Монгол Улс анх 2012 онд Их Британийн FTSE Russell-с гаргадаг Хөгжиж буй зах зээл /Frontier market/ ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д орж байсан. FTSE Russell нь улс орнуудын хөрөнгийн зах зээлийг олон төрлийн техник шалгуураар үнэлдэг бөгөөд тухайн улсыг албан ёсоор ангилалд хамруулахаас өмнө нэг жилийн хугацаанд “Ажиглалтын жагсаалт”-д байршуулдаг.
Хэдийгээр манай улс 2012 онд уг жагсаалтад орсон боловч арилжааны төлбөр тооцооны дараа төлбөрт горим буюу Т+2 болон төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлээгүй, арилжаанд оролцохын тулд мөнгөн хөрөнгийг 100 хувь урьдчилан байршуулдаг, олон улсын кастодиан банкгүй зэрэг шалтгааны улмаас 2017 онд Хөгжиж буй зах зээлийн ангилалд орж чадалгүйгээр “Ажиглалтын жагсаалт”-аас хасагдсан.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны төлбөр тооцооны горимыг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлд онцгойлон анхаарч Сангийн яам болон зах зээлд оролцогчидтойгоо энэ чиглэлээр хамтран ажиллаж, үнэт цаасны дараа төлбөр тооцооны T+2, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлэх шийдвэрийг өнгөрсөн оны нэгдүгээр дүгээр сард гаргасан.
Энэ дагуу Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2020 оны 35/47 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бэлтгэл ажлыг хангаж системийн хэмжээнд дээрх горимд өнгөрсөн оны гуравдугаар сарын 31-ний өдөр амжилттай шилжсэнээр үнэт цаасны төлбөр тооцооны горим олон улсын жишигт нийцэж чадсан. Үүний үр дүнд есдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улс Хөгжиж буй зах зээл /Frontier market/ ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д орсон талаар FTSE Russell албан ёсоор мэдэгдлээ.
Монгол Улс энэхүү ангилалд орсноор хөрөнгийн багцын удирдлага хийдэг томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчид манай хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулахад чухал ач холбогдолтой гэж СЗХ-ноос мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )