Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
СҮН ГҮНМИН ШӨНӨ ЗЭН НЭРТ ХОТЫГ ДАЙЛАВ
ЛҮ ЖЮНЬ И ШИ ВЭНЬГҮНИЙГ АМЬДААР БАРЬЖ АВАВ
Өгүүлэх нь: Дуань Зиньжү довтлон ирээд Линь Чүн лугаа уулзаж өгүүлрүүн: - Дүү би хойдохи газраас хоёр зуу гаруй сайн морь сонгон худалдан аваад хойш буцаж ирэх замд Цинжоугийн харъяат захад орж ирсэнд нэгэн бүлэг догшин дээрэмчин, ахмадын цол нь “Зам удирдагч шулам” хэмээх Юй Баосы нэртэй хүн хоёр зуу илүү зэрлэг гөрөөс адил хулгайг дагуулан ирж, тэрхүү худалдан авсан морьдыг бүрмөсөн булаан Зөн Тоуши хотноо авч очив. Ян Линь, Ши Юн нар хаашаа очсоныг мэдэхгүй. Бид нар ер хариуцаж чадсангүй. Би гагцаар өдөр шөнөгүй яаравчлан явж ирэв хэмээсэнд Линь Чүн энэ үгийг сонсоод өгүүлрүүн: - Эдүгээ олноор цуглаж буй. Дүү чи над лугаа хамт очиж учраа мэдүүлэгтүн хэмээгээд хоёул их харшид ирвээс Сүн Жян нар бүгдээр тагт сууж, дөрвөн баатар жанжин ирсэн ба бас Ли Күй Гүшүшань уулаас Баосюй,Зяо нарыг авчирсан их баяр хийж, хуримлан сууж найрлан байтал, Дуань Зиньжү “Жун И Тан” танхимын өмнө ирж, аливаа учрыг Линь Чүнд хэлсэн ёсоор тодорхойлон мэдүүлсэнд Сүн Жян уурлан өгүүлрүүн: - Урьд манай адууг булаан авсанд дэмийн өшөө бодсонгүй өнгөрүүлсэн нь Чаогай тэдний суманд оногдож насан өнгөрөв. Одоо бас амтшиж, энэ мэт дарлан явах нь даанч заналтай. Бид цэрэглэхгүй аль цагийг хүлээмүй хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Энэ үе хараахан хүйтний туйл болсон тул түр түдгэлзэн, эсэргэн жил цаг урьсмагц цэрэг авч очоод, наадам болгон байлдая хэмээв. Ши Чянь дээш дэвхрэн гарч, хэрэм харайлан явж, өөд уруу үсрэх нь нисэх мэт тул, урьдаар Цинжоугийн зах Зөн Тоуши хотноо очиж, хот хүрээний бэх хэврэг, гарах орох зам, цэргийн олон цөөн, ямар байдалтай байдгийг сайтар лавлан үзэж мэдээд ирж мэдүүл хэмээн тушаасанд Ши Чянь цаазыг хүлээн Зэн Тоуши хотноо очихоор явав. Ү Юн бас Дай Зүнг илгээв.
Нэг хоносны хойно бас Дай Зүн буцаж ирээд мэдүүлрүүн: - Зэн Тоуши хотын гадна Линжоугийн захиргаа болох “Увдисыг илрүүлэгч” хэмээх сүм их хүрээлэнгийн гол тугийн хороо болгож, эргэн тойрон зууны газрыг эзэлж, туг байгуулжухуй. Чухам аль замаар орохыг мэдэгдэхгүй хэмээн хэлж байтал, Ши Чянь хүрч ирээд их цацарт орж мэдүүлрүүн: - Өчүүхэн дүү би Зэн Тоуши хотноо очиж гадна дотны байдлыг нэг хэсэг тойрон явж үзвээс, таван их хороо байгуулжухуй. Өмнө хуаран нь гурван мянган цэрэгтэй, Зэн Тоуши хотын Жү Чүнгүгийн дэргэд буй. Сургуулийн багш Ши Вэньгүн эрхийг баримуй. Хойд этгээдийн хуаранд Зэннүнгийн их хөвгүүн Зэнту. Хоёрдугаар сургуулийн багш Сүдин, өмнөх хуаранд хоёрдугаар хөвгүүн Зэнми, баруун хороонд гуравдугаар хөвгүүн Зэнсуо, зүүн хороонд дөрөвдүгээр хөвгүүн Зэнкүй, төв дундад их голын тугийн хуаранд Зэннүн. Тавдугаар хөвгүүн Зэншэн бас Цинжоугийн баатар эр Юй Баосы баяны өндөр нэг хос алд, нуруу өргөн нь нэг алд илүү. Манай эндээс дээрэмдэж авсан морийг цөм “Ва Хуасы” сүмд тэжээж буй хэмээсэнд Ү Юн эдгээр үгийг сонсож, харъяат уулын олон жанжин, дарга нарыг дуудаж, “Жун И Тан” танхимд сууж, олны зүг харж өгүүлрүүн: - Эдүгээ Зэн Тоуши хотноо хэдэн удаа мэдээ авахуулбаас учир ийм гэнэм хэмээн нэг нэгээр тоолж хэлээд, тэдний таван анги хуаран татаж бэлдсэн аваас, бид мөн таван бүлэг тасарч, жанжин цэрэг хуваан мордвоос зохимуй хэмээн зөвлөж. Лү Жюнь И өгүүлрүүн: - Өчүүхэн хүн би уулнаа ирсэн цагаас нааш ер гавъяа байгуулсан газар үгүй тул, энэ удаа үхэн зүтгэн явж ачийг хариулахыг хүсмүй хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Эрхэм хүн энэ удаа тэргүүлэн явж болохгүй. Дайн цэргийн хэрэг нь тийм хялбар бус болой. Зүгээр хамт яваваас, өөрийн зоригоор болтугай хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Юаньвэй нэгэн хэсэг цэрэг дагуулан нарийн замаар явж, тэгш замд хол сууж, хэрэглэх зүйл байхул байдлыг үзэж явтугай хэмээн өгүүлсний дараа Ү Юн тэмдэгт сумыг авч, Чинь Мин, Люгуан, Хуа Рүнд өгч, туслах жанжин Ма Линь, Дэн Фэй хоёрыг гаргаж, гурван мянган морьтой цэрэг авч, “Зэн Тоуши хотын зүүн этгээдэд очигтун хэмээв. Бас Хуа хуушаан, Лү Жишэнь, Ү Сүнд туслах жанжин Кунмин, Күн Лянг өгч, морьтой цэрэг гурван мянгыг дагуулж, “Зэн Тоуши хотын хойд этгээдэд очигтун хэмээв.
