Орон сууцны зээл авах 7 алхам

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

Та анхны байраа авах гэж байна уу? Эсвэл хоёр, гурав дахь удаагаа нүүх гэж буй “мэргэжилтэн” үү? Гэвч аль нь гэдгээс үл хамааран орон сууцны зээл хөөцөлдөх ажил нүсэр бас халширмаар санагдах нь бий.

Аз болоход та ганцаараа толгой өвтгөх шаардлагагүй. Бид танд зориулан алхам бүрийг ойлгомжтой, хялбар болгож, сайн шийдвэр гаргахад тань туслах зөвлөмжийг бэлтгэлээ.

Алхам 1

Байр худалдан авах гэж буй бол эн тэргүүнд хүсэл шаардлагад тань нийцсэн орон сууцаа сонгох нь зүй. Хэрвээ та хэдий хэмжээний зээл авах боломжтой эсэх дээр суурилан байраа сонгох төлөвлөгөөтэй бол банканд хандан, харилцааны менежертэй уулзаж, зээлээ урьдчилан судлуулах боломжтой. Энэ тохиолдолд та банкны салбарт хандахаас өмнө зээлийн тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, урьдчилсан тооцоолол зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг www.khanbank.com-оос аваарай.

Бяцхан санамж: Орон сууцаа сонгосон тохиолдолд худалдах, худалдан авах гэрээнд үндэслэн орон сууцны зээлийн хүсэлтийг бүрэн гаргах боломжтой. Тиймээс худалдах, худалдан авах гэрээ болон байрны захиалгын гэрээ хууль журамд нийцсэн эсэх, мөнгөн дүн зэргийг сайтар нягтлахаа мартуузай.

Алхам 2

Худалдан авах байраа сонгосон бол та банкны харилцааны менежертэй анхан шатны ярилцлага хийнэ. Хэрэв та зээл хүсэх үйл явц, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй бол банканд хандах үедээ холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн ирснээр гуравдугаар алхмыг нэгэн зэрэг гүйцэтгэн цагаа хэмнэвэл амар шүү дээ.

Анхан шатны ярилцлагаас юу хүлээх вэ:

  • Харилцааны менежерт хэрэгцээ шаардлагаа танилцуулна.
  • Өөрийн болон хамтран зээлдэгчийн орлого, санхүүгийн байдлаа танилцуулна.
  • Худалдан авах орон сууцныхаа тухай мэдээлэл өгнө.
  • Урьдчилгаа төлбөрийг хэрхэн төлөх тухай төлөвлөгөөгөө хуваалцана.

Харилцааны менежер танд дараах мэдээллийг өгнө:

  • Тохирох зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож нөхцөл, тавигдах шаардлагыг танилцуулна.
  • Таны сонгосон орон сууцны мкв-ын нэгж үнэ банкны жишиг үнэтэй хэрхэн нийцэж буйг танилцуулна.
  • Таны өрхийн орлого, санхүүгийн байдалд тулгуурлан тооцоолол хийж, зээлийн хүсэлтийг үргэлжлүүлэн судлах боломжтой эсэхийг тооцоолно.
  • Цааш судлах боломжтой гэж үзвэл бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг гаргаж өгнө.

Бяцхан санамж: Та худалдан авах орон сууцаа хараахан сонгож чадаагүй ч зээлээ урьдчилан судлуулах боломжтой. Энэ тохиолдолд орлого нотлох бичиг баримтаа бүрдүүлэн ХААН Банкны салбарт хандан, хүсэлт гаргаснаар боломжит зээлийн хэмжээг тогтоосон 90 хоногийн хугацаатай албан батламжийг танд олгоно. Энэ хугацаанд та худалдан авах орон сууцаа сонгон, дахин зээлийн хүсэлт гаргахгүйгээр хүссэн байраа шуурхай авах боломжтой.

Мөн энэ хугацаанд та болон таны хамтран зээлдэгч банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваагүй байх шаардлагатай. Учир нь зээл авсан тохиолдолд таны өр орлогын харьцаа өөрчлөгдөх тул зээлийн хүсэлтээ дахин судлуулах болно.

Хэрэв та Улаанбаатар хотод ипотекийн зээлийн хүсэлт гаргах бол уг зээлийн хүсэлтийг авах 11 салбарын байршлыг www.khanbank.com-оос авна уу. Бусад орон сууц, амины орон сууц, хашаа байшингийн энгийн зээлийн хувьд ХААН Банкны бүх салбаруудад хандан, хүсэлт гаргах боломжтой.

