2022 онд Төрөөс баримтлах Мөнгөний бодлогын төсөлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг ирэх долоо хоногийн лхагва гараг хүртэл завсарлага авсныг мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын дарга завсарлагын хугацаа дуусмагц Эдийн засгийн байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах бөгөөд анхны хэлэлцүүлгийг явуулахдаа дараах асуудлуудыг анхаарах чиглэл өглөө.
Тухайлбал, мөнгөний бодлого төсвийн бодлогыг уялдуулах, инфляц онилсон мөнгөний бодлого төлөвлөлтийг өөрчлөх, банкуудын IPO хийх үйл явцыг Монголбанк хүнд суртал гаргахгүйгээр шуурхай зохион байгуулах, дэмжлэг үзүүлэхэд анхаарах шаардлагатайг чиглэл болгов.
Мөн төсөв мөнгөний бодлогыг уялуулж, тансаг хэрэглээний гэх зэрэг зарим төрлийн татварыг нэмэгдүүлэх замаар зорилтот бүлэг, иргэдийн орлого, амьжиргааг дэмжиж, хамгаалан, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, мөнгө хүүлэх сэтгэлгээнээс салж, хөрөнгө оруулалтыг дэмжин, зээлийн хүүг бууруулж, үйлдвэрлэгч орон болох чиглэлд бодлогын зорилт, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхийг чиглэл болголоо.
“Улсын Их Хурлаас явуулсан бодлого, зохицуулалтын үр дүнд цар тахлын нөхцөлд зээлийн хүү буурлаа. Үйлдвэрлэгч орон болох зорилгоор үйлдвэрлэл, худалдааны бодлого, төлөвлөлт хариуцсан шинэ яам байгуулахаар асуудлыг хэлэлцэж байна” хэмээн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэллээ.
Арилжааны банкуудын IPO хийх төлөвлөлтийн талаарх асуултад Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хариулахдаа, энэ оны арваннэгдүгээр сард эхний банк IPO хийхээр төлөвлөсөн бөгөөд томоохон банкууд ирэх оны 5-6 дугаар саруудад төлөвлөсөн байгаа. Нийт 11 банкны төлөвлөгөөг хүлээн авч, хянаад байгаа. Нийт дүрмийн сангийнхаа 5-15 хувийг олон нийтэд нээлттэйгээр санал болгох буюу 500-700 тэрбум төгрөгийг босгох төлөвлөгөөг ирүүлээд байгаа гэв.
Сэтгэгдэл ( 0 )