Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ДҮН ПИН ФҮ ХОТОД ЖҮ ФЭНЛУН ХЭМЭЭХ ШИ ЧЯНЬ УРХИНД УНАВ
СҮН ГҮНМИН ЖУРМААР ХОС ЖАДАТ ЖАНЖНЫГ ТАВЬЖ ИЛГЭЭВ
Өгүүлэх нь, Сүн Жян тэндээс Чаогайгийн оронд Лү Жюнь Иг суулгах хэмээсэн. Үүнд олны санаа эс дагасанд өгүүлрүүн: - Та бүхэн миний хэлсэн хоёр зүйлийг дагаваас сайн болмуй. Эдүгээ ууланд тариа, өвс, бордоо ховор болжихуй. Эндээс уулын зүүн этгээдэд нэг жоу, нэг фү хоёр хот буй. Нэг нь Дүн Пин Фү, нэг нь Дунчан Фү. Тэр хотын олон иргэд цөм баян элбэг хэмээмүй. Тэндээс бага тариа зээлж хэрэглэе. Бид ер хотоос өчүүхэн ч юм авч газар тариаланг халдсан учир үгүй. Иймийн тул Чаогайгийн гэрээслэн хэлсэн үгийг сул орхивоос зохихгүй болой. Одоо миний санаа Лү Жюнь Итэй хоёул энэ хоёр хотыг нэг нэгээр шавга татаж бичиг хийж, хэнд аль хот тохиолдвоос тэнд очиж тариа цалин олж ирье. Тэр цагт хэн тэргүүлж ирвээс тэр нь Чаогай ахын суудлыг эзлэе хэмээсэнд Ү Юн тэргүүлэн олон бүхнээр “мөн мөн” хэмээгээд даруй Пэйсюанийг дуудаж бичиг хийлгэж, шавга татваас Сүн Жян Дүн Пин Фү, Лү Жюнь И Дунчан Фүд хоёул хуваан ногдов.
Тэр өдөр их баярын ёсоор хурим бэлтгэж, удтал найрлав. Маргааш өдөр Сүн Жян өөрийн мордох ангид Линь Чүн, Хуа Рүн, Лю Тан,Ши Жинь, Сюй Нин, Ян Сюн, Люйфан, Гуо Шэн, Хань Тао, Пэн Чи, Кунмин, Күн Лян, Се Жэнь, Зебао, Ван Вэйху, И Жан Чин, Жан Чинь, Сүнь Эрнян, Сүнь Синь, Гү Дасао, Ши Юн, Юй Баосы, Ван Динлоу, Дуань Жинжү их бага хорин таван жанжин, морьтой цэрэг нэг түм, усан цэргийн тэргүүн Руань Сяо Эр, Руань Сяо Ү, Руань Сяоци усны онгоц бэлтгэж авав. Лү Жюнь Игийн ангид Ү Юн, Гүн Сүньшэн, Гуань Шэн, Хү Яньжуо, Жү Түн, Лэй Хэн, Суочао, Янжи, Шань Тингүй, Вэй Дингуо, Сюань Зань, Хао Сывэнь, Янь Чин, Ян Линь, Оу Пэн, Лин Жэнь, Ма Линь, Дэн Фэй, Ши Энь, Фань Руй, Сян Чүн, Ли Гүнь, Ши Чянь,Бай Шэнгийн зэрэг их бага жанжин хорин тав, морьтой цэрэг нэг түм, усан замын цэргийн тэргүүн Лизюнь, Тун Мэн нарыг нэлээд залгаа онгоц бэлтгэж, Сүн Жян, Лү Жюнь И хоёр өөр өөрийн цэрэг жанжныг авч, уулаас хоёр зам хуваан хуаран татаж буув. Тэр үе гурван сарын шинийн нэгийн өдөр, тэнгэрийн амьсгал дулаан, хөх ногоо гарч, тавтайяа аянд явдаг цаг мөн.
