ХАКҮХО: Асашёорюүг давж, Кисэносатод унасан барилдаан сэтгэлд үлджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна, 45 түрүүлсэн их аварга Хакүхо албан ёсоор зодог тайлж, энэ сарын 1-ний өдөр "Кокүгикан" ордонд хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Хакүхо цаашдаа Магаки ояката нэрээр "Миягино" дэвжээний туслах оякатагаар ажиллах юм.

Хэвлэлийн бага хурал дээр их аварга юу ярьсныг сонирхоцгооё.
 


-Ингээд та зодог тайлах боллоо...

-Сэтгэл их хөдөлж байна. Мөн сэтгэл амарч, тайвширсан мэдрэмж төрж байна.

-Зодог тайлах шийдвэрийг та хэзээ гаргасан бэ?

-Долоодугаар сарын тэмцээний 10 дахь өдөр.

-Тэр өдөр юу яг юу бодсон бэ?

-Өнгөрсөн жилийн наймдугаар сард би мэс засалд орсон. Энэ жил нэгдүгээр сард коронавирусний халдвар авч, гуравдугаар сард нь баруун өвдгөндөө хагалгаа хийлгэлээ. Өвдөг хүссэнээр хөдөлж өгөхгүй болсон тул Нагоя башёд 10 давах зорилготой байлаа. Тэмцээний эхний өдөр залуу бөхтэй барилдаж ялсан ч маш хүнд даваа байсан. 10 давж, зорилгоо биелүүлсэн тэр өдөр дэвжээндээ хариад ояката багш, дэвжээнийхээ бүх хүмүүст “Энэ башёд барилдаад зодог тайлъя” гэдгээ хэлсэн.

-Гэргий, хүүхдүүддээ хэлэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Эхнэр маань жаахан харамсалтай байсан. Хүүхдүүд маань ч дахиж барилдуулах хүсэлтэй байсан.

-Монголд байгаа ээж нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Утсаар ярихад ээж “Эрүүл байх чухал. Их хичээж зүтгэсэн шүү” гэж хэлсэн.

-Та 20 гаруй жил сүмо барилдлаа...

-Их л хурдан өнгөрсөн санагдаж байна. Үнэхээр сүмод хайртай, дуртай тул өөрийгөө азтай хүн гэж боддог.

-Анх сүмод орж байсан үеэ эргэн дурсвал?

-Өдий зэрэгт хүрсэн минь Миягино оякатагийн ач тус. Багш намайг дэвжээндээ авсны ачаар би энд сууж байна. Энэ завшааныг ашиглаад Миягино багшдаа баярлалаа гэж хэлмээр байна. Багш минь үнэхээр шавь нараа бодсон, зөөлөн сэтгэлтэй хүн. Багшдаа магтуулах юмсан гэсэн хүслээр бэлтгэл, сургуулилтдаа хичээн зүтгэдэг байлаа. Энэ бодол минь эхлээд сэкитори, тэгээд озэки, ёкозүна болох шат болж өгсөн.

-Зорилго тавьж, түүнийгээ биелүүлэн урагшилсаар сүмо бөхийн хамгийн том цол хүртжээ дээ...

-Сүмод анх орохдоо ёкозүна болно гэсэн зорилготой байсан ч 45 түрүүлнэ гэсэн зорилго байгаагүй. Нэг нэгээр нь биелүүлж явсаар 45 түрүүлж чадсан гэж боддог.

-Ёкозүна хүн таны бодлоор ямар байх ёстой вэ?

-Анх ёкозүна болж байхад баруун, зүүнээ ч мэдэхгүй байлаа. Тэр үед Тайхо оякататай уулзахад “Ёкозүна болно гэдэг том хувь заяа. Маш их хичээхгүй бол болохгүй. Ялагдвал зодог тайлна” гэж хэлж байлаа.

32 удаа түрүүлсэн Шёова үеийн их аваргын үг үнэхээр тус болсон. Ёкозүна цолтой 3 жил, 5, 8, 10 жил барилдахсан гэсэн хүсэл тэгэхэд төрж байлаа. 
 


-Ялагдвал зодог тайлна гэдэг үг олон удаа бодогдсон байх даа...

-Ялангуяа сүүлийн үед, зургаан тэмцээн дараалан өнжиж үе надад их хэцүү байсан.

-Сүмогийн ертөнцөд олон асуудал дэгдэж, Зүүн Японд байгалийн гамшиг гарахад ч та хүчин зүтгэсэн...

-Энэ бүхнийг үзэж туулсан минь миний хувьд том баялаг болсон гэхэд болно. Мэдээж цаашид оякатагийн ажил хийхэд их тус болно гэж бодож байна.

-Та жил бүр "Хакүхо цом" тэмцээн зохион байгуулдаг. Хүүхдүүдэд хандан үг хэлээч...

