Ипотекийн зээлийн хөтөлбөрийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах байр суурийг илэрхийлж байна.
“Энэхүү хөтөлбөрийг анх хэрэгжиж эхэлснээс хойш 95 мянга гаруй хүн хамрагдаж орон сууцтай болсон байна. Хүүг бууруулж 6% болгосноос хойш л гэхэд 6,288 өрхөд 457.2 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Ипотекийн хөнгөлттэй зээлийн хөтөлбөр нь дундаж орлоготой өрхүүдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, агаар, орчны бохирдол болон орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг бууруулах зэрэг бидэнд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх олон талын ач холбогдолтой. Гэхдээ хөнгөлөлттэй санхүүжилт учир Төв банкны мөнгөний бодлогын зорилттой нийцдэггүй. Тиймээс үндсэн чиглэлийн төсөлд тусгаснаар Монголбанк ипотекийн зээлиййн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэхээр төлөвлөж байна.
Засгийн газрын хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хугацаанд Засгийн газар, Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр зээлийг шийдвэрлэнэ гэсэн үг. Нийгмийн олон талын ач холбогдолтой хөтөлбөр учир тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хүртэлх хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх нь зүйтэй гэж төв банк үзэж буй юм. Урт хугацаандаа олон улсын жишигт нийцсэн тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь илүү чухал.
Мөн ирэх жил ₮10 их наядын хөтөлбөрийн хүрээнд гарч буй ажлын байр, хөдөө аж ахуйг дэмжих, репо санхүүжилтийн зээл болон бусад төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн хяналтыг үргэлжлүүлж, Засгийн газартай уялдаа холбоотой ажиллана” гэв.
Сэтгэгдэл ( 0 )