Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЖАН ЧИН ЧУЛУУ НИСГЭЖ ХАО СЫВЭНИЙГ ЗАНЧИВ
СҮН ГҮНМИН ЗОРИГООР ЯВЖ ХҮЧТЭЙ ЭРИЙГ БАРЬЖ АВАВ
Өгүүлэх нь, Сүн Жян Дүн Пин Фүг дайлж аваад, өөрийн хуарандаа сууж ихэд найрлаж байтал, Бай Шэн ирж нэгэн захидал өгсөнд Сүн Жян авч үзээд, олонд өгүүлрүүн: - Ү Юн, Лү Жюнь И нар Дунчан Фүд сууж, тэдний цэрэгт хоёр удаа дарагдсан учрыг гаргаж, туслахыг зөвшөөж захиа ирсэн тул, бид эдүгээ ууландаа буцахыг зогсож, шууд Дунчан Фүгийн тэнд очсугай хэмээгээд Бай Шэнг дуудаж яахин байлдсан дарагдсан зэргийг асуусанд, Бай Шэн өгүүлрүүн: - Дунчан Фүд нэг сүрхий жанжин буй. Түүний овог Жан, нэр Цин. Төрсөн нутаг Жан Дэфүгийн хүн. Барсыг гөрөөлж чадал олсон гэнэм. Чулуу нисгэж хүнийг занчих нь бууны сум адил. Зуун хүн луга занчилдваас, мөн адил занчмуй. Цол нь “Өдгүй сум” хэмээмүй. Үүний гар доор хоёр жанжин тусалмуй. Нэг нь Дин Дэсүнь. Үүний цол “Сумт барс” хэмээмүй. Нүүр дүүрэн эрээн сорви. Нэг нь Гүн Ван. Үүний цол “Эрээн хүзүүт барс” хэмээмүй.
Манай цэрэг тэнд очоод арав илүү хоног сууж огт чимээгүй. Манай этгээд Хао Сывэнь цэрэг авч байлдая хэмээсэнд Жан Чин гарч Хао Сывэнь лугаа нэгэн үе байлдаж, чулуунд цохигдоод шарх олж. Дараагаар Фань Руй цэрэглэн очоод мөн занчигдаж. Хоёр хүн шарх олж цөм сувилж буй хэмээсэнд Сүн Жян эдгээр үгийг сонсож, даруй цааз зарлаж, жанжин цэрэг нарын аливаа юмыг төхөөрч бэлтгэн, маргааш эрт мордохоор тогтов. Өглөө нь эрт хуаранг эвдэж, Дунчан Фүгийн зүг явж, удснгүй хотын ойр хүрээд, Лү Жюнь И цэргийн зүүн этгээд хуаранд бууж. Лү Жюнь И олон жанжнаа авч Сүн Жян лугаа явдлаа хэлэлцэж дуусаад сууж байтал, Жан Чин цэрэг авч байлдахаар ирсэнд, Сүн Жян олон жанжин цэргийг авч, жагсаалын өмнө гарсанд, Жан Чин үзээд хуруугаар Сүн Жянийг зааж хараан өгүүлрүүн: - Усанд оршсон муу өвс мэт хулгай, энэ удаа таны амийг үлдээх нь маш бэрх. Үтэр ирж үхэхийг хүлээгтүн хэмээсэнд Сүн Жяний нэгэн хүн ууртайяа гарч ирээд “Өчүүхэн хүн очиж байлдсугай хэмээв. Сүн Жян үзвээс тэр нь Сюй Нин ажгуу. Үүнд Сүн Жян өгүүлрүүн: - Дүү очвоос миний санаа зовох газар үгүй хэмээсэнд Сюй Нин морь давхин орсонд Жан Чин угтан байлдаж, арав гаруй удаа болсонд Жан Чин морь эргүүлж зайлсанд, Сюй Нин хойноос хөөхүйд, Жан Чин нууц чулуу хаяж илгээсэнд Сюй Нингийн цээж оногдож, арай унасангүй хойш буцаж ирэв. Хоёрдугаарт Янь Шүнь, Хань Тао, Пэн Чи, Сюань Зань, Хү Яньжуо, Лю Тан, Янжи, Лэй Хэн, Жү Түн нарын зэрэг жанжин нар дараа дараагаар гарч байлдаад, ер арван удаа зөрөлдсөн хүнгүй, цөм толгой, ам, хамар, магнай нь оногдож, цусаар бөөлжих ба зарим нь ухаан балартаж унажухуй. Үүнд Сүн Жян ихэд тачаадаж, арга барагдаж өгүүлрүүн: - Манай этгээд цэрэг авч байлдсанаас нааш нэг дараагаар өчнөөн олон жанжин ийнхүү хохирсон удаа огт үгүй хэмээн ихэд уурлахад, Жан Чин бас байлдая хэмээн шаардахад, Сүн Жян ихэд тачаадаж байтал, Датоу Гуань Шэн гарч ирээд Жан Чин лугаа байлдав. Яахисаар арван удаа болсонгүй Жан Чин дутаан буруулахад Гуань Шэн хэдүйн санаа болгоомжилсон тул, нүд харсаар чулуу хүрч ирсэнд, яаран сэлмээр тоссонд сэлмийн ир тааралдаж гал бутрав.