Бас Янжи, Ши Жиньд туслах жанжин Чэнь Даг өгч морьтой цэрэг гурван мянгыг дагуулж “Зэн Тоуши хотын баруун этгээдэд суугтун хэмээв. Бас Жү Түн, Лэй Хэн хоёрт туслах жанжин Зоу Ююань, Зоу Рүнь хоёрыг өгч, гурван мянган морьтой цэрэг “Зөн Тоуши хотын дунд тугийн ойр очигтун хэмээв. Сүн Жян, Ү Юн, Гүн Сүньшэн гурвуул Люйфан, Гуо Шэн, Се Жэнь, Зебао, Дай Зүн, Ши Чянь нарыг авч, таван мянган морьт цэрэг өгч, ерөнхий болон мордоё хэмээгээд бас Ли Күй, Фань Руй хоёрыг тэргүүн болгож, Сян Чүн, Лигүн нарт таван мянган морьтой цэрэг өгч тусгай нэг хуаран тасалж зарахад бэлтгэн мордогтун хэмээв. Лян Шань уулын жанжин цэргийг мордохыг түр тасалж өгүүлэх нь: Эдний таван анги цэрэг мордох чимээг Зэн Тоуши хотын мэдээний хүн хэдийн сонсож мэдээд, Зэннүнд ирж хэлсэнд, сургуулийн багш Ши Вэньгүнд Сүдин лугаа зөвлөрүүн: - Ляншаний цэрэг олон бас газар газрын баатар эрс үлэмж буй. Тэд нэгэнт цэрэглэн ирвээс бид эрхбиш эртхэнээс арга бодвоос зохимуй хэмээсэнд Ши Вэньгүн өгүүлрүүн: - Одоо урьдаар хотын гадуур их гуу суваг малтаж бэлтгээд, тэдэн лугаа байлдахыг цагт удирдан авчирч, дээгүүр унасан нүхэнд унагаж, нэртэй хэдэн баатар эрсийг барьж ававаас үлдсэн өвс мэт цэргийг оруулан авахад бэрх хэмээх учир үгүй хэмээгээд, даруй цаазыг зарлаж хотын гадна хэдэн газрын эцэст арваад их гуу малтуулж, байшин мэт болгож, дотор нь дэгээ барьсан олон цэрэг бүгшиж, дээгүүр мод шороогоор хөрс болгож бэлтгүүлэв. Үүню Ү Юн хэдүйн Шицянийг явуулж, Зэн Тоуши хотын байдлыг тагнуулсан аж.
Шицянийг хойш буцаж, гуу малтсан зэргийг хэлсэнд Ү Юн инээн өгүүлрүүн: - Түүнийг гайхах газар үгүй хэмээн хэлээд, урьдын анги хуваан тушаасан цэрэг жанжнуудыг мөн тэр өдрөөс эхлэн дараа дараагаар уулнаас буулгаж, өөрийн бие Сүн Жян нарын хамт их цэрэг авч яаравчлан явж, Зөн Тоуши хотын дөрвөн талд хүрч хуаран байгуулав. Дараагаар гурван хоног суутал, огт мэдээ гарсангүй. Ү Юн өгүүлрүүн: - Энэ нь манийг урьдаар хөдөлгөж, өөрийн бэлтгэсэн аргад унагах санаа болой хэмээн бас цэргийн ардад тушааж, тус тус хуарангийн гадна нэгэн адил их гуу малтаж бэлэн болгож, бас Шицянийг дуудаж өгүүлрүүн: - Бас очиж сайн мэдэж ирэгтүн. Хот эргэн тойрон малтсан их гуу нь чухам гарч орох зам аль этгээдэд хэд буйг сайтар мэдэж ир хэмээн илгээсэнд Ши Чянь шөнийн цаг буцаж ирээд өгүүлрүүн: - Эргэн тойрон малтсан нүх гагцхүү хотны зүүн хойд уулын онийн замыг дагаж үлдээсэн нэгэн замаас бус зам үгүй хэмээсэнд Ү Юн эдгээр учрыг сонсож мэдээд, дотроо нэгэн бодлого бодов. Маргааш нь олон цэргийн жанжин дарга нарыг дуудаж, зарлан тушааж өгүүлрүүн: - Энэ өдрийн морин цагт Зэн Тоуши хотын зүүн баруун хоёр хаалганд явган цэрэг бүгдээр очиж дэмий сүр тавин хашхирч, харанга хэнгэрэг дэлдэж байгтун. Тэдний этгээдээс хэрвээ жанжин цэрэг гарч ирвээс, бүү байлдагтун. Хойш эргэж ирэгтүн хэмээгээд бас Янжи, Ши Жинь хоёрыг дуудаж өгүүлрүүн: - Та хоёр бас морьтой цэрэг нэг мянгыг авч, бүх хотын гадуур хэнгэрэг харанга дэлдэж байлдах янзаар дэмий өдөөж хашхирагтун хэмээн бас бус жанжнуудыг урьдын цаазалсан ёсоор бага цэрэг авч хотны дөрвөн хаалганы гадна очиж “Байлдая” хэмээн хашхирагтун. Хэрвээ хүн гарч ирвээс цааш орж болохгүй, зүгээр удирдаж өөрийн хуарангийн ойр авчир хэмээн анги анги тушаан мордуулав.
Тэндээс Ляншаний цэргүүд Зэн Тоуши хотын дөрвөн хаалганд ойр ирсэнд, хот ба хуарангийн хэрэм харуул суусан цэрэг тус тус орж. Ляншаний цэрэг орж ирээд хашхиран буй учрыг хэлсэнд сургуулийн багш Ши Вэньгүн сонсоод, “Аль зүгээс ямар хүн ирэхийг мэдэж ирэгтүн хэмээсэнд зүүн хаалганд мэдээ авахаар очсон ирж өгүүлрүүн: - Нэг хуушаан хүн өөр нэг бумбын хувцас өмссөн хүний хамт хоёул өөр зүйлийн зэвсэг барьж, малтсан нүхний цаана цэрэг авч зогсож баймуй хэмээсэнд Ши Вэньгүн өгүүлрүүн: - Тэр хоёр нь Лян Шань уулын Хуа хуушаан Лү Жишэнь, Ү Сүн хоёр мөн хэмээсэнд, баруун хаалганы хүн ирж мэдүүлрүүн: - Нэг барс мэт нүүртэй жанжин, нэг үзэсгэлэн жанжин хоёр мөн цэрэг авч ирээд, байлдахыг шавдаж буй хэмээсэнд Ши Вэньгүн өгүүлрүүн: - Эд нь Жү Түн, Лэй Хэн хоёр болой хэмээв.
