Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д буриад бөх Евгений Жербаев хүрэл медаль хүртсэн билээ.
Буриад бөх хамгийн сүүлд 1993 онд дэлхийн аваргаас медаль хүртэж байлаа. Домогт Борис Будаев 1989 онд дэлхийн аварга болж байсан бол Сергей Замбалов 1993 онд хүрэл медаль хүртэж байсан. 2007 онд Базар Базаргуруев хүрэл медаль авсан ч тэр Киргизийн далбаан дор барилдаж байсан юм.
Буриад бөх олон жил ДАШТ-ий медаль аваагүй гэдэг нь түүнд нэлээд дарамт болж байжээ. Мөн ОХУ-ын шигшээ багийн дүнгээр АНУ, Ирантай өрсөлдөж байсан тул хүрлийн төлөөх барилдаанд Евгенийд ялагдах эрх байсангүй. Түүнтэй сэтгүүлч Тигран Аванян уулзан ярилцжээ.
-ДАШТ-ий хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.
-Жамболат Тедеев тэргүүтэй шигшээ багийн хамт олонд их баярлалаа гэж хэлье. Мэдээж би алтан медаль авахын тулд Ослод ирсэн. Чадаагүй ч ямар ч гэсэн медаль авч багаа хөөдөөгүй нь чухал. Цаашдаа медалийн өнгөө хувиргахын төлөө хичээнэ. 2017 онд өвөө минь нас барсан. Бага байхад өвөө минь надад байнга “Чи дэлхийн аварга болно” гэж хэлдэг байлаа. Миний дэлхийн аваргын хүрэл медалийг өвөө минь үзэж чадсангүй. Энэ медалийг би өвөөдөө зориулж байна. Өвөөдөө зориулж, алтан медаль авахын төлөө зүтгэнэ.
-Буриадууд хамгийн сүүлд 1993 онд дэлхийн аваргаас медаль авч байсан.
-Буриадад “ДАШТ-ий медаль авалгүй хэт удлаа. Одоо авах ёстой” гэж бараг хүн болгон бичиж байсан нь сэтгэлд нөлөөлж байлаа. Тийм болохоор би Instagram-аасаа гарсан. Энэ дарамтаас болоод би ялагдсан гэж боддог. Дэлхийн аварга болохын тулд сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Хэн нэг нь дарамтыг даван гарч чаддаг, зарим нь чаддаггүй. Харин би чадсангүй. Гэхдээ намайг ялсан Киргизийн бөх маш сайн өрсөлдөгч байсан. Түүн шиг бөх одоо ховор. Хөлд байнга ороод л, би нэг хөлдөө алдаад л сандарчихсан. Тэгээд юу ч хийж чадалгүй ялагдсан.
-Энэ медалийг авах зам чинь Улаан-Үдэд болсон УАШТ-ээс эхэлсэн.
-Тийм ээ, Буриадад УАШТ болсон нь ёстой азтай хэрэг байлаа. Би улсын аваргын 1 мөнгө, 2 хүрэл, нийт гурван медальтай. Сүүлийн медаль надад ДАШТ-ий шигшээ багт багтах боломж олгосон. Боломжоо ашиглаж чадсан ч дэлхийн аварга болж чадаагүй минь харамсалтай.
-Цаашдаа ч 70 кг-д барилдах уу?
-Үгүй. Олимпын жин болох 74 кг-д шилжинэ. Би 77 кг жинтэй тул жин их хасах хэрэг гардаг. 74 кг маш өрсөлдөөнтэй жин. Ахиад олон бөх энэ жинд шилжих болно. Тэдний ихэнхтэй нь би барилдаж үзсэн. Олимпын жинд илүү сонирхолтой. Заурбек Сидаковыг ялж байгаагүй ч бараг ихэнхийг нь ялж байсан.
-Сидаковыг ялж үзээгүй бөх олон бий.
-Нэг удаа улсын аваргаар би ялах тун дөхсөн. 8:10 ялагдаж билээ.
Сэтгэгдэл ( 0 )