Үүнд Гуань Шэн даруй хойш буцаж ирсэнд, Хос жадат Дүн Пин ихэд хилэгнэж, жадаа мушгин орж ирсэнд, Жан Чин тосож аваад хараан өгүүлрүүн: - Журмыг үтээрхэж, эзнийг сорьсон зальхай малаас ертөнц хэрэглэх газар үгүй. Ляншаний хулгайн нам болон урваж, харин аймшиггүй над лугаа мөчөөрхье хэмээмүү? хэмээгээд, мөн хэдэн удаа байлдаж, Дүн Пингийн чихний угт занчиж буцаав. Үүний дараа Суо Чаогарч ирээд бас аюулхайн тус оногдож, цусаар бөөлжиж хойш ирэв.Нар орой болоход Жан Чин цэргээ хурааж ирсэнд Дунчан Фүгийн сайд тайшу ихэд баярлан, Жан Чингийн гавъяаг илэрхийлж их хурим бэлтгэж, архи барьж хуримлав. Жан Чин нэг дараагаар Ляншаний арван хэдэн жанжныг чулуугаар занчиж, дайсныг дийлсэн ёсоор баясгалантайяа найрлан суув. Тэндээс Сүн Жян олны зүг харж өгүүлрүүн: - Энэ Жан Чин нь юутай ийм хэцүү буй. Түүний хоёр Гүн Ван, Дин Дэсүнь хоёр бас хялбаргүй. Одоо дахин байлдваас сааргүй автагдахад хүрмүй хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Дүү би энэ өдөр түүний байлдах янзыг үзвээс, чулуу хэрэглэх нь маш бэрх. Олноор гэнэт дайран орж, завдал олгохгүй байлдваас эрхгүй дийлж болмуй. Одоо шарх олсон жанжин нарыг хүн нараар хүргүүлж ууландаа сувилуулъя. Лү Жишэн, Ү Сүн, Сүнь Ли, Хуаньсинь, Ли Ли та нар өвс тариа ачиж, их онгоцонд агуулж, энэ шөнө дүл Дунчан Фү хотын өмнө этгээдээр дайран чимээ тавьж өнгөрөгтүн хэмээгээд бас тэдний чихэнд ийн тийн аашлан хэмээн сурган хэлээд, тус тус илгээв.
Тэндээс Жан Чин маргааш гарч байлдмуй хэмээн дотроо их урамтайяа сууж байтал хол харуулын нэг цэрэг ирж мэдүүлрүүн: - Сая Сүн Жяний цэргийн хуарангаас их бага таван зуу илүү тариа бордоо ачсан онгоц, бас морь тэрэг өдий төдий авч, хэдхэн хүн явж баймуй хэмээсэнд тайшу, Жан Чин хоёр өгүүлрүүн: - Ляншаний хулгай нар булаан авсан тариа юмаа эртхэн ууландаа хүргүүлэх хэмээн сэмээр нуун явах нь болой. Одоо бодвоос их жанжин нар нь цөм шарх олж, үлдсэн хэд боловч, хоосон нэр тоо. Эднийг барьж, хулгайгаар булаан авсан юмыг бүрнээ авчирваас мөн сайн болмуй хэмээн хэлэлцэж, дахин цэргийн хүнийг илгээж, чухам ямар юм болохыг мэдэж ир хэмээн илгээсэнд, удсангүй ирж өгүүлрүүн: - Цөм будаа, тариа, өөр юм үгүй хэмээсэнд тайшу өгүүлрүүн: - Чухам энэ цагийг завдаж, тэрхүү арвин тариа бордоо олж ирвээс, Ляншаний өчүүхэн хулгай нар цөм идэх хэрэглэх юмгүй тул, өөрсдөө сарниж тархах болмуй хэмээн зөвлөж, бүгдээр баярлан, даруй цаазыг тархааж, Жан Чин нэг мянган цэрэг дагуулж хотын хаалгаар довтлон гарч ирвээс, сар маш саруул арваны газар явсангүй, нэг усны захад хүрвээс үлэмж олон онгоц явж байхад, Жан Чин яаран чулуугаа авч, онгоцны тэргүүнд явсан хүнийг цохисонд Лү Жишэнь санаандгүй явтал нэг чулуу нүүрийг онож цус гарав.
