"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХАРШ ОРДНЫГ ГАЛДАЖ ДУНЖУО ХАРГИСААР ЯВСАН ХАС ТАМГЫГ НУУЖ
СҮНЬЗЯНЬ БОЛЗООГ ТЭРСҮҮЛСЭН
Өгүүлэх нь: Жанфэй морийг давхиулан боомтын доор хүрсэнд боомтын дээрээс сум чулуу харван хаях нь бороо орох адил, орж болохгүй тул хойш эгэв. Найман замын эзэд хамт Любэй, Гуань, Жангийн дийлсэн гавьяанд баярлан хуримлаад, Юаньшаод сэтгүүл58 довтолгов. Юаньшао даруй Сүньзянийг “Цэрэг ор!” хэмээн бичиг илгээсэнд Сүньзянь, Хуангай, Чэнпү нарыг авч Юаньшаогийн хүрээнээ хүрч золгоод Сүньзянь таягаар газар зурж өгүүлрүүн: “Дунжуо угаас над лугаа өшөө завсар үгүй бөлгөө. Эдүгээ би биеэрээ зэв чулуунд шургаж үхэн байлдах нь дээдэд болбоос улс гэрийн тул хулгайг дийлмүй. Дордод болбоос жанжин таны хувийн хэргийн төлөө болой. Ийн атал жанжин чи харин ховч үгийг авч амуу өвс илгээхгүй, миний цэрэг дарагдахад хүрүүлсэн нь жанжин чиний энэ ямар буй?” хэмээсэнд Юаньшао ихэд ичингүйрч өчих үггүй болоод, хов үг өргөн мэдүүлсэн хүмүүнийг алуулж, Сүньзяньд хариу барив.
Гэнэт хүн ирж Сүньзянъд мэдүүлрүүн: “Боомт дээрх нэгэн жанжин морь унаж бидний хүрээнд ирээд жанжинд золгосугай хэмээмүй” гэхэд Сүньзянь, Юаньшаогаас салж цэргийн хүрээнд ирээд, ирсэн хүмүүнийг дуудаж асууваас Дунжуогийн янаг жанжин Лизюэ ажгуу. Сүньзянь асууруун: “Чи ирж яанам?”. Лизюэ өгүүлрүүн: “Чансангийн хүндлэх нь гагц жанжин болой. Эдүгээ тухайлан Лизюэ намайг зарж жанжин лугаа ураг барилдсугай хэмээн илгээв. Чансанд нэгэн охин буй. Жанжиний хөвгүүнд холбосугай хэмээмүй!” гэхэд Сүнъзянь зандран өгүүлрүүн: “Дунжуо тэнгэрийг сөрж, хааны төрийг хөмөрсөн тул би түүний есөн үеийг алж дэлхий дахиныг амруулсугай хэмээж байх бөгөөд харин сөргүү хулгай лугаа ураг барилдах ёсон хаана буй. Би чамайг алахгүй. Чи түргэнээ буцаж эртхэн боомтыг өргөвөөс чиний амийг хэлтрүүлсү. Хэрвээ алгуурлан удааваас яс махыг чинь хэмхчмүй!” хэмээв. Тэндээс Лизюэ тэргүүнээ тэврэн гүйж хариад Дунжуод учирч: “Сүньзянь ийм ёсгүй үгийг хэлэв” хэмээсэнд Дунжуо ихэд уур төрөөд Лирүгээс асуухад Лирү өгүүлрүүн: “Эдүгээ Вэньхоу59 шинэхэн дарагдаад олон цэрэг байлдах сэтгэлгүй болжээ. Цэргээ авч Луо Янд эгээд хааныг Чан Аньд нүүлгэж, ёртой үгэнд нийлүүлэхэд хүрэхгүй. Орчим өдөр зээлд бага хүүхдийн дуулах нь:
“Баруун биед нэгэн Хань байтал
Зүүн биед нэгэн Хань
Буга Чан Аньд орвоос
Сая энэ зовлонгүй болмуй” хэмээжээ.
58 Элч
59 Люйбүгийн хэргэм зэрэг
Сайд би энэ үгийг санаваас баруун биед нэгэн Хань хэмээгч нь Гаозү хаан, баруун Чан Аньд нийслээд арван хоёр үе улиран хаан суусан, Зүүн биед нэгэн Хань хэмээгч Гуан Ү хаан, зүүн Луо Янд нийслээд эдүгээ бас ч арван хоёр хаан суусанд оногдмуй. Тэнгэрийн улиралд нийлүүлж чансан та Чан Аньд дэвшвээс сая зовлонгүй болох болой” хэмээсэнд Дунжуо ихэд баярлан өгүүлрүүн: “Чи хэлээгүй болбоос би энэ тухай үнэхээр санаанд орохгүй” хэмээгээд даруй Люйбүг дагуулан шөнө дөлөөр Луо Янд эгж нийслэлийг нүүлгэх хэргийг зөвдмүй хэмээн бичиг цэргийн түшмэдийг хааны харшид цуглуулаад Дунжуо өгүүлрүүн: “Хань улс зүүн нийслэлд сууж хоёр зуун илүү он болов. Эдүгээ амьсгал нэгэнт буурчээ. Би үзвээс хааны амьсгал үнэнхүү Чан Аньд буй тул би хааныг баруунш дэвшүүлсүгэй хэмээмүй. Таны олон тусдаа хөсгөө бэлтгэгтүн!” хэмээжээ. Сытү түшмэл Янбяо өгүүлрүүн: “Гуаньжун газар нурж өмрөөд үзэшгүй болсны дээр эдүгээ учиргүйгээр өвгийн сүм, хүүр онгоныг гээвээс зуун овогт60 цочин үймэлдэх болой. Дэлхий дахиныг хөдөлгөхөд хялбар, амруулахад бэрх тул чансан ихэд толилох ажаам уу!” хэмээсэнд, Дунжуо хилэн төрж өгүүлрүүн: “Чи улс төрийн их учрыг хоригломуй уу?” хэмээсэнд Тайвэй түшмэл Хуанвань өгүүлрүүн: “Ян Сытүгийн үг мөн болой. Эрт Ванман урваж суурийг булаасан хойно “Нэн эхлэлтийн” онд улаан хөмсөгтний самуун дэгдэн Чан Анийг гал талбиад цөм үнсэн товрог болгожээ. Тэр дээр иргэн дэвшиж сарниад зууны дотор нэгэн хоёр ч үгүй болсон атал эдүгээ орд харшийг гээж, хээр талд нутаглахаар очих нь зохисгүй болой” хэмээсэнд Дунжуо өгүүлрүүн: “Гуаньдун газарт хулгай дэгдэж дэлхий дахин самуурчээ. Чан Аньд Яо, Ханьгийн бэх чухал газар буй бөгөөд Лун Ю газар лугаа ойр тул мод, чулуу, тоосго, ваарыг хэдэн өдрийн дотор олж болмуй. Орд харш бариваас нэгэн сар болохгүйгээр бүтмүй. Та нар битгий дахин самуун үгийг гаргагтун!” хэмээхэд Сытү түшмэл Сюньшуан ятгаж өгүүлрүүн: “Чансан хэрвээ нийслэлийг нүүлгэсүгэй хэмээвээс зуун овогтон үймэлдэж амаргүй болмуй!” хэмээсэнд Дунжуо уурлаж өгүүлрүүн: “Би дэлхий дахины төлөө бодолхийлэх тул яахин өчүүхэн иргэнийг хайрламуй!” хэмээгээд мөн өдөртөө Янбяо, Хуанвань, Сюньшуангийн түшмэлийг эвдэж иргэн болгов. Дунжуо гарч тэргэнд суумагц хоёр хүмүүн тэрэгний өмнө сөгджээ. Үзвээс харин Шаньшү түшмэл Жоуби, хотын хаалганы Сяовэй түшмэл Ү Цюн ажгуу. Дунжуо асууруун: “Ямар хэрэг буй?” хэмээхүйд Жоуби өгүүлрүүн: “Эдүгээ сонсвоос чансан нийслэлийг Чан Аньд нүүлгэе хэмээмүй. Түүнийг ятгахаар ирсэн болой” хэмээсэнд Дунжуо ихэд уурлаж өгүүлрүүн: “Анх та хоёулын үгийг авч Юаньшаог хэрэглээд эдүгээ Юаньшао нэгэнт урважээ. Та цөм түүн лүгээ нэгэн нам бөлгөө” хэмээгээд цэргийн ардыг дуудан хаалганы гадна гаргаж алсан хойно даруй нийслэлийг нүүлгэмүй хэмээн захиа зарлаж “Маргааш даруй мордмуй!” хэмээжээ. Лирү өгүүлрүүн: “Эдүгээ цалин хүрэлцэхгүй Луо Янд баян өрх олон буй тул түүнийг цөм бичиглэж албанаа хурааваас зохино. Ганц Юаньшаогийн харьяат намыг эрж алаад хөрөнгийг хурааваас эрхгүй хэд хэдэн түмэн лан олдох болой” хэмээв.