Түүнээс малтаж бэлдсэн гууг сахисан цэргийн хүнээс нисэх мэт довтлон ирж Зэн Тоушид мэдүүлрүүн: - Ляншаний цэрэг цөм хотын ойр ирж, зэргээр сүр тавин хашхирч “Байлдая хэмээн шаардмуй хэмээсэнд Зэнсуо “Бүү хайхрагтун хэмээв. Ляншаний цэргийн ард Ү Юнгийн тушаасан ёсоор дэмий байлдах хэмээн сүр нэмэгдүүлэн хашхиравч, огт хэрэгсэж нэг ч хүн гарч ирэхгүй тул, яахиваас зохихыг Ү Юнд мэдүүлсэнд, Ү Юн дараагаар хэдэн өдөр сууж, аливаа учрыг нэгэнт тодорхойлон мэдсэн тул, даруй цааз зарлан олон жанжин цэрэг нарыг авч, Зэн Тоуши хотын жанжин цэргийн өөрсдийн гарч орох нэгэн салаа замын амыг авч байлдахаар ирсэнд, Зэнсуогийн гар доорхи цэргүүд яаран хаалганы амыг батлан, Ү Юнгийн цэргийг хаан хөндөлдөж байтал, Гүн Сүньшэн тарни уншин, хаалганы зүг гурвантаа үлээсэнд, гэнэт гал бадарч, гадагш үсэрч, нарны гэрэл харанхуй болтол их их утаа манан татсанд, Зэн Тоушигийн цэрэг олноор амь олохыг бодож, гадагш дутаан гарсанд, Ү Юн хамаг цэргийг авч, дөрвөн зүгээс бүрхэн ирсэнд, тэдний цэрэг зайлах газар үгүй дутаан явж, харин өөрийн ухсан их гүн гууд бүгдээр газар цөмрөн унав.
Гал өрвөсөж шатсаар хот хаалга хэрэм дундуур шатаж, Ши Вэньгүн олноор хүчлэн галыг сөнөөж, хотын хэрэм хаалгыг мод чулуугаар бөглөж засаад, маргааш нь Зөнту сургуулийн багш Ши Вэньгүн лугаа зөвлөж, өөрийн бие нь нэг салаа цэрэг авч, хол газар зогсож байн, тусгай нэг хүнийг морь унуулж, хонх зүүлгэж, ард хяруулын өд хавчуулж, Сүн Жяний хуарангийн ойр морины хүзүүгээр давхин ирсэнд, Ү Юн үзээд өгүүлрүүн: - Энэ нь манай этгээдийг бүдүүлгээр өдөөн шоглож явах санаа болой. Энэ мэт аашлаваас мөн гарч байлдая. Гагцхүү тэдний малтсан гууд эс унаваас барав хэмээн хэлэлцэж, хуарангийн хаалгыг ихэд нээж Сүн Жян, Ү Юн нар байлдахыг үзэх хэмээн бусад жанжин нарын хамт морь унаж, энгийн зогсож, яах байдлыг харах гэтэл чанад этгээдээс Зэнту нэг хэсэг цэрэг авч довтолгон ирсэнд, Сүн Жян хойш харж, Люйфан, Гуань Шэн хоёрыг гаргаж байлд хэмээн тушаасанд, тэр хоёр морь унаж цэрэг дагуулан гарч ирээд Зэнту лугаа байлдахад, Зэнтугийн цэргийн эрдэм шилдэг хэмээвээс болох тул, Люйфан, Гуо Шэн нар элдэвчлэн хүчлэн байлдавч яахин дийлмүй. Зэнту өөрийн эрэлхэгтээ бардамнаж, зэвсгийг олон зүйлээр урвуулан байлдахад нэн хүч арга нэмэгдэж, Люйфан, Гуо Шэн нарын гарын хүч суларч, зэвсгийн арга самуурч, даруй өвдөхөд шахамдсан байдлыг жагсаалын өмнө Сүн Жян нарын хамт зогссон Хуа үзээд, яаран нэг завыг гаргаж нум далайж харвасанд Зэнту хараахан санамсаргүй байлдаж байтал, зүүн талын дал мөрөнд нэг зэв хатгасанд, аргагүй хүчлэн байлдаж чадалгүй морио эргүүлж өөрийн жагсаалдаа буцав. Хорт зэвд оногдсон шарх хүнддэж, амин гарав.
Хорооны цэрэг энэ мэдээг сургуулийн багш Ши Вэньгүн, Зэннүн нарт мэдүүлсэнд Зэн Таоши ноён ахмад хөвгүүнээ дайсны гарт сөнөснийг сонсч ухаан нь балартаж, ихэд гаслан уйлахад, дүү Зэншэн энэ үгийг сонсон хилэн нь гал мэд бадарч, нүдний нулимс асгаруулан, шүдээ хавирч, хараан өгүүлрүүн: - Энэ муу хулгай нар лугаа үхэн байлдаж ах юугаан өшөөг авмуй хэмээгээд хос нисэх сэлмээ гартаа барьж, даруй гадагш гарахад, эцэг нь хориглон өгүүлрүүн: - Хөвгүүн чи бүү хөдлөгтүн хэмээсэнд Зэншэн газар дэвсэж өгүүлрүүн: - Энэ өдөр ахын өшөө эс ававаас эр хүн хэмээн явахгүй хэмээн нэгэн дээгүүр цэргийн ардуудад тушаан морь бэлдэж, мордохыг завдмагц, эцэг нь: - Чи хэрвээ мордох аваас хуяг дуулгаа өмсөгтүн хэмээн гуйн хэлсэнд Зэншэн яаран бие хуяглаж, сая жагсаалын хаалгаас гарах гэтэл, сургуулийн багш Ши Вэньгүн, Сүдин нар зэргээр хориглон өгүүлрүүн: - Бага жанжин миний үгийн сонс. Гагцаар ийнхүү хөнгөнөөр хөдөлж болохгүй. Ляншаний Сүн Жяний доор, арга бодлого шалгарсан Ү Юн, бас баатар эрс өчнөөн төчнөөн буй. Миний санаа болбоос тэд хэдүй цэрэглэн ирвээс, хотны гадуур ухаж бэлтгэсэн нүх буй тул, аймшиггүй дотогш орж ирэх ёсгүй. Тиймийн тул, хотоо батлан сахиж, нэг дээгүүр Линжоугийн сайдад бичиг мэдүүлж, түүгээр уламжлан эзэн хаанд айлтггаж, Дунжин хотоос их цэрэг мордож ирээд, хоёр талаас хүч хавсран байлдваас, Ляншаний эдгээр муу хулгай нарыг үндсээр арилгахад мөн удах зүйл үгүй биш үү хэмээн хэлэхэд Зэншэн нэгд насан бага, хоёрт ахын дайсны гарт сөнөсний өшөө авах хэмээн санаа нэгэнт шулуудсан тул, юуны тэдний хориглохыг сонсмуй.
