Банкны тухай хуульд энэ онд нэмэлт өөрчлөлт орсны дагуу банкны системд реформын шинжтэй өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Тэгвэл Төв банк 2022 онд банкны салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлд ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч дараах мэдээллийг өгч байна.
“Энэ чиглэлд гурван үндсэн зорилтыг дэвшүүлээд байна. Нэгдүгээрт, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдөгдөж буй зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Монголбанк Ковид-19 цар тахлаас үүдэн 2020 онд эдийн засаг болон санхүүгийн мөчлөгийн огцом уналт бий болж, санхүүгийн системд эрсдэл хуримтлагдах нөхцөл байдал үүссэнийг харгалзан иргэд, аж ахуй нэгжүүдийг хамгаалах, банкны секторын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтын арга хэмжээг шуурхай хэрэгжүүлсэн. Тухайлбал, төлбөрийн хүндрэлд орсон 146,704 зээлдэгчийн 1.2 их наяд төгрөгийн хэрэглээний зээл, 2,249 ААН-ийн 2.6 их наяд төгрөгийн бизнесийн зээл, 59,926 өрхийн 3.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна (2021 оны 6 дугаар сарын байдлаар). Өөрөөр хэлбэл, банкны системээс гаргасан нийт зээлийн 27.2 хувьд бүтцийн өөрчлөлт хийжээ. Цаашид цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд мөрдүүлж буй зохицуулалтыг ердийн нөхцөлд шилжүүлэх төлөвлөгөөг 2021 оны зургаадугаар сард баталсны дагуу банкны үйл ажиллагааны зохистой харьцаа, актив хөрөнгийг ангилахтай холбоотой шаардлагуудыг шат дараатайгаар хэвийн горимд шилжүүлэх болно. Ингэхдээ эдийн засгийн сэргэлттэй уялдуулан шат дараатай арга хэмжээ авах юм.
Хоёрдугаарт, банкны IPO нь 2022 оны эдийн засаг, санхүүгийн зах зээлд нѳлѳѳлѳх томоохон үйл явдал байна. Банкны тухай хуулийн өөрчлөлтөөр банкны системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компани, бусад банкийг хувьцаат компани хэлбэртэй байх зохицуулалт орсон. Иймд хувьцаат компани хэлбэртэй банкны хяналт шалгалт болон зохицуулалтыг хэрэгжүүлж, системийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ хѳрѳнгѳ оруулагчдад таатай орчныг бүрдүүлэх нь ирэх оны нэг том зорилт, ажил болоод байна.
Гуравдугаарт, Монголбанк банкны салбарын эрх зүйн орчин, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох ажлаа тасралтгүй үргэлжлүүлж, хууль тогтоогч байгууллагатай хамтран ажиллана” гэв.
Сэтгэгдэл ( 0 )