60 Ард олон
Түүнээс Дунжуо даруй таван мянган цэргийг илгээж, Луо Ян хотын баячуудыг бариулсан нь хэдэн мянган өрх амуй. Тэргүүнд далбаа хатгаж дээр нь “Урвасан сайд сөргүү нам” хэмээн бичиж, цөмийг хотын гадна аваачиж алаад түүний эд мөнгийг хураав. Лизюэ, Гуосы нар Луо Ян хотын иргэн хэдэн зуун түмэн хүнийг хөөж Чан Аньгийн зүг явахад зуун овогтын нэгэн ангийн хооронд нэгэн баг цэргийг хольж хөөхөд, олон иргэн харилцан түлхэлцэж гуу сувагт унаж үхснийг тооловч баршгүй. Бас цэргийн хүмүүнийг талбиж, иргэний эхнэр охидыг ужидлуулаад, идэх амуу будааг булаалгахад уйлах дуунд тэнгэр газар хөдөлмүй. Гартаа илд барьсан гурван мянган цэрэг хоцорсон ардыг зам зуур ална. Дунжуо явахдаа хотын хаалга, олон иргэний гэр өрхийг цөмөөр гал тавиад бас өвгөдийн сүм, хааны ордон харшийг ноцоож, өмнө умард хоёр ордны гал харилцан залгалдаж, Луо Ян хотын ордон харш цөмөөр үнсэн товрог болжээ. Бас Люйбүг зарж урьд хааны онгон, хатдын хүүрийг уудалж алт эрдэнийг авсанд цэргийн хүмүүн мөн шалтгаанаар түшмэд иргэний хүүрийг үлдээлгүй урвуулжээ. Дунжуо алт мөнгө, торго магнаг сайн юмыг хэд хэдэн мянган тэрэг тээж хаан, хатан жич бага хатан нарыг авч Чан Аньгийн зүг очив.
Түүнээс Дунжуогийн дорд жанжин Жаочэнь, Дунжуо Луо Ян хотыг хаяж одсныг сонсоод Сышуй Гуань боомтыг өргөсөнд Сүньзянь цэргээ авч урагш оров. Сюаньдө, Гуань, Жан нарын хамт Хулао Гуань боомтод байлдан орсонд олон мужийн эзэд мөн өөр өөрийн цэргийг авч дараа дараагаар орж ирэв.
Тэндээс Сүньзянь цэрэг авч Луо Янгийн зүг ирэхүйд холоос үзвээс галын гэрэл тэнгэрт тулж, хар утаа газарт дүүрээд хоёр гурван зуун газрын дотор тахиа, нохой, хүмүүний дуу тасарчээ. Сүньзянь урьдаар цэрэг илгээж галыг унтраагаад олон мужийн эзэд тус тусдаа хээр талд хүрээ буув. Цаоцао ирж Юаньшаод өгүүлрүүн: “Эдүгээ хулгай Дунжуо баруунш очсон тул чухам мөн хүчинд нэхвээс зохих атал харин Бэньчу61 цэрэг бууж хөдлөхгүй нь ямар учир аж?”. Юаньшао өгүүлрүүн: “Олон замын эзэд зүдэнгирсэн тул нэхэвч тусгүй!” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Хулгай Дунжуо ордон харшийг гал талбиж, тэнгэрийн хөвгүүнийг нүүлгэсэнд дэлхий дахин догдолзон хөдөлж, хүмүүн иргэн дагах газраа мэдэхгүй болжээ. Энэ тэнгэр мөхөөх цаг тул нэгэнтээ байлдваас дэлхий дахин даруй тогтох болно. Олон гүн юунд сэжиглэж цэрэг орохгүй аж?” хэмээсэнд олон замын эзэд цөмөөр: “Хөнгөнөөр хөдөлж болохгүй” хэмээжээ. Цаоцао ихэд уурлаж өгүүлрүүн:
“Бага хүүхэд лүгээ зөвлөж болохгүй!” хэмээгээд өөрийн нэгэн түм илүү цэргийг авч Ся Хоудүнь, Ся Хоу Юань, Цаорэнь, Цаохун, Лидянь, Юэзинь лүгээ хамт шөнө дөлөөр Дунжуог нэхэж одов.
