Андрей Денисов: ОХУ БНХАУ руу нийлүүлэх нүүрсний экспортоо нэмэгдүүлэхэд бэлэн

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 26

Москва Хятад улсад нийлүүлэх чулуужсан түлшний хэмжээгээ нэмэгдүүлэх талаар Бээжинтэй хэлэлцээ хийж байгаа тухай “RT” агентлаг мэдээлжээ.

БНХАУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Денисов ОХУ нүүрсний экспортоо нэмэгдүүлэх тал дээр  хамтран ажиллахад бэлэн байгаа ч тээврийн асуудал саад болж магадгүй  байгаа талаар онцолсон байна. Тэрбээр  “Хятадын эдийн засаг цар тахлын хямралаас нэлээд хурдацтай сэргэж байгаа ч урьдчилан тооцоолоогүй бэрхшээлүүд тулгарсаар байна. Өвлийн улирал эхлэх гэж буйтай холбоотойгоор Хятадын  зүүн хойд хэсэг эрчим хүчний хомсдолтой тулгарч магадгүй байна. Тиймээс  бидний зүгээс нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх  сонирхолтой байгаа бөгөөд энэ тал дээр анхаарч үзэхийг БНХАУ-ын холбогдох албанаас хүссэн.

Манай тал нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд бэлэн. ОХУ нүүрсээс гадна  байгалийн хийн экспортоо ч нэмэх бүрэн боломжтой. Өнгөрсөн жил бид “Сибирийн хүч” хийн хоолойгоор туршилтын журмаар таван тэрбум шоо метр хий нийлүүлсэн. Харин энэ жил бид бүх хүчин чадлаараа буюу 10 тэрбум шоо метр хий нийлүүлэх бүрэн боломжтой” гэжээ.  Гэхдээ ОХУ-ын эрх баригчдад нийлүүлэлтийг нэмэгдүүлэх сонирхол байгаа ч тодорхой асуудлууд байсаар байгаа аж. Энэ талаар Андрей Денисов “Энэ бол Засгийн газрын  гэхээсээ илүү уул уурхай, тээвэрлэгч компаниудын асуудал юм. Бидэнд тулгараад байгаа зарим хүндрэлүүд нь тоо хэмжээгээр биш, харин хилийн боомтуудын тээврийн хүчин чадал, тоног төхөөрөмжтэй холбоотой” гэжээ. Халдвар хамгаалалтын хяналтыг чангатгасантай холбоотойгоор хил дамнасан автозамын ачаа тээвэрлэлт ихээхэн хүндрэлтэй байгаа юм. 

Цар тахал дэгдэхээс өмнө ОХУ, БНХАУ-ын хилийн боомтоор нэг дор 120 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол өдгөө 40-д хүрчээ. Шинээр баригдсан ОХУ-ын Амар мужийн Благовещенск хотыг БНХАУ-ын Хэйхэ хоттой холбосон автомашины хил дамнасан гүүр болон  Нижнеленинское-Тунцзян боомт дахь төмөр замын гүүр нь ачаа тээврийн урсгалыг хөнгөвчлөх боломжтой гэдгийг Денисов онцолсон байна. Гэвч одоогоор гүүрэн гарцын аль аль нь ашиглалтад ороогүй байгаа юм. Благовещенскийг Хэйхэ хоттой холбосон автомашины хил дамнасан гүүрийн барилгын ажил 2016 онд эхэлж, 2019 оны арванхоёрдугаар сард дуусжээ.  “Коронавирусний цар тахал дэгдэж, улсын хилийг хаагаагүй байсан бол хил дамнасан гүүрийг зөвшөөрөл олгогдсоны дараа ашиглалтад оруулах байсан. Гэсэн хэдий ч дэлхий дахинд цар тахлын хүндхэн нөхцөл байдал үүсээд байгаа учир хязгаарлалтууд цуцлагдсаны дараа л хил дамнасан гүүрийг ашиглалтанд оруулна” хэмээн ОХУ-ын Алс Дорнод, Арктикийн хөгжлийн яамнаас мэдээлсэн билээ. Благовещенск-Хэйхэ хил дамнасан гүүрийн зорчигчдын урсгал жилд гурван сая орчим хүн, харин ачааны урсгал нь ойролцоогоор зургаан сая тонн буюу 300 мянга орчим автомашин байх аж. Оросын талаас 14 тэрбум рубль, Хятадын талаас 5.2 тэрбум юань гаргасан бөгөөд гүүрний дийлэнх буюу 13.4 километр нь Оросын нутаг дээгүүр, 6.5 километр нь Хятадын газар нутаг дээгүүр тавигдсан байна.

Харин Тунцзян-Нижнелененинское гүүр нь  Хятадын алс зүүн хойд Хэйлунцян мужийн Тонгжян хотыг, Амур мөрний эрэг дагуу ОХУ-ын хил залгаа Нижнеленинское хоттой холбож байгаа юм. Ингэснээр Хятадын зүүн хойд төмөр замын сүлжээг Оросын Сибирийн төмөр замтай холбох боломжтой болж байгаа юм. Гүүрний урт нь 2215 метр бөгөөд долоон жилийн турш барьжээ. Хоёр улс 2014 оны хоёрдугаар сард гүүрний барилгын суурийг тавих ёслолыг зохион байгуулж байсан. Гүүрний барилгын ажил 2019 онд дууссан бөгөөд замын сүүлийн хэсгийг  өнгөрсөн наймдугаар сарын 17-нд тавьж дуусгажээ. Гүүрний дийлэнх буюу 1886 метр нь Хятадын талд байрлаж байна. Хятадын үндэсний радиогийн мэдээлснээр, гүүр ашиглалтад орсноор Хятадын Хэйлунцян мужаас Тунцзян хотоор дамжин Москва хүртэлх төмөр замын тээврийн зайг 809 километрээр богиносгосноор, тээвэрлэлтийн хугацааг 10 цагаар багасгах ба уг гүүр нь жилд 21 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой гэнэ.

Денисов “Манай хоёр тал  энэ хоёр гүүрэн гарцыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж байгаа. Төмөр замын гүүр нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ" гэжээ. БНХАУ-ын зүүн хойд хэсэгт орших хэд хэдэн мужийн эрх баригчид есдүгээр сарын дунд үеэс эхлэн цахилгааны хомсдолтой нүүр тулсаар байгаа юм.  Цахилгаанаа таслахгүйн  тулд Хятадын 20 муж өнгөрсөн сараас хойш аж үйлдвэрийн аж ахуйн нэгж, айл өрхүүдийн цахилгааны хэрэглээнд хязгаарлалт хийсээр байгаа юм. БНХАУ-ын  нүүрсний импорт өнгөрсөн есдүгээр сард л гэхэд  жилийн дүнгээр 76 хувиар өсөж, 32.88 сая тоннд хүрчээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top