"Крипто валютыг зохицуулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

УИХ-аар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл эцэслэн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэл шинээр олон нийтэд койн (IEO) гаргах, арилжаанд шинээр оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарлаж, анхаарал тавьж ажиллахыг өнгөрсөн долоо хоногт холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон билээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.11.09) Монголын финтек, блокчейны зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан, тэдний санал, байр суурийг сонсож, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн гол агуулга, баримтлалтай танилцаж, санал бодлоо солилцлоо.

Өнөөдрийн уулзалтад крипто зах зээлд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа компани, аж ахуйн нэгжийн төлөөллөөс гадна Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун нар оролцож ажлаа танилцууллаа.
 


Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл батлагдахаас өмнө крипто валютын арилжааны платформуудаар дамжуулан нэр бүхий олон тооны койн гаргаж, иргэдээс их хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг татаж байгаа нь олон нийтийг хохироох, санхүүгийн луйвар, залилан зэрэг эдийн засгийн гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдал үүсч байгаа тул эрсдлийг яаралтай зогсоох, ард иргэдийг хохирлоос хамгаалах яаралтай арга хэмжээ авахыг санууллаа.

Крипто валютын зах зээлийг зохицуулсан хууль эрх зүйн орчин шаардлагатай байгаа гэдэгтэй бүгд санал нэгдлээ.
 


Шинэ тутам хөгжиж байгаа салбар учраас иргэдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, мэргэжлийн салбарт мэргэжлийн оролцогчдыг бэлтгэх зүй ёсны шаардлага тулгарч байгааг ч бүгд онцоллоо.

Ингэснээр иргэдийг санхүүгийн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж чадна гэж санал нэгдэв.

УИХ-аас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ хуулинд ерөнхий шаардлагыг тусгаж, харин нарийвчилсан асуудлуудыг мэргэжлийн холбоод нь хариуцаж, салбарын санал, дүгнэлтийг нэгдсэн байдлаар оруулж ирэх шаардлагатайг ярилцсан уулзалт боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top