МЭДЭГДЭЛ: Маргааш 50 вагон АИ-92 бензин буулгана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Шатахууны хомсдол үүссэн гэх нөхцөл байдал, мэдээлэлд УУХҮЯ, Газрын тосны бодлогын газраас дараах тайлбарыг өглөө. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7, Улаанбаатар хотын хэмжээнд 5 хоногийн нөөцтэй байна.

БНХАУ-аас 2021.10.01-06-ны хооронд 150 вагон нийт 7540 тонн шатахуун ачихаар төлөвлөсөн бөгөөд 10.03-нд эхний 50 вагон Хөх хотын ГТБҮ-ээс хөдөлж,  Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид 10 дугаар сарын 5-ны өдөр шилжүүлэн ачиж, УБ хот руу хөдөлсөн. 10 дугаар сарын 6-нд мөн 50 вагон АИ-92 автобензинийг буулгахаар 2 дахь ээлжийн шатахууныг улсын хилээр оруулж ирээд байна.

Түүнчлэн ОХУ-аас 10 дугаар сар гарснаас хойш 02-ны өдөр “Роснефть” компаниас 13 вагон 787 тонн, 10 сарын 3-ны өдөр 5 вагон 302 тонн, 10 сарын 4-ний өдөр 368 тонн, 10 сарын 5-ны өдөр 542 тонн газрын тосны бүтээгдэхүүн ачигдсан.  Эхний ээлжийн бүтээгдэхүүнүүд импортлогчдын агуулахуудад бууж эхлээд байна. 

БНХАУ, ОХУ-аас импортолж буй АИ-92 автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Сүхбаатар, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар УУХҮЯ нь Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас ОХУ, БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top