Монгол Улс нэг л өдөр ТОГГҮЙ болно шүү

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

Монгол Улс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хувьд БНХАУ-аас хараат, гэрэл цахилгаан, шатахууны хувьд ОХУ-аас хараат байна.

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд 60-80 МВт-аар нэмэгддэг байна. Харамсалтай нь 2020 онд нэг ч цахилгаан станц нэмж бариагүй. Гадны хөрөнгө оруулагчид найр тавьж, хөрөнгө оруулалтын босгыг хэд дахин бууруулаад ч цахилгааны дутагдалтай улсад үйлдвэр барихад хэцүү юм.

Манай улс өвлийн оргил ачааллын үед нэг өдөрт 1300 мВт цахилгаан хэрэглэдэг. Нэг өдрийн цахилгаан хэрэглээний 200 мВт-ыг ОХУ-аас авдаг байна. Импортоор авч байгаа хэрэглээгээ дотооддоо үйлдвэрлэж, цахилгааны асуудлаа чөлөөлөх боломж байгааг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Зүүн болон баруун бүсийг эрчим хүчээр хангах боломжтой. Зүүн бүсэд Чойбалсангийн цахилгаан станц, баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц хүлээгдэж байна. Олон жил ярьж байгаа эдгээр төслийн туузыг хэзээ хайчлах нь тодорхойгүй.

Харамсалтай нь бүхэл бүтэн цахилгаан станц барих мөнгөөр цахилгаан, дулаан, хогны мөнгийг тэглэсэн гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн шүүмжлэв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Өвлийн оргил ачаалалтай 18:00-21:00 цагийн үед эрчим хүчний дутагдалд орж болзошгүй болсон. Станц барих мөнгөөр айл өрх, аж ахуй нэгжийн эрчим хүчний үнийг тэглэсэн. Ийм их мөнгийг бид шатаачихлаа. Өнөөдөр цахилгаан станц барьчихсан бол бид эрчим хүчний хомсдолд орохгүй байсан. Оюутолгойг дагасан эрчим хүчний үүсгэвэр маш чухал асуудал болоод байна. 200МВт хэрэглээ авна гэхээр бид эх үүсвэрийг нь шийдэж чадахгүй яваад байна. Хамгийн ойрын найдвар бол Багануурт баригдах 200, 200 МВт блокоор баригдах цахилгаан станц юм. Гэхдээ БНХАУ нүүрсний салбарт хөрөнгө оруулалт хийхийг бодлогоор дэмжихгүй байна. Иймд төр засаг нүүрсний цахилгаан станц хэрэглэхгүй гэдэг бодлого руу явж байгаа нь Багануурын цахилгаан станц төсөл хэрэгжихэд саад болж мэднэ. Тавантолгойн цахилгаан станцийн асуудал бол 4-5 жилийн дараа л яригдах асуудал.

Цахилгааны хэрэгцээ тулгамдсан асуудал болоод байгааг Сангийн сайд Б.Жавхлан ч хүлээн зөвшөөрч байлаа. Тиймээс ирэх оны төсөвт цахилгаан станцийн тоог нэмэх асуудалд онцгой ач холбогдол өгч ажилласан талаар онцлов.

Сангийн сайд Б.Жавхлан

-Эдийн засгийн чадамжтай болох гол тулгуур нь дэд бүтэц юм. Томоохон үйлдвэр Монгол Улсад баригдах ямар ч боломжгүй байна. Apple гар утасны эд ангиудыг манайд хийе гэхээр түүхий эд нь байгаа ч цахилгаан эрчим хүчээр хангаж чадахгүй. Экспортод гаргах гэхээр хил нэвтрэх хурд маш бага. Энэ нь өөрөө эдийн засгийг боомилж байгаа асуудал юм. Ирэх жилүүдэд эрчим хүчний салбартаа онцгой анхаарах ёстой. Нэг өдөр манай эрчим хүч зогсож магадгүй.

Ирэх оны төсөв эрчим хүчний 22 төсөл арга хэмжээг 49 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Гэсэн ч энэ нь өнөө маргаашаа аргацаах хэмжээний л асуудал гэж шүүмжлэх нэгэн байна. Монгол Улсын хувьд Тавантолгой, Оюутолгой гэх мэт томоохон уурхайгаа хангах цахилгааны чадамжтай болох нь нэн тэргүүний зорилт болоод байгаа. Хоёр том уурхайгаа эрчим хүчээр хангаж чадвал Монгол Улсын орлого нэлээд хэмжээгээр нэмэгдэнэ. Гэвч ирэх оны төсөвт энэ тухай нэг өгүүлбэр ч ороогүй нь хамарсалтай. Үүнээс гадна дотоодын хэрэгцээгээ хангах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон  Чойбалсангийн цахилгаан станцийг яаравчлах шаардлагатай байна. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(64.119.22.177) 2021 оны 10 сарын 12

5 толгой, шивээговь багануурын уурхайг түшиглээд оросуудаар станц бариулчихаач ээ

0  |  0
Даваа(139.5.219.166) 2021 оны 10 сарын 13

ДАВААСҮРЭН ГЭЖ ӨӨРӨӨ САЙДЫГ НЬ ХИЙЖ БАЙСАН БАЙЖ СОНИН ДУРАК БАЙХ ЮМ АА ТЭР ҮЕДЭЭ БОДЛОГО БОЛОВСРУУЛАХГҮЙ АРД ТҮМНЭЭ ЭНЭ КОВИДИЙН ҮЕД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙХАД ШАТААЛАА ГЭЭД УЛИАД СУУЖ БАЙДАГ ТУЛХГҮЙ ХОГИЙН ГАР ЮМ ДАА

1  |  1
Иргэн(66.181.189.137) 2021 оны 10 сарын 12

МАН АН ХОЁР МОНГОЛЫН ЭСРЭГ АЖИЛЛАЖ ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГИЙГ ХУЛГАЙЛЖ ИДЭЭД БАЙЖ БАЙГАА. АЛЬ ЭРТ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ АСУУДЛЫГ ШИЙДЭХ БОЛОЛЦОО БАЙСАН ЮМ.

0  |  0
Top