Далд уурхайн зардлын аудит хийх компанийг оновчтой сонгох хэрэгтэй гэв

2021 оны 11 сарын 09

Оюутолгойн далд уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрсэн нь геотехникийн шалтгаан нөхцлүүдээс болоогүй,  “Рио Тинто”-гийн менежментийн алдаатай холбоотой гэсэн дүгнэлтийг хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн Тусгай хороо өнгөрсөн наймдугаар  сард гаргасан. Мөн зардлын нарийвчилсан аудит хийх нь зохимжтой гэсэн зөвлөмжийг Тусгай хорооноос гаргасан юм.

Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо хэлэхдээ “Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсантай холбогдуулж хөндлөнгийн аудит оруулах, цаашид менежментийг сайжруулж, хариуцлагатай ажиллуулах чиглэлээр дорвитой ажил хийгдэхгүй байгаа” гэсэн.

Гэхдээ зардлын аудит хийгдэхгүй байгаагаас үүдэж төслийн үйл ажиллагаа зогсоно гэсэн асуудал байхгүй, яриа хэлэлцээ үргэлжлээд явна гэдгийг хэлсэн. Мөн тэрбээр “Тодорхой шалгууруудын дагуу сонгогдсон аудитын компани шаардлагатай мэдээллүүдээ аваад, дүгнэлтээ тодорхой хугацааны дараа гаргана. Гэхдээ энэ бол амархан аудит биш. Нийт 5.3 тэрбум ам.долларыг яаж зарцуулав. Зарцуулалтууд хэр үндэслэлтэй байсан бэ. Хангалттай хэмжээний зардлын хяналт байсан уу гэдэг асуудал. Аудит хийх компанийг  оновчтой сонгох хэрэгтэй. “Рио Тинто”-гийн зүгээс аудитын дөрвөн том компаниас сонголтоо хийх хэрэгтэй гэсэн санал хэлж байгаа. Ер нь бол заавал  дөрвөн том аудитын компанийн нэг нь сонгогдож байж сайн аудит хийнэ гэсэн асуудал байхгүй” гэсэн юм.

Харин “Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир “Төслийн зардлын аудит гэдэг бол зөвхөн өнгөрсөнд гарсан зардлаас гадна одоо байгаа процессууд, хяналтын тогтолцоо зардал өсөлтийг хамгаалах, хянах хэмжээнд байна уу гэдгийг шалгадаг. Үүнийг шалгаж тогтоох нь бидний хувьд чухал. Төслийн менежмент гэдэг ойлголт манайд харьцангуй шинэ. Манайд  төслийн аудит хийх мэргэшсэн байгууллага байхгүй” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top