61 Юаньшаогийн өргөсөн нэр
Тэндээс Дунжуо явсаар Рүн Ян хотод хүрсэн хойно тайшоу түшмэл Сюйрун угтахаар ирсэнд Лирү өгүүлрүүн: “Чансан Луо Ян хотыг шинэхэн орхиж ирсэн тул нэхэх цэргийг сэргийлэхгүй болбоос болохгүй. Эдүгээ Сюйрунг Рүн Ян хотын гаднахь уулын хажууд бүгүүлж хэрвээ нэхэх цэрэг ирвээс талбиж өнгөрүүл. Бидний энд байлдан дарсан хойно эгэх замыг тосож алтугай! Тийм болбоос хойно ирэгчид эмээж, дахин нэхэхгүй болмуй” хэмээсэнд Дунжуо түүний аргыг хэрэглээд бас Люйбүгээр шалгарсан цэргийг дагуулан хойноо хайгуулдуулав. Люйбү хараахан явж атал Цаоцаогийн нэгэн анги цэрэг хүрч ирэв. Люйбү ихэд инээж өгүүлрүүн: “Үнэхээр Лирүгийн бодлогоос гарсангүй!” хэмээгээд цэргийг тэгшлэн жагсаав. Цаоцао гарч их дуугаар өгүүлрүүн: “Сөргүү хулгай, тэнгэрийн хөвгүүнийг булааж, иргэнийг нүүлгээд хааш одсугай хэмээмүй?”. Люйбү харааж өгүүлрүүн: “Эзнээс үтээрсэн уульхай62 боол яахин дэмий хэлэлцмүй!”. Ся Хоудунь жад барьж морийг сэхэлгэн63 Люйбүг байлдахаар ирэв. Хэдэн удаа болсонгүй, Лизюэ нэгэн багийн цэрэг авч зүүн биеэр байлдан оров. Цаоцао даруй Ся Хоу Юаньгаар угтуултал баруун этгээдээс хашхирах дуун бас гарч, Гуосы нэгэн салааны цэрэг авч ирсэнд, Цаоцао даруй Цаорэньгээр угтуулав. Гурван замын цэргийн хүчин их тул Ся Хоудунь, Люйбү лүгээ байлдсаар тэсэхгүй болж жагсаалын зүг буруулахад Люйбү цэргийг дагуулан алан орсонд, Цаоцаогийн цэрэг дарагдаж Син Янгийн зүг буруулав. Явсаар нэгэн уулын хөтөлд хүртэл хоёрдугаар жингийн үе болжээ.
Сарны гэрэл өдөр адил гэгээн, дийлэгдсэн цэргээ цуглуулж сая тогоо тулж “Будаа чанасугай!” хэмээтэл дөрвөн этгээдээс хашхирах дуун сонсогдож, Сюйрунгийн бүгсэн цэрэг цөм гарч ирэв. Цаоцао даруй морио унаж, зам эрж дутаатал төв хэтийл Сюйрун учирчээ. Цаоцао бие эргэн явахад Сюйрун сум онилон харвасанд Цаоцао мөр оногдов. Цаоцао зэв хатгаастай чигээр буруулж сая уулын хөтөл өнгөрөн очтол өвсөн дотор бүгсэн хоёр цэргийн хүмүүн Цаоцаогийн ирэхийг үзэж тус тусын жадаар нэгэн зэрэг морийг жадлахад морь оногдож хэвтэхэд Цаоцао ч мөн хөлбөрөн унаад тэр хоёр хүмүүнд баригдав. Гэнэт нэгэн морьт жанжин довтолгон ирж тэр хоёр цэргийн хүмүүнийг цавчиж алаад мориноосоо бууж, Цаоцаог өргөж босгосны хойно Цаоцао үзвээс Цаохун ажгуу. Цаоцао өгүүлрүүн: “Би энд үхье. Мэргэн дүү чи хурдан явагтун!”. Цаохун өгүүлрүүн: “Эзэн гүн хурдан морь уна! Би явганаар дагасугай!”. Цаоцао өгүүлрүүн: “Хулгайн цэрэг хүрч ирвээс чи яанам?”. Цаохун өгүүлрүүн: “Дэлхий дахинд Цаохун үгүй болж болмуй. Гүн чи үгүй болж болохгүй” хэмээв. Цаоцао өгүүлрүүн: “Би хэрвээ амьдарваас цөм чиний хүч болой” хэмээгээд Цаоцао моринд мордов. Цаохун хуягаа тайлж, илдээ үүрээд морийг дагаж явмуй.