Үүнд Ү Сүн яаран хоёр сэлмээ барьж дайран орж байлдахын завсар Лү Жишэнь тэнхрэн босч, Жан Чингийн цэрэг зэргээр ирж нэлээд олон онгоц тариа бордоо булаан авч хотноо оруулсанд, Жан Чин цэргээ авч хотдоо ирээд үзвээс, цөм будаа ажгуу. Үүнд ихэд баясч, тайшу лугаа зөвлөж, Ляншаний мунхаг хулгай нарыг энэхүү дарагдсаныг завдаж дахин очиж үлдсэнийг бүрнээ булаан авчирмуй хэмээн бага архи будаа идээд, даруй хуучин ёсоор цэргээ авч, хотын өмнө хаалгаар гарч ирээд урьдын явсан зүгээр явтал тэнд голын захад хүрч, олон цэрэгт тушааж, гэнэт хашхиран дайран орох гэтэл, саруул сарны гэрэл гэнэт бүрхэж, их харанхуй будан татаж, морины толгой харагдахгүй болж, дөрвөн зүгийг таних болон толгой эргэж, нүд эрээлжлэн, ухаан балартах мэт болов. Энэ нь Гүн Сүньшэн тарни уншиж увдисаар ийм болгосон ажгуу. Жан Чин дотор нь манарч, аль зүг явахыг мэдэх морин толгой хандсан тийш дэмий явсаар усанд хэдүйн бэлдсэн Жан Шүнь, Янжи, Руань овгийн ах дүү гурав Жан Чинийг барьж, хоёр гарыг ард хүлж, хуарангийн зүг авч явав. Жан Чинийг олж баригдсан мэдээг Сүн Жян, Ү Юн нар сонсож, даруй цэрэг авч, Дунчан Фү хотын дотор орсонд, тайшу түшмэл айн, тамгаа авч дутаан одов. Сүн Жян доорхи дарга нарт тушааж, даруй хүү сангийн хаалгыг эвдэж тэдний саяны булаан ирсэн тариа ба санд агуулсан аливаа мөнгө, торго, үр тариа, будаа, зүйл бүрийн эд агуурсыг бүрнээ хураан авч, хотын дотор хадгалсан тэрэг морь үхрийг авчирч бүрнээ ачаад, голын хөвөөнд хүрч, онгоц хуурай зам хоёр талаар хуваан явуулж Лян Шаньдаа илгээв. Хотын дотор хүн илгээж “Олон иргэнийг хорлохгүй, бүү ийш тийш зайлагтун хэмээгээд, бас тайшу түшмэл энгийн цагт доордост асрамжтай тул, түүний биеийг эрж алахыг хэрэгсэхгүй. Одоо хот хэрмээ батлан сахиж суутугай хэмээн бичиг наав.
Тэндээс хуарандаа буцаж, гол цацарт суусны хойно, олон дарга нар Жан Чинийг түлхэлж, асрын дотор авчирсанд олон хүн цөм үүний гарт шарх олсонд шүд зуун, нүд бүлтийж, бүгдээр уурлаж даруй өшөөгөө авъя гэтэл, олны өмнөөс Хуа хуушаан, Лү Жишэнь мөн өөрөө шарх олсон хүн тул, ихэд уурлаж урагш давшин, нударга далайн ирж, сая занчих хэмээсэнд Сүн Жян зандран эгүүлж, өөрийн биеэр дорогш бууж, ирээд, Жан Чиний хүлээсийг тайлж, барсын сүрт их жанжин санаа талбиж суугтун. Манай этгээдийн хүн нар жанжны чулуунд оногдож шарх олсон боловч, дийлэх дийлдэх нь цэргийн үүрд тогтсон хууль болой. Аливаа жанжин цэрэг цөм гавъяа нэрийн тул байлдмуй.