Огт хэрэгсэхгүй өөрийн зоригоор нэг салаа харвуулын цэрэг авч нисэх мэт довтлон мордож, Сүн Жян гийн жагсаалын өмнө ирж, элдэв муу үгээр хараан хашхирч байхыг Сүн Жян үзээд, харъяат жанжин нарын дотроос Чинь Минийг гарч байлдагтун хэмээсэнд, Чинь Мин чонын шүдэт бялуугаа барьж, моринд мордож, жагсаал гарахын завсар Хар хуй салхи Ли Күй энэ үе Зэншэнгийн хараасан үгийг сонсч, дээл хувцсаа тайлж, нүцгэнээр хос балт сүхээ барьж, хүн түүнийг байлд хэмээсэнгүй байтал, өөрийн зоригоор нисэх мэт довтлон гарч ирсэнд, Зэншэн үзээд, олон цэрэгт тушааж. Ли Күйгийн биеийг харвасан олон зэв бууж ирэх нь ялаа нисэх мэт байх боловч, Ли Күйгийн хөлд нэг туссанаас, бус газар огт туссангүй. Энэ ямар учир хэмээвээс Лизүйгийн хажууд Люйфан, Гуо Шэн хоёр бамбай барьж халхлан байснаар гагцхүү хөлд нэг зэв туссан боловч, Ли Күй мөн шарх олсонгүй байхад, Сүн Жяний талаас Ма Линь, Дөнфэй, Гуань Шэн, Люйфан нар зэргээр урагшлан ирж байлдахад Зэншэн гагцаар дайлж чадахгүй тул, арга барагдаж, шүд зуусаар хойш хороондоо цэрэг хураан буцав. Сүн Жян үзээд мөн цэргээ татаж хуарандаа буцав.
Маргааш өдөр нь Ши Вэньгүн үзвээс, Зэншэн ахынхаа өшөөг авахаар мордож, очоод, эс дарсандаа хөмсөг атируулан суухад, дотор түвдэхгүй, мөн өөрөө хуяглаж, урьд Дуань Зиньжу нараас булаан авсан нэг өдөр мянган газар гүйх хөлөг морийг унан, цэрэг авч, Сүн Жяний жагсаалын зүг нисэх мэт довтлон ирж, байлдая хэмээсэнд, Сүн Жян олон жанжин цэргийг авч, жагсаалын хаалгыг гарч, Чинь Минг урагш очиж байлд хэмээсэнд, Чинь Мин зэвсэг барьж, морь давхин ирж, Ши Вэньгүн лугаа зөрөлдөн байлдаж, арван хэдэн удаа болсонд, Ши Вэньгүний хүч их тул, огт эсэргүүцэн чадахгүй, өөрийн жагсаалын зүг буруулан ирэхэд Ши Вэньгүнгийн унсан морь нисэх мэт хурдан тул, хойноос хөөн ирж, барьсан жадаар нэгэнтээ хүчлэн жадалсанд, Чинь Мингийн гуя шувт жадлагдаж, мориноос унаж босч чадахгүй болсонд, Ма Линь, Дөнфэй, Хуа Рүн нар урагш давшин орж, Ши Вэньгүн лугаа хөндөлдөн байлдах энэ чөлөөнд олон цэрэг яаран Чинь Минг булаан авч цацарт оруулав. Гурван жанжин хэдүй нэг амаар хүчлэн байлдавч, Ши Вэньгүнд хүч автагдаж, мөн хойш буруулан ирсэнд, Ши Вэньгүн тэдний хойноос хөөн байлдаж, даасан цэргийг, их дундуурыг хурааж, дийлсэн ёсоор хэнгэрэг дэлдэж хойш хороондоо буцав.
Сүн Жяний цэрэг энэ өдөр ихэд дарагдсан тул, цэргүүдийн ардад тушааж, хуаранг арваны газар гадагш нүүлгэж, бас нэг тэрэг бэлтгэж, Чинь Минг ачиж суулган, шархыг сувилуулж, бас Ү Юн лугаа сэмээр зөвлөн өгүүлрүүн: - Ши Вэньгүнгийн хүч их. Бид ийнхүү байлдах түүний эсэргүүцэлд хүрэх жанжин үгүй тул, эдүгээ даруй Лян Шаньд бичиг илгээж, Гуань Шэн, Сюй Нин, Шань Тингүй, Вэй Дингуо нарыг дуудаж ирүүлбээс зохимуй хэмээсэнд Ү Юн даруй найман хүЛи Лийн төлгөө гаргаж, нэг удаа шившиж үзээд, даруй инээх царайгаар Сүн Жян д өгүүлрүүн: - Энэ өдөр бага дийлдсэн боловч, их хэргийн нуруу огт эвдэрсэн зүйл үгүй. Мөн баярын уур буй. Ах та тэнгэрт зул хүж шатааж, чанд сэтгэлээр залбирагтун. Энэ шөнө Ши Вэньгүнгийн цэрэг эрхгүй манай хуаранг дарахаар хулган ирмүй. Иймийн тул, олон хуарангийн дарга нарт урьдаар тушаан бэлтгүүлж, жич бүгд жанжнуудад зарлиг тушааж, сайтар сэргийлэн сахиулж, бас Се Жэнь, Зебао хоёр зүүн баруун хоёр этгээдийг сэмээр сахиулан бэлтгэе. Сарны гэрэл энэ тухай маш тунгалаг саруул хэмээсэнд Сүн Жян Ү Юнгийн хэлсэн ёсоор зарлан тушаав.
