ДУБАЙ ЭКСПО: АНЭУ-ын угсаа залгамжлах ханхүү Монголын павильонд зочилжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 21

Арабын Нэгдсэн Эмирт Улсын (АНЭУ) Дубай хотноо  “ДУБАЙ ЭКСПО 2020” арга хэмжээ  “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” уриатайгаар зохион байгуулагдаж буй билээ. Уг экспод Монгол Улс оролцож байгаа. Тэгвэл Арабын Нэгдсэн Эмирт Улсын Угсаа залгамжлах ханхүү Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум тус экспод оролцож буй манай улсын павильоноор зочилсон байна.

Монголын павильоноор зочлох үеэр павильоны дарга, МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга павильонд байршсан Монголын Үндэсний музейн үзмэрүүд, Монгол Улсын номын сангийн бүтээл, идлэг шонхорын баримал болон хүннү загварын шатрыг танилцуулж,  дурсгалын бэлэг гардуулжээ.

Арабын Нэгдсэн Эмирт Улсын Угсаа залгамжлах ханхүү Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум  2019 онд Монголд амрахаар ирж байсан билээ.

“ДУБАЙ ЭКСПО 2020” арга хэмжээ энэ сарын 1-нээс эхлэн 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт зургаан  сарын туршид үргэлжлэх юм. Экспогийн хүрээнд  438 га талбайг хамарч, 191 улс өөрийн улс орноо дэлхий дахинд сурталчлан, таниулан оролцож байгаа. Энэ хугацаанд арга хэмжээг 25 сая хүн үзэж, сонирхоно гэсэн тооцоолол бий.

Монгол Улсаас тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, хамтран зохион байгуулагчаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Үндэсний Музей, Монголын Үндэсний Номын сан, Зэв дижитал нүүдлийн музей зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Үзэсгэлэнгийн үеэр 2021 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр ”Монголын Үндэсний Өдөрлөг” зохион байгуулагдана. Тус өдөрлөгийн үеэр хоёр улсын бизнес форум, худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр олон талт үйл ажиллагаа явагдах юм. Мөн соёл урлагийн тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулах болон зохион байгуулагчдын зүгээс Улаанбаатар-Дубайн чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж буй.

Манай улсын хувьд “ДУБАЙ ЭКСПО 2020”-ийн ерөнхий сэдвийн хүрээнд өөрийн Павильоныг тохижуулж, гадаад харилцаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, байгаль орчин, байгаль цаг уурын өвөрмөц онцлог, зан заншил, уламжлалт ёс, түүх дурсгал, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, урлаг, соёл, спорт, үндэсний үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүний дээжийг танилцуулах зэргээр улсаа сурталчилж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top