Тэндээс Сүн Жян цэргээ авч, зам явсаар нэг өдөр Дундин Фүд ойр болж, дөчний газрын үзүүрт бүхүй Ань Шаньжэнь хэмээх газар хуарангаа татаж, буудаллав. Сүн Жян олны зүг өгүүлрүүн: - Энэ хотын их даасан ноён нь Тайшу зэргийн сайд. Нэр Чэн Ваньли. Үүний гар доорхи нэгэн цэргийн түшмэл мөрнийн зүүн захын хүн. Үүний овог Дун, нэр Пин. Хоёр гартаа хоёр жад барьж байлдмуй. Хүн үүнийг “Хос жадат жанжин” хэмээмүй. Түмэн эр эсэргүүцэж болохгүй баатар болой. Бас урьдаар гар хөдөлж болохгүй. Зүгээр аятайгаар учрыг гаргаж нэг захиа илгээе. Тэр хэрхэвч дагахгүй. Тиймийн тул, тэр цагт гар хөдөлвөөс хүн мөн манийг элэглэхгүй болмуй хэмээн хэлэлцэж, нэг бичиг бичээд Юй Баосыд өгч илгээв. Ван Динлоу өөрийн зоригоор дагаж очив. Дүн Пин Фү хотын сайд Чэн Ваньли нэг өдөр дэлхий дахины цэрэг иргэний тухай газар газраас ирсэн бичгийг үзэж байтал, гацааны дарга нэг хүн нисэх мэт ирж мэдүүлрүүн: - Лян Шань уулын хулгай Сүн Жян манай Дүн Пин Фү хотоос тариа өвс зээлэн хэрэглэхээр олон жанжин цэрэг мордож ирээд, эдүгээ энэ Шаньжэний ойр хуаран татаж жагсжухуй хэмээсэнд Чэн тайшу энэ үгийг сонсоод, харъяат жанжин Дүн Пинг зарлаж ирүүлээд, энэ учрыг хэлэлцэж байтал, үүдэч хүн орж мэдүүлрүүн: - Сүн Жяний илгээсэн жанжин нар сайдад бараалхаж өргөх бичиг буй хэмээн ирээд, үүдний гадна хүлээж буй хэмээсэнд Чэн тайшу өгүүлрүүн: - Тэднийг доторгш оруулж ир хэмээв.
Юй Баосы, Ван Динлоу нар удсангүй орж ирээд ёслон барсны хойно бичгээ Чэн Ваньли тайшуд барьсанд, тайшу тэр бичгийг нэг үе үзээд учрын хэлж, Дүн Пинд үзүүлсэнд, тэр үг хэлэхийн зуур Чэн тайшу асууруун: - Жанжин энэ хэргийг хэрхэвээс зохимуй? хэмээсэнд Дүн Пин ихэд уурсаж, хараан өгүүлрүүн: - Зальхай хулгайн хоёр зарцыг алаад, толгойг их хаалганы дэргэд өлгөгтүн хэмээсэнд гар доорхи хүн даруй цавчих гэтэл, Чэн тайшу хориглон өгүүлрүүн: - Энэ үл болох хэрэг. Ямар боловч хоорондын зарагдсан хүнд юуны хамаа. Эднийг хорин мод занчаад хойш буцааваас барав хэмээсэнд Дүн Пин алахыг алгуурлаваас занчихыг хэлтрүүлж болохгүй хэмээн хоёулыг хүлж, Юй Баосы, Ван Динлоу хоёрыг чирч гарган танхимын өмнө хэвтүүлж, Дүн Пин нүд үзэж тэр хоёрыг цэргийн ардаар даруулж, ээлжлэн занчсанд Юй Баосы, Ван Динлоу нарын арьс шалбарч, цус цувирч, мах тасарч ихэд ёолж хэвтэхэд, Дүн Пин доорхи ардад зандран тушааж, хоёулыг хотоос чирч гаргасанд, Юй Баосы, Ван Динлоу хоёр арай хэмээн явж хуарандаа ирээд, Сүн Жян д аливаа учрыг үл мэдүүлсэнд Сүн Жян сонсоод тэсэшгүй их уурлаж, тэр хоёрыг тэргэнд суулгаж ууланд очиж, шархаа сувилагтун хэмээн илгээв. Үүнд Жү Вэнь Лун хэмээх Ши Чянь Сүн Жян д өгүүлрүүн: - Дүү би энгийн өдөр Дүн Пин Фүд над лугаа янаг амраг явсан нэгэн охин буй. Энэ нь Ли Руйлань хэмээмүй. Би баахан мөнгө зоос авч, түүний гэрт очоод байлдах өдрийг болзож тогтоод, би дотроос хэнгэргийн асарт авиран гарч, гал тавьж мэдээ өгөөд, дотоод хэргийг би бүтээж, тэр шөнө хотын хэрэм хаалгыг нээхийг биенд хүлээн бүтээе. Гадна дотноос хавсарваас их хэрэг бүтмүй. Сүн Жян өгүүлрүүн: - Үнэхээр маш сайн хэмээсэнд, Ши Чянь алт мөнгөө нэгэн боодолд боож, нууц зэвсгээ авч Сүн Жян д сөгдөн мөргөсөнд, Сүн Жян хариу ёсолж өгүүлрүүн: - Мэргэн дүү чи гагцхүү замдаа хичээгтүн. Би энд цэргээ сэмхэн сахин цагдаж байваас барав. Чи хүнд бүү сэжиглүүлэгтүн. Хэрвээ хайш яайш болбоос, чиний амь гарч. Хэрмээс ирэх нь маш бэрх хэмээхэд Ши Чянь “Үнэхээр мөн. Би хичээж очсугай хэмээгээд цэргийн хуарангаас гарч хэрмийн дотор орж Шиваньзи хэмээх зээлээр явж, Ли Руйлань хэмээх дууч эмийн гэрт ирсэнд, түүний их авга үзэж их л айн цочиж, Шицяниас айсан учрыг Ли Руйланьд хэлж, хамт дотоод гэрээс гарч ирсэнд, Ши Чяньд зэргээр сөгдөж ёслов.
Тэндээс тэр хоёр Шицянийг дээд давхарлигт залж, ширээ тавьж суулган, Ши Чяньд Ли Руйлань өгүүлэв. “Амраг нөхөр чи энэ хэдэн өдөр үл ирэх нь ямар учир. Би дам сонсвоос чамайг Лян Шаньд урважухуй” хэмээмүй. Тиймийн тул чиний биеийг барихаар ухуулах бичиг гаргав гэнэм. Чи одоо энд юунд ирэв. Бас манай энэ хотод Ляншаний Сүн Жян хэмээх хүн ирж юм зээлэх хэмээн гурван өдрийн өмнө сонсов. Учир иймд энэ хот маш их сарниж байхыг чи биеэр үзэв үү? хэмээсэнд Ши Чянь өгүүлрүүн: - Би эрхэм янаг чамаас юунд нуух буюу. Үнэнийг хэлсүгэй. Би эдүгээ Лян Шань ууланд урвасан нь үнэн. Басхүү энэ хотоос олз олохоор Сүн Жян ах бид бүгдээр ирэв. Би урьд тагнуулд ирэв. Чамд авчирсан нэг боодол алт мөнгө буй. Түүнийг чи хүлээн авагтун. Гагцхүү энэ зэрэг учрыг бус хүнд хэлж хэрхэвч болохгүй. Энэ хэрэг дууссан хойно чиний биеийг гэрийн хотлоор Лян Шаньдаа аваачиж баярлуулсугай хэмээсэнд Ли Руйлань инээмсэглэн алт мөнгийг авч, даруй ширээ засаж, хуримын архи зууш бэлдэж Ши Чяньд өгөв. Тэндээс Ли Руйлань энэ Шицянийн үгийг тогтоон аваад, өөрийн их авгад ирж ийн өгүүлрүүн: Урьд энэ Ши Чянь хэмээх хүн манай хотноо байхдаа маш баялаг нэгэн зочид бөлгөө. Над лугаа сэтгэл барилдсанаас хойш, ер ийм тийм хэмээх хэрэг гаргаж явсангүй.Одоо түүний үг, Лян Шань Фү ууланд урваж, Сүн Жян нарын хамтаар манай хотоос олз олохоор ирэв хэмээн, над нэгэн боодол алт мөнгө өгөв хэмээсэнд түүний их авга өгүүлрүүн: - Энэ Ляншаний Сүн Жян тэргүүлэн маш олон жанжин цэрэг тийм хялбаргүй. Хэрвээ тэд бүгдээр цэрэглэн ирж, хот хэрмийг эвдэж, олз олох болбоос, бид холбогдох дээр энэ үгийг хүн мэдээд, түүний ирснийг бусад сэжиглэж бариваас үнэхээр хэцүү хэрэг болмуй хэмээсэнд түүний гэргий ийн өгүүлрүүн: - Чи юуныг үл мэдэх буюу. Эртний үгэнд хэдгэнэ хүнийг дээл дотор орж хатгаваас дээлээ тайлж нисгэсний хойно, түүнийг хөөвөөс болох буюу. Тиймийн тул чи үүнд, дэлхий дахины хууль нэгэн адил урьд мэдүүлсэн хүнийг ял хэлтрүүлэх хэмээсэн зүйл буй тул, энэ учрыг Дүн Пин Фүгийн яамнаа очиж мэдүүлэгтүн. Энэ Шицянийг бариулахгүй болбоос, бид хожим хэрхэвч ял хэлтрэх газаргүй билээ хэмээхэд эр нь өгүүлрүүн: - Манай гэрт өдий чинээ их алт мөнгө өгсөн атал, түүнийг яахин хорлож болмуй. Эртний үгэнд өнөө хүнийг хорловоос маргаадар биеэ сэжиглэгтүн хэмээсэн бөгөөтөл, би мэдүүлж чадахгүй хэмээхэд, гэргий бас хараан өгүүлрүүн: - Эдэд шунасан хөгшин нохой энэ хотод дууч эмсийн хороонд сууж, энэ мэт алт мөнгө басхүү олсон билээ. Чи Дүн Пин Фүд яахин үл мэдүүлмүй. Чамайг мэдүүлэхгүй болбоос, би очиж мэдүүлэн бархирсугай хэмээсэнд хөгшин өгүүлрүүн: - Чиний хэлэх зөв. Хүүхэн Ли Руйлань дээд давхарлигт Шицянийг аргацаан хүлээлгэж байгтун.
Бүү өвс хөдөлгөж тогойг зайлуулагтун. Би урьд албаны хүнийг авчирч, түүнийг бариулан дагаж очоод Дүн Пин Фү яамнаа мэдүүлбээс барав хэмээсэнд Ли Руйлань даруй давхарлигт гарч, Шицянийн дэргэд очиж, ийн тийн хэмээн хууран байх аж. Ши Чянь түүний байдлыг үзвээс урьдас өнгө нь өөр болоод, заримдаа улаан заримдаа цагаан болмогц, Ши Чянь асууруун: - Янаг гэргийг чиний царайг үзвээс урьдаас маш өөр болов. Ямар учир буй хэмээхэд Ли Руйлань өгүүлрүүн: - Би сая гэрт ороод өндөр шатаас буухуйд хөл халтирч газар унасанд дотор балартаж, царай хувилж, зүрх догдлов хэмээгээд нэг шаазан цай хийж Ши Чяньд өгмөгц тэр авч ууж байтал, өмнөх гэрт нэг их чимээ гарав. Үүнд Ши Чянь харж үзвээс арав илүү албаны хүн давхарлигт шатаар дамжиж ирээд үг өгүүлэлгүй Шицянийг барьж хүлээд дорогш бууж, Дүн Пин Фү яамнаа хүргэж их танхимын дээр хүлээлгэсэнд харъяат хотын Чэн тайшу хэмээх зифү ноён танхим сууж, Шицянийг авчруулан сөгтгөж асууруун: - Чи урьд энэ хотноо зочид болон явж байгаад, эдүгээ Лян Шань ууланд урваж, Сүн Жянийг дагаж хот хэрэмд халдаж, олз олох хэмээн ирэхээр үл барам харин их зүрх гаргаж, гагцаар хотод тагнуулаар ирснийг Ли Руйланий авга ирж мэдүүлсэн тул, Лян Шаньд яахин урвасан ба эдүгээ энд хэний хамт ямар санаагаар ирсэн зэрэг чухам үнэнээ гаргаж мэдүүлэгтүн хэмээсэнд Ши Чянь ер дуу гарахгүйд, Дүн Пин уурлаж зандран өгүүлрүүн: - Энэ мэт хулгайн яс эрүүг үл мэдэх боолыг занчиж алваас зохимуй хэмээн, үтэр занчигтун хэмээн хашхирсанд олон цэргүүд Шицянийг чирч буулган хоёр гуяыг нэг дараагаар зуу илүү мод хүнд занчсанд түүний мах шалбрч, яс гарч, цус ихэд цуварч, тэсэхүйеэ бэрх боловч, тэр бэрх хатуу эр тул, шүд зууж огт үг хэлэхгүйд Дүн Пин уурлаж занан өгүүлрүүн: - Хэзээд алахаас үл хэлтрэх боолыг хүнд дөнгө өмсгөж, гянданд батлан сахиулав.
Тэндээс Сүн Жян Шицянийг одсоноос хойш ер мэдээ чимээгүй тул, аливаа учрыг Ү Юнд захидал бичиг илгээв. Ү Юн, Лү Жюнь И хоёр захиаг үзээд яаран явж Сүн Жяний цацарт ирээд, Сүн Жян лугаа учирч: - Хэн түүнийг илгээсэн буй? хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Өөрөө дуртай очсон. Түүн лугаа ханилсан Ли Руйлань хэмээх нэгэн хүүхэн буй. Түүнтэй уулзаж, их хэрэг бүтээхээр очсон нь эдүгээ хүртэл огт чимээгүй хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Би энд байсан аваас, түүний зоригоор илгээхгүй асан. Эрхбиш нэг гэм болжихуй хэмээн даруй Фүси Богдын зохиосон Найман хүЛи Лийн төлгөө авч үзээд, түүний биед зовлон тохиолдож хоригджухуй хэмээгээд даруй Гү Дасаог дуудаж өгүүлрүүн: - Чи энэ удаа нэг хэсэг явж их хэргийг бүтээгтүн. Чи эс очвоос хэрэг үл бүтмүй хэмээсэнд тэр өгүүлрүүн: - Их жанжны сургахыг дагаж явсугай хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Чи нэг гуйранч эм болон засаж хувилаад, Дүн Пин Фү хотноо очиж айл бүрийг хэсэж юм гуйж явагтун. Шицяний бие хэрхэвч гянданд хоригджухуй. Сая би ахаас сонсвоос, тэр нь нэгэн дууч эмээ дурьдаж очсон гэнэм. Эртнээс нааш дууч эмд ер үнэн санаа байдаггүй. Шинэ эрийг үзвээс хуучныг дуртай мартмуй.
Өглөө янаг байсан хүнийг хойд хаалгаар гаргаж, үдэш ирэх хүнийг урд хаалгаар тосож, баяныг үзвээс хөгшин залуу хэмээн ялгахгүй янагламуй. Хоосныг үзвээс ямар үзэсгэлэн сайхан хэмээвч даруй жигшмүй. Хэрвээ өөрөө бага сэтгэлтэй боловч, эцэг эх нь үнэг адил ааш сургаж, чоно мэт сэтгэл зааж өгөх тул, худалдааны эмсийг арван хувь итгэж болохгүй. Ши Чянь явсаар өдий болтол эс ирэхийг үзвээс лав эрүү хор амсчухуй. Сүн Жян ах та нэг хэсэг цэрэг авч, Вэнь Шансянь хотыг эвдэхээр очиж зүгээр дүрэм үзүүлэгтүн. Тийн аашилваас тэр хотын ядмаг зүдүү ард зөндөөн самуурч, зарим нь Дүн Пин Фү хотод очмуй. Гү Дасао мөн тэр үймээнээс айсан хүн болон ороод, урьд хэлэлцсэн ёсоор гуйранчлан явагч болон тайшугийн яамны өмнө очиж сайтар лавлан мэдээд, хэрвээ гянданд орсон болбоос бага сага юм авч гянданы үүдэнд очиж, Шицяний төрөл хэмээж гянданы үүдэнд арга үүсгэвээс дотор орж болмуй. Ши Чянь лугаа учирч аливаа учрыг хэлээд дараа сарын хуучин болж, сарны гэрэл үгүй болсон цагт хотын дотор гал шатаахыг тэмдэг болгож, тэр дотроос өөр зохисыг нь үзэж, амь гарагтун хэмээн сургаж хэлэгтүн хэмээсэнд Гү Дасао даруй үсээ задалж, сэгсийлгэн, уранхай элэнхий хувцас өмсч, нүүрэндээ хир түрхэж, гуйранч эмийн дүрээр болж, биедээн бага алт далдлан авч гарав.