Тэндээс Ши Вэньгүн цацартаа сууж, Зөншэн Ши Вэньгүнд өгүүлрүүн: - Энэ өдөр байлдахад тэдний хоёр хулгайг ихэд дарсан тул, сүр нь дарагдсан тул, айн эмээж, энэ шөнө санаандгүй суух цагийг завдаж, даруй олноор дайран орж ихэд сарниулан дарваас гавъяа бүтээх нь магад хэмээсэнд Ши Вэньгүн “Энэ ухаан зөв” хэмээн даруй Сүдин, Зөнми, Зөнсуо нарыг дуудаж цацрын дотор оруулж, энэ шөнө хоёр жингийн цагт бүгдээр сэм очиж, хулгайн цэргийн хуаранг эвдэж, цэргийг бусниулан, их гавъяа бүтээе. Иймийн тул, морины хонхыг авч, харанга хэнгэргийн дуу гаргахгүй, бүгдээр хөнгөн хувцас өмсч, нэгэн зэргээр хүч нэгтгэн дайръя хэмээсэнд бүгд олноор “энэ сайн хэмээн үг дагаж, цаг болохыг хүлээв. Сүн Жян энэ үед дунд тугийн хуаранд нэг ч хүн үлдээсэнгүй, дөрвөн зүгт нэлээд хол зайлж, Ү Юнгийн заасан ёсоор зүүн баруун хоёр талд Се Жэнь, Зебао. Хойд замд Хуа Рүн нарыг бэлтгэн хүлээлгэв. Шөнө болсон цагт Зөнсуо цэрэг авч, яаран сэмээр явж, Сүн Жян гийн хуарангийн хойно, зүүн этгээдэд хүрч, ажиглаваас тэдний хуаранд огт чимээгүй тул, ер санаандгүй явж байтал, Се Жэнь харанхуй газарт хэвтэж байсан нь Зэнсуог ирэхийг мэдээд, арай өнгөрсөн чацуу босон харайн хойноос гарт барьсан сэрээгээ нэгэнтээ чичсэнд, огт зайлан завдсангүй, бэлхүүсийг шувт хатгаж мориноос тонгорцоглон унасанд, олон цэргүүд яаран түүний ясын булаан авч, хойш байлдан чадсангүй буцав.
Ши Вэньгүн яаран Зэн Тоуши хотын Зэннүн ноёнд уулзаж, шөнө хүний хуаранг булаахаар очсонд, гэнэт харанхуй газраас догшин хүн гарч ирээд Зэнсуог сэрээгээр хатгаж газар унагасан зүйлийг хэлсэнд эцэг нь сонсоод, ихэд гаслан өгүүлрүүн: - Энэ хөвгүүн минь хориглохыг сонсохгүй, ахын өшөөг авмуй хэмээн өөрийн хайран амиа алдав хэмээн уйлахад, Ши Вэньгүн мөн хориглон хэлсэнд, үг сонсолгүй явж, хүнд гэнэдэж ийм болов хэмээн нэгэн зэрэг хэлэлцэж, Зэн Чанжэ өгүүлрүүн: - Ийн байсаар өдөр дараалан нэг хөвгүүн автагдсаар таван хөвгүүн цөм сөнөмүй. Зүгээр дагах бичиг хийж орж өгвөөс барав хэмээсэнд Ши Вэньгүн мөн найман хувь санаа үүсгэж, Сүн Жян д бичиг бичиж илгээв. Сүн Жян бичгийг нээж үзвээс үг нь: - Зэн Тоушигийн тэргүүн өчүүхэн мэдэл үгүй доорд би, Ляншаний их өршөөлт Сүн Гүнмин тэргүүлэн бүгд жанжин дарга нарын тугийн доор ёсолж, мөргөн мэдүүлэх нь: - Энэ хэдэн жилийн дотор, газар орны сайд түшмэдээс Ляншаний хулгайн аюулд ихэд хэлмэгдүүлсэн учир аливаа хүн чадах чинээгээр олж барихыг хичээгтүн хэмээн дахин дахин бичиг наалдуулж байх тул, ихэд байлдая хэмээх санаа үгүй, гагцхүү улсын цаазыг дагасан билээ. Ер мөчөөрхөн тэмцэлдэж, их зэрэг гавъяа олох хэмээсэн учир үгүй. Мунхагаар явж хоёр хөвгүүний амь талаар сүйтгэв.
Урьдын авсан морийг тооны ёсоор гаргаж өргөе. Зэн Тоуши хотын доторхи олон иргэнийг бүгдийг авч дагая. Жич хураасан мөнгө, тариа, өвсийг Ляншаний олон жанжин цэргийн хүнс болгон дуртайяа өргөе. Гуйх нь, их өршөөлт санаагаар урьдын эндэгдлийг гээн аваачиж, энэ удаа хураан авч нэгэн цэргийн тоонд зарваас морь нохой мэт зүтгэн явахыг хичээсүгэй хэмээх зэргийн үгс болой. Сүн Жян үүнийг үзээд ихэд уурлан, ирсэн бичгийг урж, Ү Юнд өгч өгүүлрүүн: - Мунхаг мал мэт хүн эхэндээ дэмий хүчирхэн, одоо мөхөх цагаа шахамдсанд харин уран зөөлнөөр гуйх боловч, чоно биеийг барьж Чаогай ахын сүнсийг баярлуулан алаад, хотыг авч сул газар болговоос зохимуй хэмээн ирсэн хүнд арван лан мөнгө шагнаж, хариу захиа бичиж өгөөд хойш буцав. Ши Вэньгүн, Зэннүн нар бичгийг нээж үзвээс үг нь: - Ляншаний эзэн Сүн Гүнмингээс Зэн Тоуши хотын тэргүүн Зэннүнгийн нүүр нүдийг чичиж, ухуулан сургах нь: Чиний урьдын үйлдсэн хүнд ял одоо зурсан зураг мэт тодорхой буй агаад тэргүүнээ хамгаалах аргагүй болж, бие хот чиний харсан нүдний өмнө үнс болохыг шахамдсанаа сая мэдэж, ухамсарлах цаг болсноо мэдэж гэмшивч, хэн чиний амийг хэлтрүүлмүй. Талаар болжихуй. Чи зүгээр өөрийн биеэ хүлж алахыг хүлээж. Чао Тяньвангийн сүнсийг тайхад бэлтгүүл. Эм зулзагаа амьд үлдээе хэмээвээс урьдын булаан авсан морьдыг туун авчирч, хотын доторхи мөнгө болон аливаа юмыг бүрнээ цөлбөн гаргаж, өөрийн биеэр нэг алхамд нэг мөргөсөөр явж, манай хуарангийн гадна ирж уйлан гуйваас, олон амьтны амийг аваръя. Өшөөт хүн Юй Баосыг гаргаж манд тушааваас аливааг чиний гуйсан ёсоор болгоё.”хэмээжихүй.
