хүрээн дэх нэг жижиг л ажил хэмээн тэрбээр хэлж байна. Төрийн олон шатлалтай, иргэдэд төвөг уддаг үйлчилгээнүүдийг E-Mongolia платформ дээр гаргаж өгье гэдэг үүднээс системийн чанартай өөрчлөлтийн ажлууд хийгдэж байна.

Цахим үндэстэн болох зорилтыг дэвшүүлээд,  стратеги, зорилтуудтай ажиллаж байгаа. E-Mongolia ч бай, Цахим үндэстэн ч бай, бодлогын хувьд гаргаж байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлээд  нэг юм ойлгосон. Бид сүүлийн 30 жилд бий болсон системтэй тэмцэж байгаа юм байна гэдгээ ойлгож байна. Хүнд суртал, авлига, шат шатны байгууллагуудын “энэ минийх”  гэсэн өмчлөлүүд зэрэг асуудлуудтай тэмцэж байгаа юм байна гэдгээ их сайн ойлгосон хэмээн тэрбээр яриандаа онцоллоо. 

Мөн тэрбээр  цахимжуулах шиг амархан юм байхгүй. Харин хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөх, нээлттэй болгох, хүний хийснийг хүлээн зөвшөөрдөг болгох зэргийг бий болгохын тулд бид тэмцэж байна гэлээ.

 

Түүний ярилцлагыг дараах бичлэгээс  хүлээн авч үзнэ үү. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top