Сүн Жян Ү Юнгийн сургасан ёсоор их цэрэг хөдөлгөж, Вэнь Шансянь хотын ойр цэрэглэн одсонд тэр хотын олон хүн нь цөм айж, ядмаг ард бүгдээр Дүн Пин Фү хотноо амь шургаж оров. Энэ ялдамд Гү Дасао тэдний хамт хольцолдон дотогш ороод газар газар гуйранчлан явсаар нэг өдөр гянданы үүднээ ирвээс, нэгэн хөгшин цал буурал дарга сууж байхад Гү Дасао урагш очиж ёслон мөргөж өгүүлрүүн: - Эрхэм өвгөн аав өршөөж, энэ дотор хоригдсон Ши Чянь хэмээх хүнийг над учруулж хайрламуу.Би нэг төрөл болох тул, үхэхийн урьд нүүр учирсугай хэмээсэн билээ хэмээгээд нэг бага хэсэг мөнгө өгсөнд, өвгөн бага ашиг олсон тул, даруй дотогш орж, сэмээр хэлж Шицянийг дагуулан авчирсанд, Гү Дасаог үзээд Ши Чянь аливаа учрыг мэдэж дув дуугүй зогсоход, Гү Дасао өгүүлрүүн: - Би үхэхийн урьд чам лугаа уулзъя хэмээн ирэв. Манай нутгийн хүн нар энэ сарын хорин есний орчим энд их худалдаагаар ирэх тул, би тэднийг дагаж нутагтаа буцмуй хэмээсэнд, Ши Чянь хорин есний орчим Ляншаний олон нөхөд ирж, түүний амийг аврахыг мэдэв. Гү Дасао эдгээр мэдээг өгч, цааш модоо тулж одов.
Гянданы хөгшин дарга эдний юу хэлснийг огт мэдсэнгүй хоцров. Удсангүй хорин есний өдөр болсонд, харъяат гянданы дарга нар тэр өдөр олон үхэгсдийн сүнсэнд цаас зоос түлж тайх хэмээн хэлэлцэхийг Ши Чянь сонсож ихэд баярлан өгүүлрүүн: - Та олон дарга авгай нар ийн зөвлөлдвөөс, өчүүхэн би мөн хэдэн лан мөнгө тусалж нэмэр болгоё хэмээн өгсөнд, тэд ихэд баясав. Үдшийн цагт тэд нар цаас шатааж түлээд, хэр чинээгээр бага архи уусанд Ши Чянь бас бага архи авчруулан тэднээ барьсанд, тэдгээр дарга нар согтохыг шахамдсанд, Ши Чянь чөлөөг үзэж, гянданы хаалганы нэг салаа модоор хөшүүрлэн эвдэж. Энэхүү санааг олон ялтанд хэлсэнд тэд цөм баярлалдан зөвшөөрч, даруй гар хөдөлж эвдсэнд, сахисан олон дарга нар дэмий үймэлцэн бархиралдаж байх чимээг Чэн Ваньли тайшу сонсоод даруй цэрэг гаргаж, гянданы хаалгыг батлан сахиулав. Зарим ялтан гарч оргосон аж. Гагцхүү Ши Чянь гаднаас хүн ирж тэнхрүүлэхийг хүлээн байтал, олон цэрэг гянданы амыг хааж гарч чадсангүй. Гү Дасао бас эмээн, гал тавих завдал олдохгүй арга барагдаж байв. Угаас энэ тайшу Чэн Ваньлид нэг залуу үзэсгэлэн охин буй аж. Үүнийг Дүн Пин эм үгүй тул хэдэн удаа зуучийг илгээж гуйлгасанд, Чэн тайшугийн үг: - Би болбоос бичгийн түшмэл. Тэр нь цэргийн жанжин. Энэ удаа ийм тийм хэмээх зэргээр шалтгаацдаг аж.