Үүнд харилцан өшөө санаж болохгүй. Харин манай цэргүүд ёсыг мэдэхгүй тул жанжныг хүлчихүй. Та бүү муу санагтун хэмээн эелдэг уран үгээр ятган хэлэхэд, Жан Чин эдгээр үгэнд их л урамшиж сэтгэрүүн: “Сүн Жян намайг зүй нь алваас зохих атал харин уучилж энэ зэргийн үг хэлэхийг үзвээс Сүн Жянийг хүн журамтай сайн, сэтгэл зөөлөн хэмээн хэлэлцдэг үнэн аж хэмээн бодоод, даруй сөгдөн мөргөж, яаран хоёр гараас түшин босгож, сандалд сууж, Жан Чин дахин олны зүг гар өргөн ёсолж өгүүлрүүн: - Мунхаг Жан Чин би тайшу сайдын гар доорхи захирагдаж, нэгэн Фү хотын олон иргэнд халх болж, цэргийг захирах, иргэний гэр биеийг хамгаалсан тушаалыг хүлээсэнд, улсын төлөөнөө гавъяа бүтээхийг эрхэлж, байлдах цагт дараагаар олон жанжныг занчсан нь чухам миний өөрийн гэр биений учир бусыг олон жанжин дарга нар өршөөн үзэж, над муу санахыг зогсохыг гуймуй хэмээхэд Сүн Жян, Ү Юн нар Жан Чинийг маш зүйтэй шударга эр мөн хэмээн магтаж, олноор өгүүлрүүн: - Эрхэм жанжин манай Лян Шань уулын бага мунхаг биднийг муу хэмээн эс жигшвээс эрхэм өршөөлийг үзүүлж, эрт орой нэгэн хамт аж төрөхийг хүсмүй хэмээсэнд Жан Чин өгүүлрүүн: - Танай олон бүгдээр доорд намайг хүмүүнд үзэж өршөөн тэжээх хэмээхэд: - би мөн дуртайяа дагамуй хэмээсэнд олноор их баяр хэмээн даруй хурим бэлтгэж, хуучин удаагаар их найрлах өдөр тогтож, ууландаа буцахыг зөвлөсөнд Жан Чин Сүн Жян д өгүүлрүүн: - Эдүгээ Дунчан Фүд нэгэн мал адгуусны өвчин эмгэгийг засдаг сайн аргатай хүмүүн буй.
Над лугаа ямагт зузаан танил. Миний тэр нөхрийг олж уулнаа аваачваас мөн сайн билээ хэмээсэнд олноор өгүүлрүүн: - Манай ууланд бусад зүйл цөм бүрджүхүй. Гагцхүү ийм хүн үгүй тул, залж ирвээс зохимуй. Нэр нь хэн, хаана суумуй хэмээсэнд Жан Чин өгүүлрүүн: - Овог Хуан, нэр Пудуань. Морины сайн мууг шинжиж чадмуй. Нүдний цөцгий нь шар, сахал нь хүрэн. Үүнийг хүн “Хүрэн сахалт авгай” хэмээмүй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Энэ хүнийг олвоос мөн эрхэм тул, дүү энэ удаа очиж, тэр хүнийг гэр тэрэгний хамт авчирч ууланд авч одвоос сайн хэмээсэнд Жан Чин очиж, тэр хүнийг залж ирээд, бүгдээр нийлж Лян Шань ууланд очив. Олон дарга нар ууланд чуулж, их харшид суусны хойно Сүн Жян өгүүлрүүн: - Манай тэргүүлэгч дарга нар цөм нийлж, нэг зуун найман тоонд гүйцэв. Сүн Жян надад олон нөхдөд зөвлөн хэлэх нэгэн чухал хэрэг буй хэмээсэнд Ү Юн, Лү Жюнь И нар өгүүлрүүн: - Ахад үг буй болбоос хэлэгтүн хэмээв. Сүн Жян ямар үг хэлэхийг дараахи бүлэгт үзмүү.
Сэтгэгдэл ( 1 )
даоаагийн бүлгүүд нь хэзээ орох вэ?