62 Зүрх муутай, аймхай, цочимтгой
63 Харайлгах
Явсаар бараг дөтгөөр жингийн үес болоход өмнө биед их гол хөндөлдөж замыг таслаад хойноос бас нэхэх цэргийн хашхирах дуун улам ойр болжээ. Цаоцао өгүүлрүүн: “Миний амь нас энд ирээд одоо амьдран чадахгүй болов” гэхэд Цаохун даруй Цаоцаог мориноос түшиж буулгаад хуягаа тайлж, Цаоцаог үүрэн голыг гэтлэж сая хөвөөнд гартал нэхэх цэрэг нэгэнт хүрч ирээд усыг дамнуулан сум харвав. Цаоцао усанд норсон янзаар явсаар гэгээртэл гуч илүү газар яваад нэгэн довцгийн дор амарч байтал бас хашхирах дуун гарч нэгэн анги цэрэг хүрч ирэв. Энэ нь Сюйрун, голын дээд урсгалаар гэтлэж нэхэхээр ирсэн ажгуу. Цаоцао цав хэмээн цухалдаж атал харин Сяохоу Дүнь, Ся Хоу Юань хэдэн арван морьт цэргийг авч нисэх мэт ирээд зандран өгүүлрүүн: “Сюйрун миний эзнийг битгий хорлогтун!” хэмээсэнд Сюйрун даруй Ся Хоудүнийг зүглэн ирсэнд Ся Хоудүн нь жад барьж угтан байлдаад хэдэн удаа болсонгүй Сюйрунг мориноос жадалж унагав. Үлдсэн цэргийг алж сарниултал хойноос Цаорэнь, Лидянь, Юэзинь өөр өөрийн цэргийг авч хүрч ирэв. Цаоцао учраад баярлах зовох хослож, сарнисан цэргийн хүмүүнийг таван зуу илүүг цуглуулаад хамт Хөнэй газарт эгэв. Дунжуо Чан Аньгийн зүг явав.
Тэндээс олон мужийн эзэд Луо Ян хотод цэргээ буулгаж байхуйд, Сүньзянь хааны ордны галыг унтраагаад хот дотор цэргээ буулгаж цацраа Зянь Жан Дянь харшийн сууринд байгуулав. Сүньзянь цэргийн хүнээр ордон харшийн доторхи тоосго, ваар, шороо, чулууг шүүрдүүлэн арилгаад, Дунжуогийн уудлан гаргасан хүүр онгоныг булуулж, өвгөдийн сүмийн орон дээр гурван өргөө гэр барьсан хойно олон замын эздийг залж ирээд хаадын хөргийг жагсаан талбиж үхэр, хонь алж тахиад, олон эзэд тархсан хойно Сүньзянь хүрээндээ очив. Тэр шөнө одон сарны гэрэл гэв гэгээн, Сүньзянь илдээ барин гадна сууж, дээш тэнгэрийн байдлыг үзвээс алтан гадас одыг цагаан уур бүрхэж бүдэг болжээ. Сүньзянь шүүрс алдаж өгүүлрүүн: “Хааны од гэгээнгүй, хулгайч сайд олныг самууруулж, түмэн иргэн гал усны гашуун зовлонг эдлээд, нийслэл хот хоосров” хэмээн хэлж бараад нүдний нулимсыг асгаруулав.
Гэнэт хажууд зогссон цэргийн хүмүүн зааж өгүүлрүүн: “Харшийн өмнөх худгийн дотроос таван өнгийн гэрэл цацармуй” хэмээхэд Сүньзянь цэргийн хүмүүнийг дуудаж, гар зул бариулан худгийн дотор хүн оруулж, уудлан эрэхэд нэгэн эхнэр хүмүүний хүүр олж гаргав. Тэр хүүр хэдий өдөр удсан боловч ялзарсангүй өмссөн нь ордон доторхи эхнэрийн адил, хүзүүнд нэгэн хэмэрлэгийн шуудай зүүжээ. Нээж үзвээс дотор нь нэгэн бяцхан шунх мэт улаан хайрцаг буй. Алтны үнсээр оньсолж амуй. Нээвээс дотор нь нэгэн хас тамга байв. Өргөн өндөр дөрвөн ямх, таван луу сийлсэн сэнжтэй, нэгэн өнцөг эмтэрснийг алтаар нөхжээ. Дээр нь найман эвхмэл үсэг буй. Тэр үсэг нь “Тэнгэрийн зарлийг хүлээж, өлзий үүрд урт” хэмээжээ. Сүньзянь тамгыг олж аваад Чэнпүгээс асуусанд Чэнпү өгүүлрүүн: “Энэ улс улирах хас тамга болой. Эрт цагт Бяньхө нэрт хүмүүн Жиншань уулын дор очоод, гарьд галбинга чулууны дээр суусныг үзэж тэр чулууг тээж ирээд өргөсөнд Чу улсын Вэньван хагалбаас энэхүү хасыг олжээ. Цинь улсын хорин зургадугаар онд энэ хасыг сайн урчуудад тушааж цоолборлон тамга болгожээ. Лисы хэмээгч хүмүүн тэр найман эвхмэл үсгийг дээр нь бичсэн бөлгөө.
