Даатгалын 608 бүтээгдэхүүнийг шинэчлэн бүртгэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

Санхүүгийн салбар түүн дотроо даатгалын салбар дахь өрсөлдөөнийг дэмжих, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ноос “Даатгалын багц дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Даатгалын компаниуд бүтээгдэхүүнээ зохицуулагч байгууллагад хянуулж, бүртгүүлсний үндсэн дээр зах зээлд борлуулдаг байсныг өөрчилж даатгалын компанийн эрх бүхий албан тушаалтан даатгалын бүтээгдэхүүнээ хянаж, батлаад СЗХ-нд мэдэгдэнэ. Үүний дараа хороо цахим хуудсандаа байршуулснаар бүртгэсэнд тооцож тухайн бүтээгдэхүүнээс үүдэж даатгуулагчийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд хариуцлага хүлээх тогтолцоог бүрдүүлсэн. Ингэснээр даатгагчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд түргэн шуурхай нэвтрүүлэх, даатгалын бүтээгдэхүүний чанар, хүртээмж, тоо хэмжээ нэмэгдэх, технологид суурилсан даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжих нөхцөл бүрджээ.

Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудсанд байршуулсан даатгалын бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг даатгалын компани цахим хуудсандаа байршуулах ба ингэснээр иргэд, аж ахуй нэгжүүд даатгалын компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээнд харьцуулалт хийсний үндсэн дээр зөв сонголт хийх боломж нээгдэж байна. Дээрх зохицуулалтын хүрээнд тус хороо даатгалын 50 бүтээгдэхүүнийг шинээр, 571 бүтээгдэхүүнийг (давхардсан байдлаар) шинэчлэн бүртгэж цахим хуудсандаа байршуулжээ.  Тодруулбал Монгол Улсын даатгалын зах зээл дээр өнөөдөр даатгалын 22 хэлбэрт хамаарах 621 бүтээгдэхүүн борлуулагдаж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top