“Эрхэт Монгол” групп, “Мегавүүд” ХХК-ийн зүгээс хамтран хэрэгжүүлж буй “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төсөл үндэсний компаниудын хамтын хүчээр, кластерийн зохион байгуулалтаар хөгжих эхлэлээ тавин анхны хөрөнгө оруулагчидтайгаа албан ёсоор гэрээгээ байгууллаа.
Өнөөдөр /2021.11.11/ “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” ХХК-д “Гоулд Констракшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Отгонбаяр 5 тэрбум төгрөг, “Цонх Констракшн” ХХК 1 тэрбум төгрөг, иргэн Н.Нарангэрэл 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хөрөнгөө төвлөрүүллээ. Төслийн хүрээнд 40 хүртэлх хөрөнгө оруулагчид оролцох боломжтойг төслийн удирдлагууд онцолж байлаа.
"Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн Дэд захирал Д.Дэлгэрсайхан: "Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” ХХК гурван үе шаттайгаар хөрөнгө оруулалт татах юм. Цаашид хөрөнгийн зах зээл дээр гарах бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангах хүрээнд, хөрөнгө оруулалтын нэгдүгээр шатны үйл ажиллагаа явагдаж байна. Өнөөдөр гурван харилцагч гэрээнд гарын үсэг зурж, анхны хөрөнгө оруулалтаа төвлөрүүлж байна. "Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” ХХК хөрөнгө оруулалтын хоёр болон гуравдугаар үе шатанд хөрөнгийн зах зээл дээр нээлттэй болон хаалттай байдлаар гарч, хөрөнгө татна. Хөрөнгө оруулалтын нэгдүгээр үе шатны тухайд тодотгоход, хөрөнгийн зах зээл дээр гарахаас өмнө анхдагч хөрөнгө оруулагч орж ирнэ гэдэг нь хувьцааны үнэ өсөхөөс өмнө хөрөнгө оруулчихаж байгаа маш ашигтай хөрөнгө оруулалт болж байгаа юм. Төслийн хөрөнгө оруулалтын хоёрдугаар үе шат 2022 онд, гуравдугаар үе шат 2023 онд төлөвлөгдсөн.” гэсэн юм.
Монголын барилгын салбарын үндэсний үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид хамтын хүчээр хөгжлийн үүдийг нээх чухал үйл ажиллагаанд ийнхүү гар, сэтгэл нийлэн нэгдэж буйг "Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төслийн удирдагч, “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр хэлж байлаа.
"Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төслийн удирдагч, “Эрхэт Монгол” группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр: "Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дууссан. Одоо худалдааны төвийн барилгыг өргөтгөх, нэмэлт ажил явагдаж байна. Бидний төлөвлөж байгаагаар 2022 оны тавдугаар сарын 1-нд энэ төвийн үйл ажиллагаа албан ёсоор олон нийтэд нээлттэй болно. Үүнээс өмнө 12 үйлдвэр шат дараалалтайгаар ашиглалтад орох, бараа материал татах гэхчлэн урьдчилсан ажлууд явагдана. Энэ төслийн үр дүнд парк ашиглалтад орж ажиллаж эхэлснээр нийтдээ 1200 ажлын байр бий болно. 1200 ажлын байрыг дагасан томоохон орон сууцны хотхон Хонхорын бүс нутагт бий болох юм. Үүнийг бид төслийн хүрээнд бүтээн байгуулна. Санхүүжилтийн эхний үе шаттай уялдуулаад харахад, "Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” төслийн хүрээнд худалдаа, үйлдвэрлэлийн салбар жилд 300 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийх юм. Нийтдээ 12 барилгын материалын үйлдвэр, 28 худалдааны компани энэ паркийг бүрдүүлнэ. Санхүүжилтийн нэгдүгээр үе шат буюу хөрөнгө оруулалтын нэгдүгээр үе шатанд барилгын салбарт ажиллаж байгаа, хөрөнгийн зах зээлд тоглогч болохыг хүсэж буй үндэсний компаниуд, хувь хүмүүс гэсэн 40 хөрөнгө оруулагч орж ирж байна. Хөрөнгө оруулалтын нэгдүгээр үе шатны үйл ажиллагаа 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 12-ны хооронд явагдана. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчдаа бүртгэж, гэрээ байгуулна. Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, ТУЗ-аа байгуулж, цаашлаад компанийн засаглалын зарчмаар хөгжиж явах юм."
“Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-нь Монгол Улсад анх удаа барилгын материалын 12 төрлийн үйлдвэр, агуулах, худалдааны төвийг цогцоор нь байгуулж, барилгын салбарт кластер үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлэн, үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна.
Уг төслийн бүтээн байгуулалтын ажил 90%-д хүрч, үйлдвэрийн барилгууд 100 хувь ашиглалтанд орсон. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр 1200 ажлын байр шинээр бий болж, жилд 300 тэрбум орчим төгрөгийн барилгын материал үйлдвэрлэх болон худалдан борлуулах боломж бүрдэнэ.
