БНХАУ-ын “NORINCO International” групп “Эрдэнэс Монгол”-ын төслүүдийг сонирхов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Таван толгой-Ханги чиглэлийн авто замын төслийн концесс эзэмшигч “Тахилт хайрхан транс” ХХК-ийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын “NORINCO International” ХХК-ийн төлөөллүүд  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын захирал Б.Батмагнайтай уулзаж, хамтран ажиллах санал солилцсон байна.

“NORINCO International” ХХК нь алт, зэс, нүүрс, газрын тосны олборлолт, үйлдвэрлэл, дэд бүтцийн бүтээн байгуулалт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй уул уурхай түүнийг дагасан төслүүдэд хамтран ажиллах  сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Мөн хөрөнгө оруулагчаар ажиллаж буй Таван толгой-Ханги чиглэлийн авто замын төслийн явцыг танилцуулж зарим тулгамдсан асуудлуудын талаар санал солилцсон байна.

Монгол Улсын Их хурлын 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 73 дугаар тогтоолоор Тавантолгой нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд “Таван толгой–Ханги чиглэлийн авто замын төсөл”-ийг хэрэгжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүний дагуу “Тавантолгой – Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концессын гэрээ 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна. Уг авто замыг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бөгөөд ашиглалтад оруулсан өдрөөс хойш 27 жил ашиглана. Тавантолгойн уурхайгаас Дорноговь аймгийн Ханги боомт хүртэл 480 км хатуу хучилттай авто замаар жилд 22-25 сая тонн эрдэс баялгийн бүтээгдэхүүн тээвэрлэх хүчин чадалтай байх юм.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс төслийн явцтай танилцан замын хүчин чадалтай уялдуулаад Ханги хилийн боомтыг хөгжүүлэх, нэвтрүүлэх чадварыг сайжруулах, цаашид өсөн нэмэгдэх тээврийн хэрэгцээг хангахуйц тээвэр логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа талаар онцолжээ. Талууд уг боомтыг хөгжүүлснээр дан ганц эрдэс баялгийн бүтээгдэхүүн тээвэрлэх бус цаашид хоёр улсын хооронд экспорт импортыг дэмжих, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэхэд нэн чухал худалдааны шинэ гарц бий болно гэж үзэж байна. Ханги-Мандал боомтын өргөтгөлийн асуудлыг хоёр улсын Засгийн газрын түвшинд шийдвэрлэх тул холбогдох тооцоо судалгаанд үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-тай бүх талаар нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Вор(64.119.26.151) 2021 оны 11 сарын 15

Женко ард нь байдаг үндсэн салбар зэвсэг үйлдвэрлэлийн компани даа

0  |  0
Top