Үүнийг үзээд ихэд айн, яах аргаа олохгүй болов. Бас Ү Юн, Ши Чянь, Ли Күй нарыг гаргаж, Зэн Тоуши хотоос Юй Баосыг барьж ирүүлэхээр илгээх явдлыг Сүн Жян-д хэлсэнд Сүн Жян “мөн мөн хэмээв. Тийм өгүүлж байтал Датоу Гуань Шэн, Шань Тингүй, Вэй Дингуо нар Ляншаниас бууж Сүн Жяний хүрээлэнд ирсэнд, олноор үзээд ихэд баярлав. Бүгдээр жанжин нар харилцан ёсолж суухыг үл өгүүлэн, өгүүлэх нь: Тэндээс Ши Чянь нарын таван сайн эрс Ши Вэньгүнд ирж уулзаад өгүүлрүүн: - Эзэн Сүн Гинмин ахын цаазыг хүлээж ирэв хэмээсэнд Ши Вэньгүн өгүүлрүүн: - Танай Сүн Жян, Ү Юн нар танай таван хүнийг илгээсэн нь эрхбиш учир буй хэмээв. Үүнд Ли Күй уурлаж, Ши Вэньгүнг барьж занчих хэмээсэнд Зэн Тоуши хориглон зогсоов. Ши Чянь өгүүлрүүн: - Манай Ли Күй хэдийгээр зан түргэн боловч, Сүн Гинмин ахын тушаалаас ер үл хэтэрмүй хэмээв. Ши Вэньгүн, Зэн Тоуши нар өгүүлрүүн: - Сүн Гүнмин нэгэнт илгээсэн тул, ах дүүгийн журмыг бодож, найрлаваас зохимуй хэмээн даруй дотогш цацарт оруулж, архи хурим бэлтгэж, ихэд хүндэлж найрлав. Нэлээд удаан архи уусны хойно тэдний таван хүнийг Фа Хуасы сүмд аваачиж унтуулав. Ши Вэньгүн цааз тархааж таван зуун цэргээр тэрхүү сүмийг дүгриглэн сахиулав. Тэднээс Зэншэн, Юй Баосы лугаа Сүн Жяний жагсаалд орж ирээд, дунд цацар гэрт орж, Сүн Жян д уулзсанд, Сүн Жян тэр хоёрыг найр тавьж суулган байтал, Зэн Тоуши хотоос урьд булаан авсан хоёр зуун морийг зүсэм, тоогоор хүргэж ирэв. Бас бүгд булаан авсан алт мөнгө тэргүүтнийг хэдэн тэрэг ачиж ирсэнд, Сүн Жян эднийг үзээд өгүүлрүүн: - Эдгээр морьд, алт мөнгийг ч та нар хүргэж ирэв. Эс ирэв бид нар эрхгүй нэхэж авмуй.
Гагцхүү Ши Вэньгүнгийн унаж явсан “Цагаан лууны унаа” хэмээх, нэг өдөр мянганы газар гүйх морийг авчирч өгвөөс барав хэмээсэнд Зөншэн даруй захиа бичиж, Ши Вэньгүнд илгээв. Ши Вэньгүн энэ захиаг үзээд, хариу өүүлрүүн: - Энэ морь одоо үгүй боловч, авчирч өгч болмуй. Та нар урьдаар цэргээ буцаагтун.Миний үгийг итгэж цэргээ буцааваас, би мөн хэлсэн үгээр морийг өгмүй хэмээн хойш хэлүүлсэнд Сүн Жян сонсож, Ү Юн лугаа зөвлөхийн завсар, холын харуулын хүн ирж мэдүүлрүүн: - Линжоу, Циньжоу хоёр газрын цэрэг хүрч ирэв хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Лав ийм нэг хэрэг гарах учир буй хэмээн өгүүлээд, даруй Гуань Шэн, Шань Тингүй, Вэй Дингуо гурвыг Линжоугийн цэрэгтэй тулж байлд. Хуа Рүн, Ма Линь, Дэн Фэй гурвыг Циньжоугийн цэрэгтэй тулж байлд хэмээн бэлтгэв. Жич Юй Баосыг гаргаж ирүүлээд уран зөөлөн үгээр өөрийн талд оруулж авахаар дурьдаж хэлвээс тэр их төлөв мөн үг дагалдаж орших санаа буй. Үүнд Ү Юн өгүүлрүүн: - Үнэхээр манай талд орох дур буй болбоос, би чамд нэг арга зааж өгсүгэй. Чи дагах буюу? хэмээсэнд Юй Баосы өгүүлрүүн: - Өчүүхэн хүнийг эрхэм хүмүүн нар оршуулан тэжээвээс дуртайяа морь нохой мэт дагая хэмээгээд мөргөсөнд, Ү Юн өгүүлрүүн: - Чи одоо хойш буцаж Ши Вэньгүн, Зэн Тоуши нарт өгүүлэгтүн: - Манай арга бус болов. Сүн Жяний санаа ганц мянган газар гүйх морийг авах учир хэмээвээс, тэдний байдлыг үзвээс мөн нэгэн битүүгээр урвуулах санаа буй бололтой хэмээн ухааны голыг самууруулж, ийн тийн хэмээн хэлж байгтун. Бас явж нэг нэг удаа мэдэгдээд, аяндаа нэг учир гармуй хэмээн захин хэлсэнд Юй Баосы “Өчүүхэн хүн мэдмүй” хэмээн хэлээд, тэнд хүрч ирээд Ши Вэньгүн, Зэн Тоуши ноён нар лугаа учирч эдгээр учрыг мэдэгдэн хэлсэнд тэд аль ч учрыг мэдэхгүй баймуй. Үүнд Юй Баосы мөн Фа Хуасы сүмд очиж өөрийн биеэн Лян Шаньд оршсоноо Ли Күй нарт хэлсэнд, тэд санааг таньж мэдэв.
Тэндээс Ли Күй нарын таван хүн хоорондоо зөвлөж, даруй хотыг эвдэж алж гадагш гарахаар зөвлөж байтал, үдшийн цагт Зэн Тоушигийн хорооноос сэм нэг хэсэг энгийн мэт жагсаал гарав. Тэндээс Сүн Жян, Ү Юн хоорондоо зөвлөрүүн: - Юй Баосы хэдүй манайд оров хэмээвч, тэнд хүрсэн хойно чухам ямар болохыг хэн мэдмүй хэмээхэд, Лү Жюнь И хажуугаас өгүүлрүүн: - Тэр хэрвээ үнэн дагасан болбоос, энэ шөнө даруй тэднийг өдөөж нааш цэрэг илгээмүй. Эс дагасан аваас дув дуугүй суумуй за хэмээсэнд Ү Юн “Энэ үнэн” хэмээн бодож, нэг үе сайтар бодлого бодон сууж учрыг нягтлан санаваас, энэ үдэш хуаранг эвдэхээр их цэрэг ирэх мэт. Үүнд даруй хуаран хуаранг эзгүй болгож, олон жанжин цэргийг Зэн Тоуши хот ба гадуур бүгшсэн олон жанжин цэргүүдийг өөр өөрийн ухаан бодлогоор алалцаж гавъяа бүтээгтүн. Энэ шөнө зохисыг нь үзэж өөрсдийн арга бодлогоны хэрээр байлдаж, гавъяа бүтээхийг бодогтун хэмээн тушааж мордуулан, дундад хуаранг сул орхиж, Лү Жюнь Игийн чихэнд хэдэн үг шивнэн захиад, Сүн Жян д өгүүлрүүн: - Энэ өдрийн дүү миний сургаж гаргасан тушаал нь үнэхээр үүрийг урвуулах аргай болой. Үүнийг урьдаас хүнд мэдэгдэж огт болохгүй хэмээн өгүүлж, үдэш болмогц Сүн Жян лугаа хамт мордож, нэг сийрэг газрыг эрж, барааг харахаар хол зогсож байв.