Хорин наймдугаар онд Цинь Шихуан улсыг байцаахаар очоод Дун Тинху тэнгист хүрээд салхин долгион ихэд үүсэж онгоц урвах шахсанд даруй хас тамгыг тэнгист орхисон хойно салхи долгион зогсов. Гучин зургадугаар онд Цинь Шихуан улсыг байцаахаар очоод Хуажинь газарт хүрсэн хойно нэгэн хүмүүн тэр хас тамгыг барьж зам тосон ирээд, дагасан хүмүүнд өгүүлрүүн: “Энэ тамгыг өвөг хаанд эгүүлмүй” хэмээн өгүүлж бараад үзэгдэхгүй болов. Энэ тамга дахин Цинь улсад олдов. Дараа жил нь Цинь Шихуан халиад хойно Зы Ен энэ тамгыг Хань улсын Гаозүд өргөжээ. Хожим Ванман хааны суурийг булаахуйд хүрээд Сяо Юаньхуан эх дагина энэ тамгаар Вансюнь, Сүсянийг цохиход нэгэн өнцөг эмтэрсэнд алтаар нөхжээ.
Гуан Ү хаан энэ эрдэнийг И Янгийн газраас олж уламжилсаар эдүгээд хүрч ирэв. Мөнөөхөн сонсвоос арван Чанши самуураад бага хааныг Бэйман Шань уулнаа булаан аваачсан хойно ордондоо буцваас энэ эрдэнэ гээгдэв хэмээмүй. Эдүгээ тэнгэр эзэн гүнд өгсөн нь эрхгүй хаан суух хувь буй. Энд удаж болохгүй түргэнээ Зяндундаа эгж бус үйлийг бодолхийлбээс зохимуй” хэмээхүйд Сүньзянь өгүүлрүүн: “Төв хийтэл миний санаанд нийлжээ. Маргааш өвчнөөр шалтаглаж буцсугай!” хэмээн зөвлөж тогтоод сэмээр олон цэрэгт ухуулан “Битгий задруул!” хэмээв.
Тэндээс Сүньзяньгийн дорх нэг цэрэг нь Юаньшаогайн нэгэн айлын хүмүүн аж. Үүгээр бие дэвших арга болгосугай хэмээн шөнө хүрээнээс хулган гараад Юаньшаод хэлэхээр одов. Юаньшао сонсоод ихэд шагнаж цэргийн дотор үлдээв. Дэд өдөр Сүньзянь Юаньшаогийн дэргэд ирж өгүүлрүүн: “Сүньзянь миний бие баахан өвчин олсон тул Чаншад эгсүгэй хэмээн тусгайлан гүнд аяарлахаар ирэв” гэхэд, Юаньшао инээж өгүүлрүүн: “Би гүн чиний өвчнийг мэдмүй. Төрийг уламжлах хас тамганы өвчинг олсон болой”. Сүньзянъ царай хувилж өгүүлрүүн: “Энэ үг хаанаас ирэв?”. Юаньшао өгүүлрүүн: “Эдүгээ цэрэг үүсгэж хулгайг алаад улсын төлөө хорыг арилгамуй. Хас тамга хэмээгч хааны эрдэнэ болой. Гүн чи олсон болбоос олны өмнө гарган чуулганы даргын дэргэд хадгалж, Дунжуог алсан хойно хэвээр хаанд эгүүлэн тушааваас зохимуй. Эдүгээ чи нуун далдлаж явсугай хэмээх нь яах санаа буй?”. Сүньзянь өчрүүн: “Хас тамга хэрхиж надад баймуй?”. Юаньшао өгүүлрүүн: “Зянь Жан Дянь харшийн худгийн доторх юм хаана буй?”. Сүньзянь өгүүлрүүн: “Надад үгүйг чи цухалдуулах нь юуны учир болой” хэмээсэнд Юаньшао өгүүлрүүн: “Түргэнээ гаргаваас зовлон үүсэхээс хэлтэрмүй” хэмээсэнд Сүньзянь тэнгэрийг зааж амалдан өгүүлрүүн: “Би хэрвээ хас тамгыг олоод нуун далдлаж байх болбоос хожмын өдөр сайнаар эцэслэхгүй лав илд суманд үхмүй!” хэмээжээ.
