Дарханы замын ажлыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 21

Дархан-Улаанбаатар хоорондын автозамын асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өглөө. Ажлын явцыг эрчимжүүлэхийн тулд салбарын сайд 14 хоног тутам газар дээр нь очиж ажиллаж байгаа гэв. Гэрээний дагуу ажлын нийт гүйцэтгэл 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр дуусах төлөвлөлттэй ч яамны зүгээс 2022 оны аравдугаар сарын 30-ны өдөр замын хучилтын ажлыг дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөөд гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй нийт төслийн хэрэгжилтэд холбогдох талууд анхаарч, хамтын ажиллагаагаа нягтруулах шаардлага бий гэдгийг хэлж байв. Мөн тэрбээр II болон IV багцын ажлын гүйцэтгэгчийн гэрээ цуцлагдаж, дахин сонгон шалгаруулалт зарлах болсон шалтгааны талаар тодруулж, хариулт авсан.

Дээрх багцуудын ажлыг нэг компани авсан байсан ч анх ажлын өртөгөө маш багаар төлөвлөж оруулж ирсэн, улмаар гүйцэтгэлийн шатанд тодорхой шалтаг, шалтгаан хэлж ажил хийхгүй хугацаа удсан тул манай талаас Азийн хөгжлийн банканд хүсэлт гаргаж, гэрээ цуцлах асуудлыг хөндсөн гэв. Ийнхүү эл үйл явц дөрвөн сар хэртэй үргэлжилсний эцэст дараагийн сонгон шалгаруулалтаа зарлах боломжтой болсон байна. Г.Дамдинням гишүүн замын гүйцэтгэлийн ажлын сонгон шалгаруулалтын талаар баримт, шүүмжлэл хэлж, үүнээс учрах хохирлыг хэн хариуцах талаар тодруулсан. Мөн гурван жил үргэлжилж буй энэ бүтээн байгуулалтын ажлын явцын талаар лавлав. Нийт ажил 40 орчим хувийн хоцрогдолтой байгаа талаарх мэдээллийг тэрбээр дурдаад III багцын ажлын саатлын талаар тодруулахад бороо орсон гэх шалтгаан хэлдэг болохыг дурдаж, тодруулга авсан. Ажил гүйцэтгэх компаниудыг Азийн хөгжлийн банкны дүрэм, журмын дагуу явагддаг бөгөөд энэ дагуу салбарын яаманд Үнэлгээний хороо байгуулагдан, ажилладаг гэв. Үүний зэрэгцээ Азийн хөгжлийн банкны зөвлөх ажилладаг байна. Үнэлгээний хороо шалгаруулалтын дүн, мэдээг Азийн хөгжлийн банк руу илгээж, тэндээс хянаж, хүлээн зөвшөөрснөөр гэрээ байгуулдаг гэлээ.

 Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төсөл”-ийн багийг яам зохион байгуулаагүй улмаас төслийн ажил, санхүүжилт гацаад байгаа гэдгийг Х.Булгантуяа гишүүн хэлээд, энэ талаар Л.Халтар сайдаас тодруулга хийлээ. Тус төслийн 24 сая ам.долларын санхүүжилт батлагдсан байгаа бөгөөд 11.7 сая ам.долларын урьдчилгааг гүйцэтгэгчдэд олгосон бол 7.9 ам.долларын санхүүжилтийг олгоод байгаа, үлдсэн 4.5 сая ам.долларын санхүүжилт гацсан гэх мэдээллийг ажлын хэсэг өгсөн. Нийт төслийн бодит гүйцэтгэл 41.31 хувьтай байгаа юм байна.

 Гурван жил үргэлжилж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц нь төрийн ажлын хангалтгүй төлөвлөлт, гүйцэтгэлийн тод жишээ болж, үүнээс нь үүдэн иргэд, аж ахуйн нэгж, бизнесүүд шууд болон шууд бусаар асар их хохирч байгааг О.Цогтгэрэл гишүүн хэлж, энэ талаарх тооцоо, судалгаа бий эсэхийг асууж, үүний хариуцлагыг хэн хүлээх талаар тодруулсан юм. Олон улсын чанартай энэхүү сонгон шалгаруулалтад дотоодын компаниуд оролцоход шалгуурыг хангадаггүй учраас гадны компаниуд түлхүү оролцдог, шалгарсан гадны компаниуд зарим төрлийн асуудал үүсгэдэг гэх тайлбарыг салбарын сайд хэллээ. Гаднын компанийн ажилтнууд цар тахлын улмаас ирж чадаагүй гэх шалтгааныг мөн хэлж байв.

Дархан-Улаанбаатар хоорондын авто замын асуудлаар мэдээлэл сонсох тухай асуулт тавьсан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтаар шинээр нэмэх хоёр эгнээ авто замын ажлыг эрчимжүүлж, цар тахлын нөлөөг тооцсон төлөвлөлт гаргах шаардлагатай байгааг  салбарын яамны хамт олонд санууллаа. Мөн тэрбээр уг ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг байгуулах саналыг гаргасан юм. Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар эл саналыг хүлээн авч, дээрх авто замын бүтээн байгуулалтын асуудлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулан, тэр хүрээндээ тодорхой асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих нь зүйтэй гэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top