Үүнд Ляншаний олон жанжин дарга нар өөр өөрийн ухааны хэрээр гавъяа байгуулахыг бодож, хувисын цэргийг хуваан авч элдэв арга хэрэглэн байлдахад Зэн Тоушигийн олон жанжин цэрэг аль ч бодлогоо самуурч, байлдах ёс ихэд алдагдаж, Ү Юнгийн бодсон ёсоор зүүн тийш хандваас дайсан баруун тийн хандваас алалдаан. Хойш хандаж, урагш шургах газаргүй, нэг агшинд жанжин цэрэг ихэд сүйдэж. Үүний дотор айн дутаан явж, эрэг гуу нүхэнд унаж үхсэн ба бас хөөгдөж алагдсан нь үлэмж. Олон цэрэг өөр өөрийн амиа гарахыг бодож, зэвсгээ орхиж, сахисан газрыг сул орхин, сарнин тархсан. Ляншаний цэрэг хөндлөн гулдад бушуулан явах нь их загас далайд өөрийн дураар хөвөх адил. Үүнийг Зэннүн түшмэл үзээд яавч аргагүй. Бас хэдэн хөвгүүд нь үхэж хохирсонд маш гомдож, өөрийгөө боомилж наснаас нөгчив. Үүний байдлыг үзээд хөвгүүн нь Зэнми яаран амь олохыг бодож, баруун зүг довтлон явахад Жү Түн тохиолдож, нэгэнтээ хашхиран цавчсанд Зэнми оногдож амь нь гарав. Ясыг олон цэргийн дунд хаясан тул, шавар мэт болов. Хөөрхий Зэн овгийн эцэг хөвгүүд цөм эцэс болов. Энэ байдлыг Ши Вэньгүн үзээд сүр сүнсгүй айн амиа зайлахыг бодож, мянган газар гүйх цагаан морийг унаж, замгүй газраар довтлон явтал, гэнэт сул газраас хүйтэн амьсгал дэгдэж, жихүүн салхи биеийг үлээн, нэг хэсэг цэрэг замыг харанхуйлан хөндөлдөв. Сайтар ажиглаваас, тэр нь цэрэг гэхүл бие үгүй, үгүй гэхүл илтэд замыг хөндөлдөн морь урагш явж болохгүйд, нэгэнтээ хашхиран жад далайн иртэл, тэрхүү хий юмны дунд нэг хүн гарч ирэв. Үзвээс урьд түүний гарт харвагдаж үхсэн Ляншаний “Тянь Ван” Чаогай мөн биеэр болон сүрхий байдлаар хашхиран зандарч өгүүлрүүн: - Миний сүнс зальхай хүн чамайг энд хүлээсээр одоо цагт хүрэв хэмээн сэлэм далайн ирэхэд Ши Вэньгүнгийн яс үс өмрөн, сүг сүнс зайлж, даруйд өөрийн ухаан балартаж, мориноос унав. Энэ үе Жү Түн мөн цэрэг авч, Ши Вэньгүнгийн хойноос эргүүлж явсан аж. Түүнийг мориноос унасныг үзээд, луугийн унаа цагаан морийг олж аваад их цацарт авчрав. Сүн Жян энэ морийг үзээд ихэд баясан хураамжлан аваад, Зэншэнг гаргаж ирээд их хуарангийн гадна хүлж гаргаад, толгой биеийг салгаж үгүй болгов.
Тэндээс даруй Зөн Тоуши хотод орж, олон иргэдийн хувины хөрөнгөнөөс бус, Зэн овгийн эцэг хөвгүүн хадгалсан сан гэр хөрөнгө аливаа юмыг өчүүхэн ч үлдээсэнгүй бүрнээ талж авав. Датоу Гуань Шэн Циньжоугийн цэргийг дарав. Хуа Рүн нар Линжоугийн цэргийг тулж буцаав. Энэ удаагийн зориглон мордсон хэрэг цөм санасан ёсоор гүйцэлдэж, эсэргүү дайсныг дарж, алт мөнгө, морь, эд таваарыг ихэд олж, даруй цаазыг тархааж, олон жанжин нар нэг өдөр хуримлан, Зэн Тоуши хотоос олсон юмыг бодвоос хэдэн түмэн лангийн өртөг болж, их төлөвийг цэргийн дарга ард нартаа тархаан шагнаж, үлдсэнийг тэргэнд ачиж, бага сага зүйлийг олон ядмаг ардад түгээл болгон өгч, олон хуаранг эвдэж цэргээ авч, Лян Шаньд буцах цагт Ши Вэньгүнг битүү тэргэнд суулгаж, их баясгалантайяа ууландаа буцаж, Жун И Тан танхимд сууж, олж ирсэн юмыг бүрнээ дансалж сангийн гэрт агуулж, Чайгайгийн авсны өмнө их тахил тахиж, зул хүж шатаан, олноор журмын ёсыг гүйцэтгэж, сүнсийг баясгах бичиг бичиж бэлтгээд, тэндээс Ши Вэньгүнгийн биеийг цэвэрлэн угааж, үсийг задруулж, хоёр гарыг ард хүлж амьдаар Чаогайгийн авсны өмнө авчирч, Хуа хуушаан их сэлмээ гаргаж, Ши Вэньгүнгийн гэдсийг хагалж, элэг зүрх уушгийг амьдаар сугалж аваад, нэг цэвэр тавагт тавьж олноор ихэд уйлан гашуудаж, цаас зоос шатааж, архи дусаан мөргөж, их бага бүгдээр Чаогайгийн амьд ахуйд журамтай сайныг нэгэн зэрэг өгүүлэлдэн, үнэхээр сэтгэл уярч уйлан, олонтаа мөргөж, Ши Вэньгүнгийн толгойг огтолж ширээн дээр тавьж, тайлгын бичгийг шатааж мөргөн, ихэд уйлцгааж, журмын ёслолыг гүйцэтгэж, тахиж тавиглаж барсны хойно бүгдээр дахин их танхимд цуглаж, найр хурим хийж, архи ууцгааж байхад, Сүн Жян босч Лү Жюнь Ид архи барьж өгүүлрүүн: - Мунхаг дүү би ахад нэг үг айлтгая. Миний хэлэх үгийг ах чи эрхбиш хүлээвээс зохимуй хэмээсэнд Лү Жюнь И яаран босон харайж өгүүлрүүн: - Мэргэн дүү үг буй болбоос хэлэгтүн. Мунхаг ах би даруй дагаж явсугай хэмээсэнд Сүн Жян сая ам нээж өгүүлрүүн: - Доорд дүү би анх Лян Шань ууланд ирээд, тулгар цагт хоёр гурван нөхөд байсан. Хожим жил дараалан олширч, одоо нэг зуу илүү тоонд хүрчихүй. Үүнд хянаваас эртний үгэнд гэрт мянган хүмүүн боловч нэг хүн тэргүүлмүй хэмээжихүй.