Алхам 3

Ингээд та холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн зээлийн хүсэлтээ гаргана. Үүнд:

  • Жагсаалтын дагуу бичиг баримтыг бүрдүүлэн харилцааны менежерт өгнө.
  • Зээлийн хүсэлтийн маягт бөглөж, өргөдлийн хураамж төлнө.
  • Харилцааны менежер таны сонгосон орон сууц, эсвэл баригдаж буй газар дээр очоод зургийг нь авч баталгаажуулна. Та бизнесийн орлоготой тохиолдолд тухайн бизнесийг биечлэн очиж судлан, зургийг авч баталгаажуулна.
  • Зээлийн хүсэлтийг бүрэн гаргасан тохиолдолд харилцааны менежер тантай эргэн холбогдож, зээлийн шийдвэрийг танилцуулна.
  • Зээлийн шийдвэр зөвшөөрөгдсөн тохиолдолд харилцааны менежер танд үл хөдлөх хөрөнгийн (ҮХХ) гэрчилгээ хэрхэн авах талаар зөвлөгөө өгнө.
  • Та харилцааны менежерийн зөвлөсний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан ҮХХ гэрчилгээ авах хүсэлтээ өгнө.

Бяцхан санамж: Зарим тохиолдолд банкны ажилтнаас анхны уулзалтаар зөвлөгөө, бүрдүүлэх материалын жагсаалт авснаас хойш 1-2 сарын дараа банканд хандан зээлийн хүсэлтээ өгдөг. Гэтэл энэ хугацаанд баримт бичгийн хүчинтэй хугацаа дуусах, зээлийн журамд өөрчлөлт орох тохиолдол байдаг. Тиймээс та банкны харилцааны менежертэй анх уулзсанаас хойш эргэх холбоотой байж, хурдан шуурхай зээлээ судлуулах хэрэгтэй юм. Зээлийн шийдвэр гаргах явцад шаардлагатай тохиолдолд танаас болон таны хамтран зээл хүсэгчээс нэмэлт материал шаардах боломжтойг анхаарна уу.

Алхам 4

Зээлийн хүсэлтээ бүрэн гаргасан тохиолдолд харилцааны менежер тантай эргэн холбогдож, зээлийн шийдвэрийг танилцуулна. Зээлийн шийдвэр зөвшөөрөгдсөн тохиолдолд харилцааны менежер танд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэрхэн авах талаар зөвлөгөө өгнө. (Зээл олгох тухай эцсийн шийдвэр гараагүй үед ҮХХ гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхгүйг анхаарна уу.)

Алхам 5

Та харилааны менежерийн зөвлөсний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах хүсэлтээ өгнө.

Бяцхан санамж: УБЕГ-ын албан ёсны вэбсайтаар дамжуулан ҮХХ гэрчилгээ авах хүсэлт өгөхөд зохих хураамж, бүрдүүлэх материалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мөн гэрчилгээ гарахад тодорхой хугацаа ордгийг анхаарах хэрэгтэй.

Алхам 6

Гэрчилгээгээ авах хүсэлтээ өгсний дараа та банканд хандан зээлийн гэрээ байгуулна. Ингэхдээ ҮХХ гэрчилгээ, түүхчилсэн лавлагааг ТҮЦ машинаас авахаа мартуузай. Банктай гэрээ байгуулахад эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар оруулсан зээлийн гэрээ, тухайн орон сууцыг барьцаалах тухай барьцааны гэрээ, барьцаалбар шаардлагатай.

Бяцхан санамж: Зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн тогтмол өдөр таны данснаас автоматаар суутгадаг. Хугацаанаас өмнө төлөлт хийсэн тохиолдолд тухайн дүн нь хуримтлагдсан хүү болон үндсэн зээлээс хасагдах боломжтой ч таны зээлээ төлдөг өдөр автомат суутгалт хийгдсээр байхыг санаарай.

Алхам 7

Ингээд танд зээлээ авах сүүлийн алхам үлдлээ. Мөрөөдлийн байрандаа ороход танд одоо дараах хэдхэн зүйл хэрэгтэй:

  • Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбараа УБЕГ-т бүртгүүлнэ.
  • Үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн лавлагааг ТҮЦ машинаас авч ирнэ.
  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар, дээрх лавлагааны хамт харилцааны менежерт өгснөөр зээл тань олгогдоно.
  • Энэ үед та зээл олгох үйлчилгээний шимтгэлийг төлнө. (Олгосон зээлийн 1% буюу дээд хэмжээ нь 1.5 сая төгрөг болно.)
  • Зээлдэгчийн амь насны болон үл хөдлөх хөрөнгийн даатгалд заавал хамрагдана.
  • Даатгалын хураамж төлнө.
  • Орон сууц худалдан авч буй нийт төлбөрийг худалдагч тал руу шилжүүлнэ.

Бяцхан санамж: ХААН Банкны хувьд даатгалын гэрээг хамгийн багадаа гурван жилийн хугацаатай хийж буй тул та гурван жил тутам даатгалын хураамж төлж, гэрээгээ шинэчлэх үүрэгтэй. Жишээ нь, та 100 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдан авч буй бол нэг жилийн даатгалын хураамжийн төлөх дүн ойролцоогоор 190 мянган төгрөг болно.

Top