Дэлхийн банкны дэд ерөнхийлөгчтэй цахим уулзалт хийлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 23

Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр /2021.10.22/  Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд хариуцсан Дэд ерөнхийлөгч хатагтай Мануело Феротой цахимаар уулзалт хийжээ.  Хатагтай Феро Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа цар тахлын эсрэг эрүүл мэндийн салбараа хамгаалах, эдийн засгаа сэргээх арга хэмжээнүүдийг шуурхай, вакцинжуулалтын түвшин өндөр байгааг онцлон тэмдэглэж, цаашид КОВИД-19 цар тахлын хүндрэлийг даван туулахад  Дэлхийн банкны зүгээс бүхий л дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс Дэлхийн банкны группын гишүүнээр 1991 онд элсэн орсноос хойш өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Дэлхийн банк үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдаж, итгэлтэй түнш болохыг цохон тэмдэглэжээ. Мөн түүнчлэн уулзалтаар ирэх оны төсвийн төсөөлөл, төлөвлөж буй шинэчлэл, эдийн засгийг дэмжих арга хэмжээний талаар талууд санал солилцсон байна.

Хатагтай Ферро нь 1994 оноос Дэлхийн банканд Өмнөд Ази, Африк, Европ болон Өмнөд Америк, Ойрх дорнодын бүс нутаг дахь ядуурлыг бууруулах, хямралын дараах эдийн засгийн сэргэлт, хөгжлийн бодлогын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр эдийн засгийн ухааны доктор бөгөөд 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Зүүн Ази, Номхон далайн орнууд хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top