-Энэ тэмцээнийг 26 настайдаа анх зохион байгуулж байсан. Хэдийнэ 10 жил өнгөрчээ. "Хакүхо цом" тэмцээнд оролцож байсан хүүхдүүд мэргэжлийн сүмод хөл тавьж, надтай хүртэл барилдаж байна. Тэмцээний үр дүн гарч байгаа нь харагдаж байна.  

-Сүүлийн хэдэн жил Ёкозүнагийн зөвлөл зэрэг газраас таныг маш их шүүмжилсэн...

-Би хамгийн өв тэгш сүмог Го но сэн буюу өрсөлдөгчөө довтлуулж, мэх хийлгээд хариу хийж, ялдаг сүмо гэж боддог. Тэгж барилдахыг хичээдэг байсан үе бий. Гэвч хамгийн олон түрүүлсэн бөхийн рекордыг шинэчлэн тогтоосон үеэс гэмтэл бэртэл нэмэгдэж, тийм барилдаан хийж чадахгүй болсон. Харамсаж байна.

-Өөр хүн ойлгохгүй хүнд зүйл олон тохиолдож байв уу?

-Түрүү бөхийн рекордыг шинээр тогтоосноос хойш зорилго, мөрөөдлөө алдахын уйтгар гуниг, ганцаардлыг мэдэрч байлаа. Зорилго том байх тусам ирээдүйд сүмо бөх болох гэж байгаа хүүхэд, багачуудад хэрэг болох болов уу гэж бодон, хичээн зүтгэж байлаа.

-Гэр бүлдээ хандаж юу хэлэх вэ?

-Гэргий, хүүхэд минь дэргэд байсны ачаар би өдий хүртэл явж чадсан. Хүчтэй эр хүний ард ухаалаг эмэгтэй байдаг гэсэн үг бий. Энэ индрийг ашиглан эхнэртээ талархснаа илэрхийлье.
 


-Хамгийн сэтгэлд үлдсэн барилдаан нэгийг нэрлэ гэвэл та аль барилдааныг хэлэх вэ?

-Хоёрыг хэлмээр байна. Дээшээ анх гарч ирж байхад томчуулын хананд бүдэрч байлаа. Миний анхны бөгөөд эцсийн кинбоши бол 2004 оны арваннэгдүгээр сарын тэмцээний 11 дэх өдөр ёкозүна Асашёорюүг ялсан барилдаан. Мөн Фүтабаяма аваргын 69 дараалан давсан амжилтыг эвдэхээр зорьж байгаад 2010 оны арваннэгдүгээр сард Кисэносатод ялагдсан барилдааныг хэлж болно. 

-Та ямар ояката болохыг зорих вэ?

-Миягино багш шигээ шавь нараа боддог ояката болохыг хүсэж байна.

-Дохёнд үлдээсэн харамсал байдаг уу?

-Байхгүй, бүх зүйлээ гаргаж чадсан.

-Та сүүлийн барилдааныхаа өмнө духаа дохёнд хүргэж харагдсан...

-Засуул нэр дуудахад "За, энэ миний сүүлийн барилдаан шүү" гэж бодоод, 20 жилийн талархлаа илэрхийлсэн.

-Тэрүнофүжи ёкозүна боллоо. Сая Намрын тэмцээнд ч түрүүллээ...

-Нагояд тэмцээний сүүлийн өдөр барилдаж байхдаа түүнд буухиагаа дамжуулан өгч болох юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн. Залуу бөхчүүд сайжирч, хүч чадалтай болж байгааг Нагояд 15 хоногийн турш харлаа.

-Зодог тайлсан ч сүмо бөхдөө та үлдэнэ...

-Хүнд зөөлөн, өөртөө хатуу хандахыг ялгаж мэддэг, бусдад хүндэтгэлтэй ханддаг, хүн чанартай шавь бэлтгэхийг зорино.

-Хамгийн харамсалтай барилдаанаа нэрлэвэл?

-63 дараалан ялсан амжилтаа тасалдуулсан барилдаан. Гэхдээ Кисэносатод унасан тэр барилдааны ачаар би улам их хичээдэг болсон гэж боддог. Алдаа хүнийг дараагийн амжилтад хүргэж өгдөг. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(87.214.24.143) 2021 оны 10 сарын 05

Mongol japanii guur bolson aguu baharhalt avarga mini eruul enkh urt udaan naslaarai

0  |  0
зочин(103.229.121.71) 2021 оны 10 сарын 05

Гайхалтай сайхан аварга минь.Монгол Японы бахархал болсон хүү шүү.

2  |  0
Zochin(103.229.122.46) 2021 оны 10 сарын 04

Ger bul, huudhuud ni saihan haragdaj bna\n. Eruul enh, Sain saihan buhniig husye!

0  |  0
Top