Иймийн тул Дүн Пин санаа бага нийлэлцдэггүй болой. Бэлхэн цэргийн түшмэл гарсанд бас нэг хүн илгээж хэлүүлбээс, “Одоо өвс чухал цэргийн хэрэг буй. Нам тайвуун болсны хойно жич хэлэлцсүгэй” хэмээх зэргийн үг хэлсэнд, Дүн Пин их л зориг шантарч, харин ийм болбоос Лян Шаньд урваж хүчин хавсарч, тэр охиныг булаан авах санаа үүсэх болов. Тэр үед хорин есний үдшийн цагт, Сүн Жян цэрэг авч хотыг бүслэн эрэвч дотроос огт тэмдэгт гал эс гарахад, гайхаж нэлээд хүлээгээд ер чимээ үгүйд, их л бухимдаж, даруй хэнгэрэг дэлдэж хашхирсанд, олон хүн айж. Энэ мэдээг Чэн тайшуд мэдүүлсэнд, тайшу даруй цаазлан тушааж. Дүн Пин цэрэг авч мордоод, хотын хаалгыг гарч, шөнө харанхуй тул, их галын гэрэл тавьж, Сүн Жяний жагсаалыг дайран ирэхэд Сүн Жян үзвээс Дүн Пин нас идэр, маш жавхлантай баатар нь олноос тасархай. Хэвлий дотор гурван бодлого, зургаан дугтуй бичгийг боловсорсон байдал буй. Энэ хүн хос жад барьж, жагсаалын дотор довтлон ирсэнд Сүн Жян яаран Линь Чүн, Хуа Рүн хоёрыг тушаан гаргав. Дүн Пин энэ хоёрыг үзээд огт тооцохгүй байлдан.
Линь Чүн, Хуа Рүн хоёр үзвээс, Дүн Пингийн гарт амь сөнөх буй за. Яахин байлдахыг санамуй. Дэмий л зурвас замаар зайлан буруулсанд Дүн Пин тэдний аргыг мэдэхгүй хойноос нисэх мэт довтлон нэхэмжлэн ирэхэд чанад талаас гэнэт харангын дуун гарч, нэг салаа цэрэг замыг хөндөлдөв. Эд нь И Жан Чин, Сүнь Эрнян, Жан Чинь нар ажгуу. Нэг хэсэг байлдан бас буруулахад, Дүн Пин хэвээр нэхэмжлэн гэнэт их зэгсний дотор орж, морины хөл тээглэгдэж, явж, огтхон ч хөдөлж болохгүйд яаран мориноос буух хэмээсэнд ар биенээс И Жан Чин дэгээтэй жадаар татаж, Дүн Пин газар унасанд, олноор барин аваачсанд, Дүн Пин дотроо бодов: - Би нэгэнт баригдсан тул, намайг албаас хэлэх үг үгүй. Гагцхүү эс албаас, эднийг дагаж Лян Шаньд урвая. Бас хүч нэгдэж, Чэн Ваньлиг талж, түүний охиныг олж ававаас сая ертөнцөд хүн болж төрсөн сэтгэл ханамуй хэмээн бодож явсаар Сүн Жяний цэргийн хороонд хүрч ирсэнд, Сүн Жян үзээд яаран дээш босч, ёслон өгүүлрүүн: - Өчүүхэн манай доорхи жанжин нар дүрсгүйгээр явж, дээд хүмүүнийг энэ мэт барин авчирчухуй. Гуйх нь, бүү гомдох болов уу хэмээн түүний хүлээсийг өөрөө тайлан, ихэд ёслон гуйхад Дүн Пин өгүүлрүүн: - Эрхэм Сүн Жян та намайг нэгэнт барьж ирсэн тул, одоо албаас зохимуй хэмээхэд, Сүн Жян сандал тавьж суулган өгүүлрүүн: - Их жанжин дэмий үг бүү өгүүлэгтүн. Таны биеийг алах санаа үүсгэх байтугай барьсанд эс яллаваас барав. Сүн Жян би угаас энд ирсэн нь манай ууланд хэдэн түмэн амьтан оршиж, тариа өвс ховор болсон тул, учрыг хэлж зээлэх хэмээн ирмэгц,эрхэм тайшу ноён өгсөнгүй. Тийнхүү байсаар ийм хэрэг болов. Одоо цэрэг буцъя хэмээвээс ирсэн хэргээ бүтээхгүй буцваас олон ах дүүгийн нүүрийг харж чадахгүй ичингүйрмүй.
