Пентагон үл таних нисдэг биет судлах тусгай албаа шинэчлэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

АНУ-ын Батлан хамгаалах яам /Пентагон/ үл таних нисдэг биет судлах тусгай албад бүтцийн өөрчлөлт хийсэн тухай Пентагоны хэвлэлийн албан мэдээлжээ.

Тусгай албыг өөрчилж, AOIMSG (Airborne Object Identification and Management Synchronization Group) нэртэй тасаг болгосон байна.

AOIMSG тасаг нь сонирхол татсан үл таних объектуудыг илрүүлэх, тодорхойлох, гарал үүслийг нь тогтоох зорилгоор Пентагон болон бусад яамдын үйл ажиллагааг зохицуулах үүрэг хүлээжээ. Түүнчлэн, нислэгийн аюулгүй байдал болон үндэсний аюулгүй байдалд учрах аюулыг үнэлэх зорилготой.

Пентагон агаарын орон зайд нэвтэрсэн аливаа таних, үл таних нисдэг объектуудын талаарх мэдээлэл онцгой ач холбогдол өгч, тохиолдол бүрийг судалдаг байна.

Өнгөрсөн зургаадугаар сард Конгрессын тамгын газраас нийтэлсэн тайланд АНУ-ын тагнуулын алба Америкийн цэргүүдийн урьд өмнө харж байсан үл таних нисдэг биетүүдийн гарал үүслийг одоогоор тодорхой тайлбарлаж чадаагүй байгаа тухай дурджээ. Тус баримтыг 2004 оны арваннэгдүгээр сараас 2021 оны гуравдугаар сарын хооронд бүртгэгдсэн 144 тохиолдлын мэдээлэл дээр тулгуурлан, бэлтгэжээ. Тайланд дурдсанаар, хэд хэдэн төрлийн үл таних үзэгдэл буйг таамаглаж байна. Вашингтон  эдгээр үзэгдлийг тав ангилсан байна. Тухайлбал, агаарын саад, агаар мандлын байгалийн үзэгдэл, Америкийн нууц боловсруулалтууд, гаднын системууд. Тав дахь ангилалд АНУ-ын тагнуулын алба бусад хувилбаруудыг оруулжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама АНУ-ын эрх баригчдад гарал үүсэл нь өнөө хэр тайлагдаагүй агаарын үзэгдлийг буулгасан гэрэл зургууд байдаг тухай “CBS” телевизэд ярьж байсан билээ. 2017 оны сүүлээр Пентагонд агаар, тэнгэр дэх ер бусын үзэгдлийн талаарх мэдээлэл цуглуулах, задлан шинжлэх нууц хөтөлбөр хэрэгжиж байсан нь ил болж байв. 2007-2012 оны хооронд энэ хөтөлбөрт зориулж 22 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ хөтөлбөрийн тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарсны дараа Пентагон Америкийн нисгэгчдийн үл таних нисдэг биетүүдтэй таарч байсныг гэрчлэх хэд хэдэн дүрс бичлэгийг нийтэд дэлгэж байв. Тухайн үед АНУ-ын Конгресс тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дуулиан дэгдээх дэвшилд хүрээгүй гэж мэдэгдэж байжээ.

Top