“Эрхэт Монгол” групп “Нэгдсэн менежментийн тогтолцоо”-г нэвтрүүлж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

Өндөр бүтээмжтэйгээр өргөжин тэлж буй групп, компаниудын алсын хараа далайцтай, зорилго нь том байдаг. Тийм аж ахуй нэгжүүдийн амжилтад хүрсэн гол түлхүүр нь “Нэгдсэн менежментийн тогтолцоо”-гоо төгөлдөршүүлсэнд оршдог байна. Тиймээс ч олон улсын үндэстэн дамнасан корпорациуд, дотоодын толгой бизнесийн группын үйл ажиллагаандаа баримталдаг үндсэн суурь зарчим нь өөрт тохирсон менежментийн тогтолцоог сонгон хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулсаар ирсэн.

Өөрөөр хэлбэл, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагаагаа илүү өндөр зохион байгуулалтаар хангах үйл явцыг бизнесийн томоохон аж ахуй нэгжүүд эрхэмлэх болжээ.

Энэ  бүхний нэгэн илрэл бол “Эрхэт Монгол” групп өөрийн үйл ажиллагаандаа “Нэгдсэн менежментийн тогтолцоо”-г нэвтрүүлэх шат дараалласан алхмуудаа амжилттай хэрэгжүүлсээр байгаа явдал юм. Тухайлбал, тус группын “Хүний нөөцийн хэлтэс”-ээс “Изо органик стандарт академи”-тай хамтран удирдлага, албан хаагчдынхаа дунд энэ сарын 4-6-ны өдрүүдэд “Чанарын менежментийн тогтолцоо”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо”, “Удирдлагын тогтолцоонд аудит явуулах заавар”, “Цар тахлын үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны менежментийн стандарт” зэрэг сургалтуудыг “Continential hotel”-д амжилттай зохион байгууллаа.

Х.Мандахбаяр: Олон улсын ISO стандарт, төслийн удирдлагын PМBOK  стандартыг үе шаттайгаар нэвтрүүлж эхлээд байна

Сургалтын үеэр “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ын дарга Х.Мандахбаяраас сэтгэгдлийг нь сонслоо.

-Тэрбээр “Манай групп Олон улсын ISO стандарт, төслийн удирдлагын PMBOK стандартыг өнгөрөгч зургаадугаар сараас эхлэн үе шаттайгаар нэвтрүүлж эхлээд байна. Энэ удаад бид “Мега вүүд” ХХК-тай хамтран үүсгэн байгуулж буй “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-даа нэвтрүүлж буй ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо, ISO 19011:2016 удирдлагын тогтолцоонд аудит явуулах заавар, ISO 45005:2020  Цар тахлын үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны менежментийн стандарт гэсэн “Нэгдсэн менежментийн тогтолцоо”-ны анхан шатны баримт бичгүүдээ хүлээж авлаа.

Мөн группийн 50 гаруй удирдах ажилтан, албан хаагчидтайгаа хамт “Менежментийн тогтолцооны дотоод аудитор”-ын гурван өдрийн 24 цагийн сургалтад суулаа. Группийн анхны 20 дотоод аудитор маань баталгаажсан сертификатаа гардаж авав. Цаашид “Эрхэт Монгол” групп нийт охин компаниудын хэмжээнд үе шаттайгаар “Нэгдсэн менежментийн тогтолцоо”-г нэвтрүүлэхээр эрчимтэй ажиллаж байна. Бидэнтэй хамтран ажиллаж буй “Изо органик стандарт академи”-ийн хамт олонд талархал илэрхийлье” гэв.

“Нэгдсэн менежментийн тогтолцоо”-г үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хэрэглэгчдэд нийлүүлэх бүтээгдэхүүний чанар дээшилж, хамтран ажиллагч аж ахуйн нэгжүүдтэйгээ харилцан ашигтай ажиллах боломж нөхцөл нэмэгдэж, төдий чинээгээр ханган нийлүүлэлтийн үзүүлэлт өсөх зэрэг өргөн боломж бүрддэг аж. Түүнчлэн байгууллагын дотоод зохион байгуулалт сайжирч, бүх түвшний ажилтан, алба хаагчдын ёс зүй дээшилж, үр дүнд нь хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгддэг сайн талтай болохыг сургагч багш нар онцолж байсан юм. Иймээс ч “Эрхэт Монгол” групп өдөр тутмын үйл ажиллагаандаа “Нэгдсэн менежментийн тогтолцоо“-г “нутагшуулах” тал дээр онцгой анхаарч байгаа аж.

Энэ талаар группийн гүйцэтгэх захирал С.Мөнхзул “Манай групп ирэх онд 20 жилийн ойгоо угтана. Ойн хүрээнд 20 зорилтот ажлыг төлөвлөж, хийж эхэлсний нэг нь “Нэгдсэн менежментийн тогтолцоо”-г бүх салбарын охин компаниуддаа нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.

Сүүлийн хагас жилийн хугацаанд “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” дээрээ ISO 9001:2015, ISO 45001:2018 стан­дартын дагуу хэрэгжүүлэх “Нэгдсэн менежментийн тогтолцоо”-ны дотоод аудиторын сертификатаа гарын авлагын хамт хүлээн авлаа” гэсэн юм.

“ДОТООД АУДИТ БОЛ БАЙГУУЛЛАГЫН ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ САЙЖРУУЛАХ ХӨДӨЛГӨГЧ ГОЛ ХҮЧ НЬ БАЙДАГ”

Дээр дурдсан ISO стандартуудыг нэвтрүүлэхэд нэн түрүүнд бэлтгэгдсэн хүний нөөц хамгийн чухал тавигдах нь мэдээж. Тиймээс ч “Эрхэт Монгол” групп хүний нөөцийн бодлогодоо онцгой анхаарч, ажилчдаа мэргэшүүлэх сургалтад хамруулж эхэлсэн нь сайн хэрэг. Орчин үед байгууллагын дархлааны систем нь дотоод аудит болсныг мэргэжилтнүүд онцолж буй.

Энэ тухай ойлголтын талаар сургагч багш Х.Рэгзэдмаа “Товчхондоо дотоод аудит нь байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах, тавьсан зорилгодоо хүрэхэд нь тусалдаг ба баталгаажуулалт зөвлөгөө өгөх үйлчилгээнээс бүрддэг. Дотоод аудиторууд нь өөрт ногдсон үүргээ гүйцэтгэхдээ компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтыг онцгой анхаарах ёстой. Энэ гурван зүйлийн үйл явц нь үр өгөөжтэй байна уу, зөв байна уу гэдгийг системтэйгээр үнэлж, байгууллагынхаа  ажлыг үргэлж сайжруулахын төлөө ажиллах хэрэгтэй. Үүний цаана байгууллагын үнэ цэн үргэлж өсөн нэмэгдэж байх учиртай.

Иймд дотоод аудит бол байгууллагын өөрөө өөрийгөө сайжруулах механизм буюу хөдөлгөгч хүч нь байдаг. Аливаа байгууллагын үр дүнтэй засаглалыг Төлөөлөн удирдах зөвлөл, дотоод аудит, гадаад аудит, гүйцэтгэх удирдлагаар нь хэмждэг. Дүгнээд хэлбэл, үр дүнтэй засаглалын үндсэн дөрвөн тулгуур баганын нэг нь дотоод аудит гэсэн үг” гэв. Ийнхүү барилга, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарыг өөртөө цогцлоосон “Эрхэт Монгол” групп өдөр тутмын үйл ажиллагаандаа Олон улсын стандарт, дэлхийн жишигт нийцсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлж эхэлснээ албан ёсоор зарлалаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top