Эрхэм жанжин өчүүхэн Сүн Жянийг доорд хэмээн эс жигшвээс над лугаа нөхөрлөн уулын эзэн болж, олныг тэргүүлэн засаж хайрламу хэмээсэнд Дүн Пин ихэд баясаж өгүүлрүүн: - Доорд намайг алахгүй, харин энэ мэт өршөөхийг үзвээс би баярлаж барахгүй хэмээн даруй босч ёслон мөргөж өгүүлрүүн: - Ай, би одоо хотод орж, Чэн тайшуг алж, хүүхнийг аваад, гянданг нээж Шицянийг гаргаж, хотын дотор хадгалсан тариа буурцаг, цалин өвсийг авч, цэргийн бэлтгэсэн тэргэнд ачиж авчиръя хэмээсэнд Сүн Жян тэсгэлгүй баярлан, даруй архи авчруулж, дараагаар гурван хундага өгч, Сүн Жян бас олон жанжин цэргийг авч дагалдан мордов. Дүн Пин тэргүүлэн явахад хотын цэрэг сэжиглэх хүнгүй, удирдан явсаар хотод орж, шууд Чэн тайшугийн яаманд ороход, олон хүн аль ч учрыг мэдэхгүй, хөндөлдсөнгүй. Дүн Пин анхандаа Сүн Жянийг оруулж авав хэмээн Чэн тайшуд хэлэхэд тэр үнэмших, үл үнэмшихийн дунд байтал, Сүн Жян цэрэг авч одоод, Чэн тайшуг алахад хүүхэн нь сандран Дүн Пинг амь авар хэмээн өөрийн жанжин хэмээн итгэмжлэн санаж, дотно болгон хоргодож ирэхэд Дүн Пин даруй баярлан, нэгэн сайхан сүйхэнд суулган цэргийн ардад тушааж, хотын гадна гаргаж илгээгээд, олон цэрэгт цаазлан зарлаж, иргэнийг нэг ч айлгаж болохгүй хэмээн зарлан тушааж, гянданг нээж Шицянийг гаргаж. Ши Чянь өөрөө Ли Руйлань дууч эмийн гэрт очиж эцэг, эх, хүүхэн гурвыг сүйтгэж.
Тэндээс цэрэг, тариа, цалин, морь, өвс бордоог бүрэн авч, хуарандаа ирэв. Энэ удаа иргэний амь, гэрийг огт хөдөлгөсөнгүй. Чэн тайшугийн доорхи түшмэл энэ учрыг Дунжинд мэдүүлэв. Сүн Жян хуарандаа ирээд нэгд, баатар эрийг оруулж авсан ба хоёрт, маш их эд юм олсон ёсоор Дүн Пинг тэргүүн зочдын ёсоор хүндэлж найрлахад, Ляншаний олон жанжин, цэргүүд Дүн Пинд ёслон учирч, эртний сайхан ах дүү мэт бололцож, архи уун найрлаж, Чэн ташугийн хүүхнийг тэрэгнээс гаргаж, ирүүлээд үзвээс, үнэхээр арван хувь сайхан төрсөн охин хэмээвээс болмуй. Дүн Пин насан идэр, жавхлан сүр нь мянган хүний дунд дарагдах учиргүй сайхан тул, тэр өдөр даруй хурим бэлтгэж, эр эм болгож, баярын архи ууж байтал, Ү Юн, Лү Жюнь И нарыг дагаж Дунчан Фү хотод очсон Бай Шэн нисэх мэт довтлон ирж, ёслон мөргөж, бас олон нөхөддөө ёсолж дуусаад, боодол дотроос нэгэн бичиг гаргаж Сүн Жян д барив. Энэ нь ямар хэргийн учир, хэн бичиг илгээснийг дараахи бүлэгт үзмүү.
Сэтгэгдэл ( 0 )