Хөрөнгө оруулагч “Гоулд Констракшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Отгонбаяр: Манай компани 2003 оноос хойш барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Барилга үйлдвэрлэлийн салбарт тулгардаг зовлон бэрхшээлийг манай компанийн зүгээс мэддэг, ойлгодог. Тийм ч учраас “Эрхэт Монгол” групп болон “Мегавүүд” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” төсөл үндэсний үйлдвэрлэлээ, үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаад талархаж байгаа. Энэ ч үүднээс уг төслийг маш их судалсан. Манай компани өмнө нь “Эрхэт Монгол” групптэй хамтарч ажиллаж байсан, маш найдвартай компани гэдгийг хэлэх нь зөв байх. “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төслийг сайн судалсны дээр бидний зорилго ижил учраас дэмжээд хөрөнгө оруулахаар шийдсэн. IPO гаргахаас өмнө оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдэг утгаараа үр өгөөжөө өндөр өгнө гэж үзэж байгаа. Ер нь импортлогч орны зовлон маш хэцүү. Тэгэхээр өөрсдөө импортыг орлосон барилгын материалаа үйлдэрлэх, бүтээх зорилготой паркийн үйл ажиллагааг их дэмжиж байгаа.”
Хөрөнгө оруулагч “Цонх констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал Р.Эрдэнэцэцэг: “Манай компани барилгын салбарт 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Бид цонх үйлдвэрлэлийн олон жилийн арвин их туршлагатай. “Эрхэт Монгол” групп, “Мегавүүд” ХХК компаниуд хамтраад “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” байгуулж байгаа талаарх мэдээллийг телевизээр үзсэн. Барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны том төсөл явуулж байгуулж байгааг нь хараад маш их таалагдсан. Тэгээд үүсгэн байгуулагчидтай уулзаж, бид хамтран ажиллах шийдвэрт хүрсэн. Ер нь бол барилгын салбарт маш олон үйлдвэр бий. Тэд хүч тарамдах биш нэгдээд нийлээд, хүчээ нэгтгээд ажиллах юм бол амжилтад хүрнэ гэдэг үүднээс бид энэ төслийг дэмжиж, хөрөнгө оруулж байна. Бид туршлагаараа энэ төсөлд орж ирж байна. Нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа юм.”
Үндэсний хэмжээний барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг нэгтгэсэн томоохон бүтцийг бий болгож, цаашлаад хамтын хүчээр хөрөнгийн зах зээлд хувьцаагаа санал болгох замаар, Монгол хүн бүр энэхүү том бүтээн байгуулалтаас үр өгөөжөө хүртэх боломжийг бүрдүүлэх нь энэхүү төслийн нийгэм, эдийн засагт үзүүлэх томоохон ач холбогдол юм.
Дашрамд дурдахад энэхүү төслийг хөрөнгийн зах зээл дээр андеррайтерийн болон зөвлөх үйлчилгээний үйлчилгээ үзүүлж буй мэргэжлийн байгууллагууд болох Өлзий энд Ко Капитал ҮЦК, болон Райнос Инвестмент ҮЦК-тай хамтран хэрэгжүүлж байна.
“Өлзий энд Ко капитал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Өлзийбаяр: “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төслийн санхүүжилт дээр нэг том онцлог байгаа. Ер нь манайд барилгын салбарт том бүтээн байгуулалт хийхдээ бүгд л банканд хандаж зээл авдаг. Гэтэл өнөөдөр банкны салбарын зээлийн үлдэгдлийг харахад 1.4 их наяд төгрөгийн зээл нь барилгын салбарынх байна. Хүү нь дунджаар 200-300 тэрбум төгрөг байгаа. Тэгэхээр би энд юу хэлэх гээд байна вэ гэхээр барилгын салбарт аливаа бүтээн байгуулалт хийхэд санхүүжилт нь банкны хүүтэй зээл байдаг, зээлийн хүүгийн дарамт ирдэг. Зээлийг өндөр хүүтэй төлж байгаа учраас, тэр нь эргээд орон сууцны үнэ өсөхөд нөлөөлдөг. Тэгвэл “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” төслийн санхүүжилтийн онцлог нь бүгдээрээ тал талаасаа нийлж, нэгдэж дундаасаа хөрөнгө оруулалт босгож, энэ том бүтээн байгуулалтыг хийх болсонд оршиж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлийн бололцоо, боломжийг ашиглаж, энэ том бүтээн байгуулалтыг хийж байгаагаараа онцлогтой. Ер нь бол “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-ийн төслийн IPO-д бэлтгэх анхан шатны ажлууд өнөөдрөөс эхлээд хийгдээд явж байна.”
“Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-д хөрөнгө оруулагчдыг 2021 оны 11-р сарын 11-нээс 12-р сарын 12 хүртэл бүртгэх юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
D.Delgersaikhan geh Biznes klaster grup geh kompani zahiral ajiltai LUIVARCHINGUUDIIN BULEGLEL