Манай Чаогай ах амьд ахуй цагт тэр аливаа хэргийг заан сургаж, бид цөм дагаж явдаг билээ. Хойно тэр өнгөрсөн бөгөөд хэрэг олон тул, ер завдаж нэг тэргүүн тавиагүй. Одоо зүй нь ах таныг Ляншанийг тэргүүн эзлэгч болгож, дүү бид нар эрт орой сургах тушаахыг дагаж яваваас зохих тул, ах чамайг Чаогайн сууринаа дэвшүүлэхийг хүсмүй хэмээгээд архи барин мөргөхөд, Лү Жюнь И хариу сөгдөж өгүүлрүүн: - Эрхэм хүн та юунд энэ зэрэг үг хэлж намайг ичээмүй. Хэрэв ууландаа агуулах дургүй болбоос Лү овогт би мөн өөр нэг газар очиж амь зууваас барав. Би угаас худалдааны иргэн. Хэдүй баян элбэг явсан боловч, энэ мэт хүнд хэргийг эзлэхэд хүрэхгүй. Олон баатар нөхөд, дүү нар өршөөвөөс над нэг цэргийн хүнс шагнаж идүүлбээс тэр нь барав хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Чаогай ах наснаас нөгчих үед хэлсэн нь: - Хэн хүн Ши Вэньгүнг бариваас түүнийг миний оронд дэвшүүл хэмээсэн билээ. Гэх ч байтугай ах та болбоос ертөнцийн хүмүүний гол ёс ба ахчилах дүүчлэх журмыг мэдмүй. Дүү би хэдүй урьд ирэв хэмээвч, урьд хэдэн хүнийг ахласан нэр бас ялтны дансанд буй. Сурвалж бодвоос яамны нэг өчүүхэн зардас явсан хүн.
Бие байдал үзэмжгүй, Лян Шань уулын олон ах дүү нарын дотор миний адил эрдэмгүй хүн нэг ч үгүй. Гагцхүү олны өргөмжлөлөөр дэмий өдөр өнгөрүүлэхэд мөн ичингүйрмүй хэмээсэнд Лү Жюнь И, Ү Юн жич олон дарга нар өгүүлрүүн: - Ах чи болбоос тэнгэрээс тогтоосон тухайлан энэ уулыг эзэлж, олныг цуглуулах заяа буй тул, ийм болсон нь болой. Чи хэдий бэрхшээн түлхэвч, бид аймшиггүй тэнгэрийн тооноос зөрчиж чадахгүй. Гэх ч байтугай урьд хувилгаан дагина зүүдээр чиний сүнсийг авчирч, биеэр ухуулан тушаасан зүйл буй. Учир ийм байтал, хүн зоригоор өөрчилж болдог буюу? хэмээн зэргээр хүчилж, ам нэгдэн хэлэхэд, Ли Күй бархиран өгүүлрүүн: - Ах чи нь олон жил тэргүүлж явсан хүн. Анх чамайг ууланд долоо найман жил төдий байх цагт ирсэн нь, би болой. Хожим цугласан хүн цөм гагцхүү дэлхий дахинд нэр алдаршаад, Сүн Жян миний өршөөл журамд хэмээн дуршаан ирж, өглөө үдэш аливаа нэг цагт хамаг хэрэгт гагцхүү чиний санааг дагаж хөдөлмүй.
Өчүүхэн ч зөрсөн газар үгүй. Энэ гэр цугласан хүний тоо зуу илүү болж, дагаж тэжээсэн цэрэг хэд хэдэн түмд хүрэв. Аль хүн чамайг шоовдорлосон аваас би түүнийг алмуй. Чи олны үгийг дагаж, их суудлыг эзэлж, хуучин хэвээр хэргийг дааж, Лү Жюнь И ах журамтай хүн тул, даруй хоёрдугаар суудлыг эзэлж, Ү Юн сяньшэнгийн хамт чиний гар хөл болж, аливаа явдлыг таныг гурван хүн эрхлэн шийтгэж явтугай. Иймд дургүй болбоос одоо ууланд хураасан юмыг хувь адил хуваан аваад, тус тусын амь зуух аргыг эрж бүгдээр тархаж очсугай. Олон үг хэрэггүй. Товч нь энэ, дагаваас дагагтун, эс дагаваас миний балт сүхийг дэнсэж үзэгтүн хэмээн хэлсэнд олноор инээж Ли Күй тэнэг боловч, энэ хэлсэн үг олон хүний санаанд нийлэлцэв хэмээн бүгдээр энэ ёсоор дахин давтан хэлсэнд, Сүн Жян өгүүлрүүн: - Энэ удаа олны үгийг дагаваас, та бүхэн миний хэлэх хоёр зүйлийн хэргийг мөн дагаж зөвшөөрөх эсэхийг би мөн мэдэхгүй хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Бид эртхэнээс нааш аливаа хэрэгт цөм санаа дагаж зөвлөсөөр ирсэн нь, энэ өдөр юун хэмээн даруй зөрмүй.
Ах үг буй болбоос хэлэгтүн. Дүү бид нар ер санаа дагахгүй зүйл үгүй хэмээв. Сүн Жян ямар үг гаргаж хэлэхийг дараахи бүлэгт үзмүү.
Сэтгэгдэл ( 2 )
Yamarch sonirholgui .mglchuud d hereggui bhaa.tuuhchid n sudlag
Хужаа нараа наадхаа тэр Хятаруугаа ачигдаж очоод тэндээ унш.