Үүнд олон замын эзэд цөм өгүүлрүүн: “Вэньтай64 энэ мэт ам алдаж байх тул санахуйд лав үгүй ажээ”. Юаньшао тэр цэргийн хүмүүнийг дуудан гаргаж өгүүлрүүн: “Худгийг уудлах үес энэ хүмүүн байсан уу?”. Сүньзянь ихэд хилэн төрж, зүүсэн илдээ гаргаж, тэр цэргийн хүмүүнийг “Алъя!” хэмээхүйд Юаньшао бас илдээ гаргаж өгүүлрүүн: “Чи цэргийн хүмүүнийг алъя хэмээх нь намайг дарлах нь болой” хэмээтэл Юаньшаогийн ар хойнох Яньлян, Вэньчоу хоёр цөм илдээ гаргав. Сүньзяньгийн хойно Чэнпү, Хуангай, Ханьдан нар мөн илд гаргасан тул олон замын эзэд цугаар хориглож зогсоосон хойно Сүньзянь даруй морио унаж цэргээ аван Луо Янгаас салж явав. Юаньшао ихэд хилэнлэж, даруй нэгэн битүүмж захидал бичээд сэтгэл зүрхний дотно хүмүүнийг зарж шөнө дөлөөр Зинжоу мужийн захирагч Любяод хүргүүлж түүнийг зам тосож “Булаан автугай!” хэмээн илгээв.
Дэд өдөр хүмүүн ирж хэлрүүн: “Цаоцао, Дунжуог нэхэж Рун Янгийн газарт байлдаад ихэд дарагдаад эгж ирэв” хэмээмүй хэмээсэнд Юаньшао хүмүүн зарж угтуулан авч ирээд олон замын эздийг цуглуулж хурим бэлтгэн, Цаоцаогийн уйтгарыг саатуулж хуримлан уулцахад Цаоцао гунигран өгүүлрүүн “Би анх их журмын цэрэг байгуулсан нь төрийн тул хулгайг арилгасугай хэмээсэнд олон гүн нар журмыг барьж иржээ. Миний уг санаа болбоос Бэньчугаар Хөнэй газрын олныг дагуулан Мөнзинь, Суаньзаод бууж олон гүн нар Чэньгаог бэхлэн Аоцанг эзэлж, Хуань Юань, Тайгүгийн хоёр замын хавцлыг бөглөөд Гунлүгээр Нань Янгийн цэргийг авч Дань, Сид суулган, Үгуань боомтоор орж Саньфү65-г хөдөлгөсөн хойно гүн гуу, өндөр хэрэм цогцлоож байлдахгүй, сэжиглэлийн цэрэг болгоод дэлхий дахины байдал төлбийг үзэж эевэргүүгээр тэрслүүг албаас даруй тогтох болой хэмээсэн бөлгөө. Эдүгээ сэжиглэн алгуурлаж цэрэг орохгүй дэлхий дахины эргэлзэн үзэхийг ихэд алдсан тул Цаоцао би үнэхээр ичингүйрмүй!” хэмээсэнд Юаньшао нар ер өчих үг үгүй болов.
Удалгүй хурим бараад олон бүгд тархжээ. Цаоцао, Юаньшао нарыг үзвээс тус тусдаа өөр сэтгэл барьсан тул бодвоос хэрэг бүтээн чадахгүйг мэдээд өөрийн цэргээ авч Ян Жоуд очив. Гүн Сүньзань, Сюаньдө, Гуань, Жангийн зүг өгүүлрүүн: “Юаньшао чадалгүй удваас эрхгүй хувьсмуй. Бид түр эгсүгэй!” хэмээгээд даруй цэргээ авч хойш очоод Пин Юаньд хүрсэн хойно Гүн Сүньзань, Сюаньдөг Пин Юань сумын түшмэл болгон суулгаад өөрөө харьяаны газраа сахин цэргээ тэжээхээр очив.
Юньжоугийн тайшоу түшмэл Людай зүүн мужийн Тайшоу түшмэл Цяомаогаас “Амуу зээлсүгэй!” хэмээвээс Цяомао маргаж, өгсөнгүй тул Людай цэрэг авч гэнэт Цяомаогийн хүрээнд орж Цяомаог алаад, цэргийг цөм дагуулав. Юаньшао олон мужийн эзэд тус тусдаа салж явсныг үзээд бас цэргээ авч Луо Янгаас ангижран Гуаньдунд очив.
