Энэ сард 25.050 тонн АИ-92 бензин импортолжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25


УУХҮЯ-наас АИ-92 автобензиний хангамж, түгээлтийн талаар дараах мэдээллийг өгч байна.

ОХУ-аас Ангарскийн ГТБҮ-ийн үйлчилгээ, засварын ажил удааширснаар манай улсад нийлүүлэх Аи-92 автобензиний нийлүүлэлт 2021 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс багассан.

ОХУ-ын Роснефть НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54.880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20.000 тонн АИ-92 автобензин аравдугаар сард импортлохоор төлөвлөн ажиллаж байна. Үүнээс аравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар ОХУ-аас 12.800 тонн, БНХАУ-аас 12.250 тонн, нийт 25.050 тонн АИ-92 автобензин импортлоод байна.

​Ангарскийн ГТБҮ-ийн үйл ажиллагаа аравдугаар сарын 17-ноос эхлэн тогтворжиж хоногт 17-55 вагон буюу 1000-3300 тн АИ-92 автобензины ачилтыг хийж эхлээд байна. Мөн Хөх хотын ГТБҮ-ээс 25-наас эхлэн 7700 тонн АИ-92 автобензины ачилтыг хийнэ.

​Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 автобензины түгээлтийг шуурхай хийж байна.

Тухайлбал, аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд
 

  • НИК, Тэс петролеум, Шунхлай, Газ-Ойл, Ундрага Увс зэрэг ААН-үүд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудад 335 тонн, Зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 автобензин ачуулан түгээлтийг хийсэн.
     
  • НИК, Сод монгол ХХК-нууд нь Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт долоон вагон цистерн буюу 420 тонн АИ-92 автобензины түгээлтийг хийж эхэлсэн.

​Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж эхэлж байгаа бөгөөд УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг орон нутагт АИ-92 автобензины хангамж, түгээлтийг сайжруулахаар зохион байгуулан ажиллаж байна.

​Монгол улсын АИ-92 автобензины хоногийн дундаж хэрэглэгээ 1330 тонн, Үүнээс Улаанбаатар хот-850 тонн, Хангайн болон Төвийн бүс-265 тонн, Баруун болон Зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг гэсэн мэдээллийг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top