64 Сүньзяньгийн өргөсөн нэр.
65 Хань улсын үед Зин Жао, Фэн И, Фү Фэнг Саньфү гэж дууддаг байжээ.
Тэндээс Зинжоугийн Цыши түшмэл Любяо өргөсөн нэр Зиншэн, Шань Янгийн Гаопин газрын хүмүүн, хааны төрөл, залуу үеэс нөхөрлөхүйд дуртай, нэр гарсан хойно долоон хүмүүн лүгээ ханилжээ. Тэр тухайд “Зянсягийн найман баатар” хэмээн нэрлэжээ. Тэр долоон хүмүүний нэр Рунань газрын Чэньсян, өргөсөн нэр Жунлинь, үүн лүтээ нэгэн мужид суусан Фаньпан өргөсөн нэр Мөнбө, Лү улсын Кун Юй, өргөсөн нэр Ши Юань, Бохай газрын Фанькан, өргөсөн нэр Жунжэнь, Шань Ян газрын Таньфү, өргөсөн нэр Вэнь Ю, үүн лүгээ нэгэн мужид суусан Жанзянь, өргөсөн нэр Юаньзе, Нань Ян газрын Цэньжи, өргөсөн нэр Гунсяо нар болой. Любяо энэ долоон хүмүүн лүгээ нөхөрлөн явмуй. Бас Яньпин газрын Куайлян, Куай Юэ, Сян Ян газрын Цаймао нар тусалжээ. Тэр цагт Юаньшаогийн бичгийг үзээд даруй Куай Юэ, Цаймао танд нэгэн түмэн цэрэг өгч Сүньзянийг тосохоор илгээвээс Сүньзяний цэрэг сая хүрч ирэв. Куай Юэ цэргийг жагсаагаад өөрөө урагш гарсанд Сүньзянь асууруун: “Куай Идү66 ямар учирт намайг зам тосмуй?”. Куай Юэ өгүүлрүүн: “Чи Хань улсын хааны сайд атал юунд төр уламжлах эрдэнийг хулгайлан аваачмуй? Хурдан үлдээн өгвөөс чамайг талбиж гаргасугай!” хэмээсэнд Сүньзянь уурлаж Хуангайг байлдахаар гаргав. Цаймао илд барьж угтаж байлдаад хэдэн удаа болсонгүй Хуангай ташуураар Цаймаог занчсанд цав хэмээн зүрхийг хамгаалах толинд оногдов. Цаймао даруй морио буцуулж буруулахад Сүньзянь дийлсэн хүчинд даруй хязгаараас алж гарваас уулын хойноос хэнгэрэг цан цугаар дуугармуй. Үзвээс харин Любяо өөрөө цэрэг дагуулан ирэв. Сүньзянь даруй морины дээрээс ёслоод өгүүлрүүн: “Зиншэн67 юунд Юаньшаогийн бичгийг итгэж, зэргэлдээ мужийн хүмүүнийг халдмуй?”. Любяо өгүүлрүүн: “Чи төр уламжлах эрдэнийг нуусан нь урвасугай хэмээмүй үү?”. Сүньзянь өгүүлрүүн: “Надад энэ юм буй бөгөөс би илд сумны дор үхтүгэй!”. Любяо өгүүлрүүн: “Чи намайг итгүүлсүгэй хэмээвээс цэргийн ачаа хөсгөө миний дураар нэгжүүл!” хэмээсэнд Сүньзянь хилэнлэж өгүүлрүүн: “Чамд ямар хүчин буй хэмээн намайг бага үзмүй” хэмээгээд байлдсугай гэтэл Любяо даруй эгэв. Сүньзянь морь талбин нэхэж очихуйд хоёр уулын хойноос бүгсэн цэрэг хамт гарч ирээд арын хойноос Цаймао, Куай Юэ нар хүрч ирж Сүньзянийг дундаа хаав. Энэ чухамхүү:
“Хас тамгыг олж ирээд хэрэглэх газар үгүй
Харин энэ эрдэнийн төлөө цэрэг дайн хөдөлгөмүй”
Эгнэгт Сүньзянь яахин бие гарч явахыг доор бүлэгт үзтүгэй!
66 Куай Юэгийн өргөсөн нэр
67 Любяогийн өргөсөн нэр
Сэтгэгдэл ( 0 )